ШӨХТГ банкуудыг торгож чадах уу?

283

Арилжааны банкууд хэрэглэгчийг хохироосон тул 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас мэдээлсэн.  Тодруулбал, 2022 оны зургадугаар сарын 15-нд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгасан аж.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн байна.
Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчжээ.
Дээрх асуудлаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга С.Мөнхчулуун ярихдаа “Банкуудын зүгээс энэ бол зээл олгоход гарч буй зардал гэж тайлбарласан. Ямар нэгэн тооцоо судалгаагүй. 10 сая төгрөг эсвэл 100 сая төгрөг зээлж буй хүн дээр өөр зардал гарах уу гэж асуухад “Үгүй, ижил зардал гарна” гэж хэлсэн. Тэгвэл яагаад 10 сая төгрөгний зээл авч байгаа хүний шимтгэл, 100 сая төгрөгний зээл авч буй хүний шимтгэл хоёр өөр байгаа вэ гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр энэ үндэслэлгүй нь тогтоогдож байна. Банкууд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг олж тогтоосон учир иргэд энэ дээр нэхэмжлэлээ гаргаад нөхөн төлбөр авах боломжтой. Шүүх ч гэлтгүй банкууд маань торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд банкандаа хүсэлтээ гаргаад үүнийг шийдвэрлэх боломжтой. Гэхдээ процесс цаашаа үргэлжилж таарна. Банкуудад наймдугаар сарын 12-ны өдөр шийтгэлийн хуудас, албан даалгаврын хуудсыг хүлээлгэн өгөхөд гомдол гаргана гэсэн” гэжээ.
Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын 20 сая төгрөгийн торгуулийг банкууд хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Өмнө нь ШӨХТГ-аас нэр бүхий шатахуун импортлогч, борлуулагч 26 компанийг торгохоо мэдэгдсэн. Тус шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ноогдуулсан ч торгуулиа төлсөн эсэх нь тодорхойгүй. Энэ мэтээр ШӨХТГ сүржин мэдэгдэл хийж, албан байгууллагуудад торгууль тавьж байгаа хэдий ч торгуулиа төлж байгаа нь хэд вэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.