Украин: Эвлэрье гэж Орос 7 хоногт 5 удаа гуйжээ

298

Украин: Эвлэрье гэж Орос 7 хоногт 5 удаа гуйжээ

 

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Унiан.net, Freeдoм ТВ, Вот Так, Белсат сайт болон НҮБ, америк, британийн хэвлэлийн мэдээнүүдээс түүвэрлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украины эсрэг ОХУ-ын өдөөсөн дайны буруутны асуудлаар НҮБ өчигдөр 5 дахь тогтоолоо баталжээ. Өмнө нь ямар ямар тогтоол батлагдсан талаар монгол уншигчдад эргэж сануулахад:
1. 2022 оны 3 дугаар сарын 2-нд “Украины эсрэг түрэмгийлэл” гэсэн тогтоолоор Орос илэрхий ганцаардсан ба Оросын талд 4-хөн улс зогссон, 141 улс Оросыг буруушаасан, 35 улс түдгэлзсэн.
2. 2022 оны 3 дугаар сарын 24-нд “Украины эсрэг өдүүлсэн түрэмгийллийн хүмүүнлэгийн хор уршиг” гэсэн тогтоолоор Оросыг буруушаахад Оросын талд мөн 4-хөн улс зогссон, 140 улс Оросыг буруушаасан, түдгэлзсэн 38.
3. 2022 оны 4 дүгээр сарын 7-нд “Украин дахь Оросын цэргийн гэмт хэрэг” гэсэн тогтоолоор Оросыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хөөхөд 93 улс буюу олонхи нь Оросын эсрэг санал өгч, ОХУ-ын талд Орос өөрөө оролцоод 24 улс зогссон. Түдгэлзсэн 58.
4. 2022 оны 10 дугаар сарын 12-нд “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал”-ыг дэмжих тогтоолоор Украины 4 мужийг ОХУ-д хуурамчаар булааж нэгтгэснийг 143 улс буруушааж, Оросын талд Орос өөрөө оролцоод 4-хөн улс эсэргүүцжээ. Түдгэлзсэн 35.
5. 2022 оны 11 дүгээр сарын 14-нд Украин дахь цэргийн тусгай ажиллагаа гэгчдээ Орос дайны маш том төлбөр төлөхөөр дэлхийн хамтын нийгэмлэгээс сануулга авлаа. Олонхи нь буюу 94 улс Оросыг дайн өдөөгч, тийм учраас Украинд дайны төлбөр төлөх ёстой гэж үзсэн бол 73 улс түтгэлзэж, харин Орос өөрөө оролцон 13 улс дайны төлбөр төлөхгүй гэжээ.  Монгол Улс мөн түтгэлзсэн.
ОХУ дипломатын талбарт сайн ажиллав уу, эсвэл бодит дарамт үзүүлэв үү, бүү мэд. Өчигдөр Оросыг дэмжсэн нь Беларусь, ТАБНУ, Хятад, Куба, БНАСАУ, Эритрей, Этиоп, Иран, Мали, Никарагуа, Сири, Зимбабве ажээ. 
 
НҮБ-д Орос бүрэн ганцаардсан ба НҮБ-ын 77 жилийн түүхэнд НҮБ-ыг үндэслэгч бөгөөд  Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ийм улс ингэж ганцаардаж, дэлхийн хамтын нийгэмлэгээс ийм хатуу зэмлэл удаа дараа хүлээж байсан түүх байхгүй юм. Тийм учраас Орос нь НҮБ-ын түүхнээ хамгийн ихээр буруутгагдсан анхны их гүрэн болж байна.  
 
Энэ бас юу ч биш, ирэх 7 хоногт Европын Парламентын чуулганаар Оросын эрх баригчдыг  “террорист дэглэм” мөн гэсэн тогтоол батлагдах гэж байна. Европын Холбооны гишүүн улсууд тус тусдаа парламентаараа тийм тогтоол баталж байгаад одоо нэгдсэн парламентдаа асуудлаа оруулах болжээ. Энэ тогтоол батлагдвал Европын түүхнээ “алан хядагч дэглэм” хэмээх хоч нэр хүртсэн анхны Европын гүрэн нь ОХУ болж таарах нь байна.
 
сонин mn
 
Фронтын мэдээ Оросын талд сайнгүй, Украины талд маш сайн үзүүлэлттэй гарсаар байна. Зөвхөн 2022 оны намар гэхэд л ОХУ нь стратегийн 4 цохилт дараалан амсчээ. Харьков мужид бүрэн ялагдаж орхин гарсан, Донбасст Лиманы дэргэд, Изюмын дэргэд бутцохигдон ухарсан, саяхан Херсон мужид томхон ялагдал хүлээлээ. Бахмутыг авчих санаатай 4 сар их бууны галаар шүршээд хоногтоо 3-хан сантиметр давшсан онигоонд Оросын цэрэг ороод байна. Оросын төв ТВ-ийн “60 минут” нэвтрүүлгээр “3-хан сантиметр давшсан” хэмээн тайлагнажээ.
 
Онцлох нэг зүйл байна. Намаржингаа ил далд Орос хэлэгдлээ. Украинчууд элэг доог болголоо. Орос нь гал зогсооё, хэлэлцээ хийе хэмээн Украиныг шувтан уриалан гуйсан ба зөвхөн өнгөрсөн 7 хоногт 5 удаа хэлэлцээ хийх санал алга хавсран гуйжээ. Тэр ч бүү хэл Путин өөрөө хэлэлцээ хийхэд ямагт нээлттэй байгаа хэмээн ам тангараг өргөжээ. Зөвхөн Оросын нөхцлийн дор хэлэлцээ хийнэ гэдэг байсан бол одоо ямар ч болзолгүйгээр хэлэлцээ хийе гэдэг болжээ. Гол нь Орос энх тайвныг хүсч үнэхээр дайнаа зогсооё гэж байгаа бол Украины нутаг дэвсгэрээс цэргээ бүрэн гаргах хэрэгтэй гэсэн шаардлага Украин тавьдаг байсан бол одоо цэргийн гэмт хэрэгтнүүдийг олон улсын шүүхээр шүүлгээд, Украинд өдүүлсэн дайныхаа нөхөн төлбөрийг төлүүлнэ гэсэн шаардлага Киевээс цууриатав. 
 
Оросын мэргэжлийн, мэргэжсэн цэрэг үндсэндээ Украинд алагдаад, шархдаад эргэж ирэхгүйгээр дууссан. Шинээр дайчлагдсан нь дайнд хараахан бэлэн биш байгаагаас гадна байлдах дур хүсэлгүй, ариун зорилго үгүй байна. Зэвсэг байлдааны техникүүдээ ч талаас илүүг нь сөнөөлгөөд дууслаа. Танкныхаа талыг устгуулжээ. Өнгөрсөн 9 сар хагасын дайнд Орос нь Украин руу 4.6 мянга орчим пуужингийн атак, агаарын цэргийн ба дроны 8000 халдлага хийжээ. 
 
Украины цэргийн тагнуулын дарга Кирилл Будановын ярьснаар оросын цэргийн пуужингийн довтолгооны статистик үзүүлэлт гарч, “Искандер” пуужин 13% нөөцтэй үлдсэн, үндсэндээ дуусч байгаа. Харин “Калибр” гэх далавчит пуужин 43% үлдсэн байх магадлалтай, “Х-101”, “Х-555” гэх нисэх онгоцны далавчит пуужин 45% орчим үлдсэн гэжээ. Бүх пуужингэ нийлүүлээд үзвэл оросын пуужинт цэргийн нөөцийн 30% орчим нь үлдсэн, дэлхийд 2-рт ордог арми нь пуужингийн нөөцөө Украиныг ялаагүй байхдаа хэрэглээд дуусч буй, одоо Иран, Хойд Солонгосоос пуужин, их бууны сумны бадар барьж байгаа, дахиад он дуустал пуужингийн атак хийвэл үлдсэнээ бараад дуусгах бололтой ажээ. Гэм нь оросын харваж буй пуужин, дронуудын ихэнхийг, ядаж талаас илүүг украины агаараас эсэргүүцэх систем амдан сөнөөгөөд байна. Саяхан нэг өдрийн байлдаанд Оросын харвасан 50  пуужингийн 44-ийг амдан сөнөөжээ. АНУ, НАТО-гоос шинэ шинэ зэвсэглэл ирж байгаагийн дотор агаараас эсэргүүцэх системүүд олноороо ирж байгаа ба С-300 мэт онгоц пуужин сөнөөх агаарын зэвсгээ Орос хотууд руу харвад нөгөөдөхийнх нь чип буруу ажиллаад эргэн Оросын талд унах дэлбэрэх явдал олон бүртгэгджээ.
 
Алексей Навальныйн зөвлөх Владимир Милов гэдэг хүний ярьснаар Орос нь украинаас булаан авсан нутаг дэвсгэрүүдээ ойрын үед алдах аюулын дор байна. Украины эсрэг блицкриг буюу цахилгаан дайн хийх нь бүү хэл Херсоныг алдсан байдлаараа бол ядаж эзэлж авсан нутгаа тогтоон барьж байх нь Орост маш өндөр өртөгтэй тусч, Украины эсрэг түрэмгий дайндаа Кремлийнхэн ялагдал хүлээх болоод байна гэжээ. Миловын хэлснээр оросын алагдсан цэрэг офицерын тоо 90 000 руу дөхсөн нь бодитой болж таарч байна, хүн хүчний асар их хохирол богино хугацаанд амслаа гэжээ. 
 
сонин mn
 
Украины дайны санхүүжилт Оросын төсвийг сүйтгэж, Орос орон эдийн засгийн маш том хохирол давхар амссан ба одоо Путин цэргийн тусгай ажиллагаагаа санхүүжүүлэх бодит нөөц байхгүй болсон, оросын командлал ч энэ дайны тухай бодит төсөөлөлгүй байсаар, цэргийнхээ сэтгэл санаа, хүсэл зоригийн судлахгүй, тушаалаар фронт руу илгээж, цэргээ ч, зэвсгээ ч гарздаад дуусгалаа, гэтэл украины цэргийн сэтгэл санаа, мотивац нь асар том байна, тэд эх орноо, газар нутгаа амиараа хамгаалж, харгис түрэмгийлэгчидтэй тулалдаж байгаагаа гүнээ мэдэрч байна гэж оросын сөрөг хүчний тэр улс төрч ярьжээ. 
 
“Путины хийрхэл” гэж нэрлэж байгаад Украины эзлэгдсэн нутгуудыг ОХУ-д нэгтгэсэн явдлыг Милов буруушаажээ. Референдум хэмээх жүжиг тавьсан, түүнд хүн амынх нь маш өчүүхэн хэсэг, зарим нутагт бүр нэг хувь хүрэхгүй хэсэг оролцож 99% санал өгсөн, тэр нь харахаас инээдтэй, түүнд нь оросын хүн амын олонхи баярлаж сүйд болоогүй, Украины 4 мужийг Орост нэгтгэх ёслолд оролцогсод бүгд баргар царайлан айдастай сууж, бараг хүчээр алга ташуулсан, баярын цуглаан шоу нь албан хүчээр Улаан талбайг дүүргэгсдээр алга ташуулж бүтсэн хэмээн Милов ярьжээ.  “Путины хийрхэл”-ээр бол ОХУ-д ийм том газар нутаг ороод ирлээ гээд Оросын ард түмэн эх орноо хамгаалах дайнд босоод ирэх байсан байх, гэтэл байдаггүй, тэр ч байтугай газрын зургийн алба нь ОХУ-ын улс төрийн картад одоо болтол Украины шинэ 4 мужийг оруулж хэвлээгүй байсаар байгаа нь “Путины хийрхэл”-д итгэхгүй байгааг нь харуулж буй ажээ.
 
Украин дахь дайн нь бүтэлгүйтэх тусам эрх баригчид нь хямарч бухимдахаас гадна оросын дайны суртал нэвтрүүлэгчид бүр ч илүү их мухардаж байж суух газаргүй болж байна. Дайнд ялагдах нь оросуудын тархинд хол тусч байгаа ч эзлэн авсан нутаг дэвсгэрээ эргүүлэн алдаж, ялангуяа эзлэн авсан цорын ганц мужийн нийслэл Херсоноос шившигтэйгээр ухарсныг суртал нэвтрүүлэгчид яаж ч бухаж булзаж чадахгүй байна. 
 
Херсоныг алдлаа, цаашаа олон хот тосгодыг алдах юм байна гэсэн сэтгэл зүйн бэлтгэл оросын үзэгчдэд далдуур өгч эхэлсэн, эсвэл энэ дайны бүтэлгүйтлээ Путинд тохуулахгүй байхын тулд дайнаа зөвтгөх ямар нэгэн гарц хайж эхэлсэн байж магадгүй юм. Ямар ч гэсэн Херсон дахь ялагдал нь Оросын нийгэмд психологийн маш том цохилт өгсөн бололтой. Юуны өмнө Оросын ТВ-үүдээр харуулдаг цаг агаарын мэдээнээс Херсоныг шууд хассан ба элдэв санал асуулгаар хүн амын 70% нь Украин дахь дайнд итгэхгүй байгаа тухай дүн саяхан гарчээ. Оросын ТВ-ийн суртал нэвтрүүлэгт оросын хүн ам итгэл алдсаны нэг гэрч нь энэ 70% боллоо. 
 
Одоо ганцхан зүйл үлдлээ. Украин дахь энэ ялагдал, алдагдлаа хэрхэн юугаар тайлбарлах вэ? Хоногтоо л олон зуун цэргээ алуулаад, алуулсан ба сураггүй болсон цэргийн ар гэрийнхэн нэхэл дагал хийгээд зурагтаар яриад байвал яах вэ? Оросын дотоод улс төрд хэрхэн нөлөөлөх вэ? Херсоноос оросын цэрэг санд мэнд ухран гарсны хариулагыг Путинд тохож, түүнийг зайлуулах хэрэгтэй хэмээн Кремлийн том онолч А.Дугин шууд уриалан дуудсаныг хэрхэн тайлбарлах вэ? Оросын жирийн иргэд Дугины уриалгыг хэрхэн хүлээн авах вэ гээд олон асуудал хариултаа хүлээн байна. 
 
   Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.