Хуульчдын холбоо анд нөхдийн холбоо болсон уу

250

Монголын хуульчдын холбооны V их хурал маргааш буюу 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдахаар болсон. Тус холбоонд 5383 хуульч бүртгэлтэй бөгөөд 474 нь их хурлын төлөөлөгчөөр хуралд оролцоно.
Харин Хуульчдын холбооны ерөнхийлөгч болохоор Л.Галбаатар, Ш.Алтангадас, Б.Алтаншагай, Г.Батзаяа, Ч.Өнөржаргал, Монголын олон улсын арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, МУИС-ийн багш П.Одгэрэл нар нэрээ дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигчдээс харвал Монголын хуульчдийн холбоог зөв шударгаар тэргүүлээд явчих хүн ер нь байна уу гэж олон хүн эргэлзэнэ. Учир нь Монголын хуульчдын холбоо хүчтэй байснаар аливаа хууль, тогтоомжийг өргөн барих хийгээд, хэлэлцэх үеэс нь хянаж, хэлэлүүлэгт нь оролцдог байх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд энэ холбоо байгаа эсэх нь мэдэгдэхгүй үхмэл байлаа.
Ядаж л хууль зүйн салбарт хуульчдынхаа эрх ашгийг хамгаалах чадамжгүй байдалд өнөөдрийг хүрлээ.
Одоогийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг харвал анд нөхдийн холбоо дахин болох гээд байх шиг. Тодруулбал нэр дэвшигч Г.Батзаяа нь Их засаг их сургуулийн төгсөгч. Бусад нэр дэвшигчид нь МУИС-ийнх.
Уг нь Монгол Улсад олон их сургууль эрх зүйч нарыг бэлтгэж байгаа бөгөөд дотоод хэргийн их сургуулиас гадна Шихихутаг, Отгонтэнгэр, Билэг, Улаанбаатар, Орхон, Халх журам, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Монголын Үндэсний их сургууль, Сити гээд хууль, эрх зүйн мэргэжилтэн бэлтгэдэг хувийн хэвшлийн олон сургууль бий.
Урд урдын жишээг харвал анхны ерөнхийлөгч Д.Батсүх, Б.Гүнбилэг /2015-2017 он/, Ж.Хунан /2017-2019 он/, Б.Өнөмөнх /2017 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа/ нар бүгд МУИС-ийн “бүтээгдэхүүн”. Цааш нь сөхвөл Д.Батсүхээс бусад нь нэг ангийнхан.
Ингээд ч зогсохгүй Б.Гүнбилэг, Ж.Хунан нар ангийнхаа нөхрийг өөрсдийн Тамгын газрын даргаараа улируулан ажиллуулж байсныг өнөөдөр энэ салбарынхан ярьсаар байна. Энэ нь 2015 оноос хойш Хуульчдын холбооны удирдлагад нэг ангийнхан ноёлж, салхи оруулахгүй явсаар ирсний баталгаа.
Уг нь хууль, эрх зүйн салбарт тэргүүлж, түүчээлж явах ёстой Хуульчдын холбооныхон нь сургууль, төгсөлтөөрөө нэгдэж, нийтийн бус нэгнийхээ төлөө ажиллаж байгааг эрхэм хуульчид та бүхэн маргааш болох сонгуулиар харах л үлдлээ.

https://erennews.mn/article/58304
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.