Ж.Сүхбаатар: Буяны цуваа түгжрэлийн оргил цагтай давхацдаг. Төрийн хамгаалалтын өнөөгийн хууль тогтоомж ч түгжрэлд нөлөөлдөг
Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын нэгэн жиргээ сошиалд шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр "Буяны цуваа 1, 3, 5 дахь өдрүүдэд явдаг. Хотоос гардаг чиглэлд хөөрхөн ачаалал болж шууд мэдрэгддэг. Үүнийг 7 цагаас өмнө байхаар төрийн байгууллага зохицуулж болох уу" хэмээн өөрт нь хандсан жиргээчийн асуултад "Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг. 1-р эмнэлэгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" гэдэг хариултыг өгчээ.
Мөн тэрбээр дараа нь "Асуултад нь өгсөн хариулт. Түгжрэлд олон нөлөөлөл бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа, эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллах тухайд чиглэсэн хариулт гэхчлэн. Түгжрэлд төрийн хамгаалалтын өнөөгийн хууль тогтоомж ч нөлөөлдөг. Өөрчлөх ёстой гэж би үздэг" хэмээн тайлбарлажээ.