Сэлбэ голын эхэнд барьсан барилгын талаар мэдээлэл өгөхийг шаардлаа

315

Сэлбэ голын эхэнд барьсан барилгын талаар мэдээлэл өгөхийг шаардлаа

 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Сэлбэ голын эхэнд барьсан барилга болон “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай Сэлбэ голын эхэн хэсгийн газарт байгаль орчны үнэлгээ, менежментийн гэрээ огт хийгээгүй боловч ажил гүйцэтгэх гэрээг долоон жилийн хугацаатайгаар “Сэлбэ голын урсац тохируулгын усан сан байгуулах” төслөөр дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Усны барилга байгууламж барих нэрийдлээр “Багабаян лейк”, “Ньюгидро проект” компаниуд булаг шандыг булж эхэлсэн гэж тус зөвлөлөөс мэдээллээ.

 

Энэ талаар “Бид Туул голынхон” ТББ-ын гишүүн Д.Лхагвадорж “Сэлбэ голын эхэнд барилгын ажил эхэлсэн цагаас холбогдох зөвшөөрөл, бичиг баримттай нь танилцахаар “Бид Туул голынхон” ТББ-ынхан ажиллаж, холбогдох удирдлагуудад мэдэгдэж, үйл ажиллагааг нь  зогсоолгох арга хэмжээг удаа дараа авсан ч амжилтад хүрч чадаагүй өдий хүрлээ. Тиймээс нийслэлийн чухал голуудын нэг болох Сэлбэ голын хувь заяатай холбоотой энэ асуудлаар холбогдох захирамж, зураг төслүүдээ олон нийтэд ил тод мэдээлж, тайлбар хийхийг нийслэлийг Засаг дарга Д.Сумъяабазараас шаардаж байна” гэсэн юм. Мөн тус зөвлөлөөс “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтэд хийсэн судалгаагаар сүүлийн зургаан жилийн байдлаар 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.

 

Энэ талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Цэрэн “Байгалийн нөөц шавхагддаг зүйл. Гэтэл ихэнх нь дуусашгүй мэт бодож байна.Хууль хэрэгжүүлэх ёстой шат шатны хүмүүс нь хуулиа хэрэгжүүлэхгүй уул ус, байгаль дэлхий, гол мөрөн бохирдсоор байх уу гэдгийг бодох цаг нь болсон. Үүнд Засаг дарга, ИТХ-ын дарга нь хариуцлага хүлээх ёстой. Байгаль орчны нөөц ашигласны төлбөрөө зориулалтын дагуу ашиглаагүй Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауюржаныг шүүхэд өгч байна. Үүнд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.