Амжилтын түүх:Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн

332

Амжилтын түүх:Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн

 

“Зууны мэдээ” сонин нийтлэлийн бодлогоо шинэчилж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажиллахаар болсон. Тиймээс энэ удаа дэлхийн чадварлаг эмэгтэй удирдагчдын нэг, COVID-19 цар тахлыг хамгийн эхэнд амжилттай давж чадсан Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардернийг онцолж байна.  Тэрбээр 2017 оноос хойш тус улсыг удирдаж байгаа билээ.

Шинэ Зеландын 150 жилийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд

Шинэ Зеландын Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд нь байдаг. Тус улсын Хөдөлмөрийн намын дарга Жасинда Ардерн 2017 оны аравдугаар сарын 26-наас Шинэ Зеландын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Тэрбээр одоогоор тус улсын түүхэн дэх хамгийн нэр хүнд өндөртэй ерөнхий сайд, дэлхийн чадварлаг эмэгтэй удирдагчдын тоонд зүй ёсоор тооцогдож байна. Жасинда Ардерн 1980 оны долдугаар сарын 26-нд Шинэ Зеландад төрсөн. Тэрбээр 37 насандаа ерөнхий сайдаар томилогдсоноор Шинэ Зеландын 150 жилийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд хэмээн түүхэнд бичигдэх болсон юм.

Хүүхэд нас нь улс төрч болох сэдлийг төрүүлжээ

Хоёр охинтой айлын бага тэрбээр хамгийн их гэмт хэрэг үйлдэгддэгээрээ алдартай жижигхэн хотод бага насаа өнгөрүүлэхдээ хүүхдүүд хөл нүцгэн алхаж, юу ч хамаагүй идэж байгааг харж өссөн нь улс төрч болох сэдлийг түүнд төрүүлсэн байна. Үүнээс гадна хууль сахиулах албанд ажиллаж байсан аав нь Шинэ Зеландын засгийн газрын Ниуэ арлын дээд комиссар болж дэвшсэнээр гэр бүлээрээ Шинэ Зеландын Хойд арлын Окландын зүүн өмнөд хэсэгт орших Морринсвилл рүү нүүжээ.

17 настайдаа намд элссэн байна

Жасинда 1999 онд Вайкатогийн их сургуульд олон нийттэй харилцах чиглэлээр суралцжээ. Энэ үедээ бакалаврын зэргээ авахаасаа өмнө  буюу 17 настайдаа Хөдөлмөрийн намтай холбоо тогтоожээ. Тодруулбал, тус намаас парламентад сонгогдсон Харри Дуйнховены сонгуулийн кампанит ажилд туслах үеэрээ намд элсжээ. Ийн их сургуулиа төгсөөд Хөдөлмөрийн намын өөр нэг гишүүн Фил Гоффын судлаачаар ажиллаж эхэлсэн байна.

Тэрбээр 2.5 жил Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйрийн танхимд Зохицуулалтыг сайжруулах албаны захирлын туслахаар ажилласан байна. Энэ албан тушаалд байхдаа жижиг бизнес эрхлэгчид болон орон нутгийн эрх баригчдын харилцаа холбоог сайжруулахад анхааран ажиллах үүрэг гүйцэтгэж байжээ. Үүний дараагаар 2007 онд Олон улсын социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Үүнийхээ дараа жил нь Жасинда Ардерн Вайкато дүүргээс парламентад сонгогдож, 28 настайдаа Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу эмэгтэй гишүүн болсон юм.Энэ үед түүний нам хамгийн уналттай цаг үедээ ирсэн байлаа.

Жасинда Ардерн Засгийн газрын хуралдааныг даргалах, сайд нарт албан тушаал хуваарилах,  Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх, бүрэн эрхт болон бүрэн эрхт бус улсын төлөөлөгч нарт зөвлөгөө өгөх гэсэн чиг үүрэгтэй ажилладаг. Мөн тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүргийг мөн давхар гүйцэтгэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.