УКРАИН: Оросын цэрэг татлага Орост маш муугаар тусна

377

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Politeka Online, Унiан.net сайт болон Батлан хамгаалахын сайд Алексей Резников, цэргийн шинжээч Виктор Кевлюк, сэтгүүлч Наталья Мосейчук, оросын нийтлэлч Андрей Пионтковский, америкийн судлаач Фрэнсис Фукуяма, Энн Эпплбаум нарын бичсэн ярьснаас түүвэрлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. 
Барууны либерал ардчилал Байдены өнгөн дээр нурж унана, барууны тогтолцоо нийгэм-хөгжлийн асуудал шийдэж чадахгүй, харин Хятад, Оросын авторитари дэглэм шийдээд болоод байна гэсэн итгэлтэйгээр Украиныг ялахаар дайнд оржээ. Ийнхүү авторитари дэглэм нь барууны ардчиллаас хүчтэй гэдгийг Путин, Си Жиньпин нар нотлохыг хичээсэн, гэвч хоёулаа алдлаа. Маш том тооцоо нурлаа. Үүнийгээ Си хүлээн зөвшөөрсөн бололтой ШХАБ-ын хурал дээр Пу даргад дэмжлэг үзүүлэхгүй бөөрөнхийлөөд өнгөрчээ. 
 
Энэ 7 сарын дайн явж явж Орос нь элдвээр шантаажлагч (цөмийн зэвсэг, хий, нефть, тог цахилгаан гэх мэт), цэрэг татлага нь бөөн бардак, хоногтоо 500 цэргээ алуулдаг, байлдааны хамаг техникээ алдаад дууссан, иранаас дрон гуйдаг, хойд солонгосоос их бууны сум нэхдэг дээрээ тулсан, ийм хүнд байдалд Орос өөрөө орчихсон зураглал бууж байна. Оросын пуужингийн нөөц үлэмж дундарч, дуусах тийшээ орж байна. Украин руу 3.5 мянга гаруй пуужин харвасан, тэглээ гээд Украиныг сулруулж чадаагүй, харин пуужингийн потенциалынхаа 57%-ийг гарзаджээ. Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем сайн ажиллаж оросын харвасан пуужингийн 60% гаруйг агаарт сөнөөж байгаа, цаашид 60%-ийг 70% болгож ойрын үед нэмэх тухайгаа Батлан хамгаалахын сайд А.Резниковт агаарын цэргийн командлагч Олещук илтгэжээ. А.Резниковын үзэж байгаагаар Оросын арми харвасан олон мянган пуужингаа нөхөхөд дор хаяж 5 жил зарцуулна, хэрэв санкц үргэлжилбэл электроникийн маш олон эд анги сох дутна, тийм учраас пуужингийн үйлдвэрлэл зогсоно гэжээ. 
 
Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов Украины зэвсэгт хүчний зорилгыг “Хөрш орнууддаа халдддаг Оросын хүслийг эгнэгт хаах явдал” гэжээ. Сөрөг давшилт нь халдан түрэмгийлсэн анхны газраа очиж дуусна, хэрэв Орос энэ чигээрээ үлдвэл өөр нэг дайн эхлүүлэх нь цаг хугацааны асуудал болно, тиймээс Оросыг хөршүүд рүүгээ халдан довтлох тухай сэтгэж бодохооргүй болгох нь манай зорилт мөн, Оросын түр эзлэн авсан украины нийт нутаг дэвсгэр чөлөөлөгдөж байж энэ дайн дуусна хэмээн  Данилов ярьж байна. 
 
Оросын зохиолч, нийтлэлч А.Пионтковскийн ярьснаар дайны хамгийн халуун хурц үе оны төгсгөл гэхэд дуусна, Оросын хэт барууныхан паникт орсон байна, Орост албан бус  ультрафашист нам байна, тэд Путиныг зайлуулах хэрэгтэй гэсэн Игорь Гиркиний үгийг давтана, путины ультрафашистууд цөхрөнгөө барлаа, Путинээ урвагчаар дуудаж байна, дайнд ялагдуулсан бүх ялыг Путинд тохоход бэлэн байна, Оросын дотоодод улс төрийн гүн хямрал айсуй, Украины зэвсэгт хүчний анхны, даруухан ялалтад ингэж сандарч байгаа юм чинь цаашаа ялаад эхлэхээр Орост том бужигнаан дэгдэнэ гэжээ. Хэрэв  Херсон бүрэн чөлөөлөгдөж, Керчийн гүүрийг жагсаалаас гаргачих юм бол Орост хэрхэн хүлээн авах бол, тэсрэнэ, төрийн эргэлт ч гарч магад хэмээн Пионтковский мэдэгдсэнийг дэмжин оросын зохиолч Борис Акунин Орос орноо ингэж төсөөлжээ: ОХУ-ын ахархан түүхийн сүүлчийн хуудас нээгдлээ гэв.  
 
сонин mn
Украины зэвсэгт хүчний давшилт ба галын хүчийг сарниулахын тулд зохиомол референдум явуулж, цэрэг татаж байгаа ч Херсонщин, Харьковщин дахь давшилтыг зогсоож хүчрэхгүй, шинээр татагдсан цэргүүд түрүүчээсээ алагдаад, олзлогдоод, хууран мэхлэгдсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгөөд эхэллээ. Есдүгээр сарын 10-нд Купянск, Изюмийг чөлөөлсний дараа оросын цэрэг хэдэн арван км ухарчээ. Одоо Лиманыг алдвал Донецк, Луганскийг алдах нь энүүхэнд болно. Ямар ч референдум зогсоож чадахгүй. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Украины арми маш тооцоотой, маш хянуур, бас цэргийн урлаг үзүүлж дайтаж байгаа тул ялалт хангаад байгаа ба харин Орос нь хамаг шилдэг мэргэжлийн цэргээ энэ 7 сард бүгдийг алдаад дууссан, шинээр татагдсан цэргүүд нь их бууны махан зууш болох зам нээлттэй байгаа аж.
 
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгийн том алдаа юу вэ гэдэгт Виктор Кевлюк ийм дүгнэлт гаргажээ. Оросынхоо армийг хэт дээгүүр үнэлсэн, Украины зэвсэгт хүчнийг юман чинээ бодоогүй, бүр юу ч биш гэж үзсэн явдал гэжээ. Оросын арми гэж хэн бэ гэдэг Кевлюк хариулахдаа, сайндаа пулеметоор зэвсэглэсэн сирийн босогчидтой байлдаж ялсан арми, өөр юу ч биш, Сири дэх ялалт нь Путины урмыг хөдөлгөж Украиныг Сири гэж андуураад хөгөө чирсэн гэв. Украинд 5-р цуваа буй болгохоор зарцуулсан бүх мөнгө нүдээ олсонгүй, эсвэл зорилгодоо хүрсэнгүй, Украины ард иргэдийн санал сэтгэлийг маш муу судалсан, тийм ч учраас дайн зарлаж дайн хийхгүй, “цэргийн тусгай ажиллагаа”-гаар өлхөн шийдчихнэ, Украины иргэд нь Оросыг шууд дэмжинэ, эсэргүүцэн байлдах нь бүү хэл цэцэг барьж угтана гэснээрээ Путин өөрийнхөө тавьсан хавханд өөрөө оржээ. Одоо дайчилгаа зарлаад нэгэнт оройтсон, Украинд байтугай Орост нь ч дайчилгааг ил далд эсэргүүцэн, бүх нийтийн бардак болгож хувиргалаа гэж Кевлюк ярьжээ. 
 
 
Оросын суртал нэвтрүүлэгчид Оросын армийн ялагдлыг дагаад туйлшрахын дээдийг үзүүлж байгаа тухай мэдээлэл их байна. Симоньян, Соловьев, эхнэр нөхөр Попов, Скабеева, Захарова гээд нэрс олон байх бөгөөд тэднийг шоолох, егөөдөх нь түгээмэл болж байна. Цаадуул нь оросын цэргийг ялагдуулсан генералуудыг дүүжлэх хэрэгтэй тухай ТВ-ээр хашгараад нэмэр алга. Тэр ч бүү хэл оросын дэслэгч генерал Андрей Сычев гэдэг хүн олзлогдсон, Стрелков (Гиркин) өөрөө хүртэл хүлээн зөвшөөрч Балаклей, Купянскийн дэргэд оросын цэрэг бутцохигдон ухарсан явдлыг украины армийн гайхамшигт чадвар гэж нэрлэжээ. Мариуполийн хамгаалагчдыг оросууд суллан тавьж, Украины талд шилжүүлснийг Орос ба путины дэглэм энэ дайнд бууж өгсний илрэл хэмээн Наталья Мосейчук, Андрей Пионтковский нар үзэж байна. Мариуполийн хамгаалагчдыг Оросын цэргийн шүүхээр хүнд яллана гэсэн нь алга боллоо. Тэднийг тэгж сулласнаар Орос гал зогсоож хэлэлцээ хийх сайн санаагаа илэрхийлсэн гэж үзэж байвч тэгж цаг хожоод Украиныг устгах дайндаа дахин орохыг Орос хичээнэ, бас Орост засгийн эрхэндээ Путиныхэн тогтож үлдэхээ бодно гэж Пионтковский тэмдэглэжээ.
 
 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.