Байхгүйн зовлон, байхын гачлан

67

Баялагтай улс орон бүр баяждаггүй. Үүний бодит жишээ болсон улс дэлхийд олон бий. Зарим нь баялаг дээрээ тулгуурлан хөгжиж, цэцэглэж байхад баялагтай ч хөгжиж чадахгүй байсаар байдгаа барсан улсуудыг ч дурдаж болно. Бас ухах баялаггүй ч өндөр хөгжиж чадсан Сингапур шиг улсууд ч бий. Манай улсын тухайд газрын хэвлий дэх баялаг бол орлогын гол цөм. Нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн салбараас бүрэн хамааралтай манай улс ямар замаар алхаж байна вэ? Бид хөгжиж байна уу, хоосорч байна уу?
Баялгийн буянаар баяжсан нь
Байгалийн баялгаа зөв менежментээр удирдаж эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтцээ хурдацтайгаар хөгжүүлсэн орны нэг бол Чили. Чили болон манай улсын эдийн засагт байгалийн баялаг түүн дотроо зэсийн үүрэг өндөр. Энэ улс 2021 онд Латин Америкийн хамгийн өндөр орлоготой таван орны нэгд багтсан. 1907 оны үед АНУ 399 000 тонн, Чили 27 000 тонн, бусад улс орон нийт 277 000 тонн зэс тус тус үйлдвэрлэж байсан бол өдгөө Чили нь дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлж байна. Энэ улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Өөр нэг жишээ. Энэ бол Африкийн хамгийн эрчимтэй хөгжиж буй орон Ботсван. Ботсван улс 1970-аад оноос алмаз эрдэнийн зах зээлийн бэлгэ тэмдэг болсон. Энэ орон манайхтай адил далайд гарцгүй. Газар нутгийнх нь 70 хувь нь цөл. Хүн амын тоо нь ч мөн төстэй. Мал аж ахуйн салбар нь сайн хөгжсөн, алмаз эрдэнэ, алт, мөнгө, нефть, зэс, цайр, чулуун нүүрсний нөөцтэй тус улс эдийн засгаа тогтмол өсгөж, дэд бүтцээ ч сайн хөгжүүлж чаджээ. Алс тэртээх ангамал цөл байх Катар улс ч мөн энэ ангилалд багтна. Тус улсын 11437 ам км газар нутагт дэлхийн байгалийн хийн нөөцийн 14 хувь байдаг. Катар улс Азийн “бар”-уудтай өрсөлдөн дэлхийн газрын тос, байгалийн хийн үлэмж нөөцийг эзэмшиж, түүнийгээ зөв зарцуулж, дэлхийд эдийн засгаараа дээгүүр эрэмбэлэгдэж байна. 1900-аад оны үед загас барьж, сувд олборлон амжиргаагаа залгуулдаг байсан ядуу катарчууд өдгөө нэг хүнд ногдох орлогоороо хамгийн баян улсын тоонд зүй ёсоор тооцогдож байна.
Баялгаасаа болж баларсан нь
Алт, мөнгө, зэс, газрын тос зэрэг дахин сэргээгдэхгүй газрын баялагтай улсын эдийн засаг нь дээрх улсуудынх шиг хурдан өсөх боломжтой байдаг ч эсрэгээрээ улам доройтох нь ч бий. Энэ үзэгдлийг “Баялгийн хараал” гэж нэрлэдэг. Одоо харин “Баялгийн хараал” хүрч байдгаа барсан улсуудаас жишээлье. Бид бүхний мэдэх хамгийн “ойрын” жишээ нь Венесуэль. “Халтар царайт” киногоороо монголчуудад танигдсан энэ улс газрын тосоор баялаг. Гэвч үүнийхээ үр шимийг хүртэж чадаагүй юм. Тус улс дэд бүтцээ ч, бусад салбараа ч хөгжүүлж чадаагүй. Үүнд улс төрийн тогтворгүй байдал, үндсэрхэг үзэл, хээл хахууль нөлөөлжээ. Бас баялгаа зараад амжилт олоогүй өөр нэг улс бол Зимбабве. Төмрийн хүдэр, алт, ховор металл, очир эрдэнийн асар их нөөцтэй энэ улс одоо ядуурал, ажилгүйдлын өлгий нутаг. Эдүгээ Зимбабвечүүдийн хүнс тэжээлийн дийлэнх хэсэг Европын холбоо, Америкаас тусламжаар орж ирж буй.
Байхгүйн зовлон, байхын гачланЭдийн засагч, судлаач Г.Батзориг
Томоохон улсууд байгалийн баялагтай ч гэсэн өөрсдийн нөөцөө хадгалаад хөгжиж буй орнуудаас хэрэгцээгээ хангах сонирхолтой байдаг. Тэгэхээр байгалийн баялагтай хөгжиж буй орнууд цаашид хөгжиж чадах уу, үгүй юу гэдэг асуудалтай тулж байна. Газар доороо баялагтай, түүнийгээ зөв зарцуулаад хөгжиж байгаа улсуудыг харахаар тэдэнд сонгуулийн тогтолцоо, институцын чадавх, гаднын хөрөнгө оруулагчдыг дэмждэг эсэх гээд суурь хүчин зүйлс нөлөөлж байна. Харин зарим улс баялагтай ч хөгжихгүй байгаа буюу баялгийн хараалд орж байгаа нь хоёр шалтгаантай. Нэгт, гаднынхныг хэт их оруулаад үүн дээр улстөрчдийн хээл хахууль цэцэглэсний улмаас баян , хоосны ялгаа үүсэж сүйрч байна. Хоёрт, хэт үндсэрхэг үзлээсээ болоод гаднын хөрөнгө оруулагчдыг хөөснөөс болж дампуурсан тохиолдлууд байдаг. Зимбабве, Венесуэль улсууд байгалийн баялагтай хэрнээ хямралд хүрч байгаа шалтгаан нь өөр өөр. Гэхдээ энэ улсуудад илэрч байгаа шинж тэмдэгүүд манай улсад ч бас илэрч байна. Хэрэв цаашид Монгол Улс энэ янзаараа явсаар байх юм бол зам нь тодорхой байна.
Бид хаана байна?
Байгалийн баялаг шавхагддаг учраас удаан хугацаанд ашиглах боломжгүй ч түүнээс олсон орлогыг урт хугацаанд тогтвортой хөгжихөд зарцуулж болно. Өөрөөр хэлбэл биет капитал, хүний нөөц рүү хөрөнгө оруулалт хийх замаар шилжүүлэх нь тогтвортой хөгжлийн суурь аж. Байгалийн баялаггүй Сингапур улсыг “Азийн бар” улс болтол нь хөгжүүлсэн Ерөнхий сайд асан Ли Куан Ю баялгийн тухай нэгэн удаа “Би үржил шимтэй газар нутаг, үнэт эрдэс метал, газрын тос, байгалийн хий зэргийг баялаг гэж боддог байлаа. Гэвч хэдэн жил ажилласныхаа дараа хүмүүс, тэдний төрөлх чадвар, боловсрол болон сургалт нь хамгийн гол хүчин зүйл юм гэдгийг ойлгосон” гэж хэлж байжээ. Гэтэл манай улсад суурь институцуудын хөгжил сул, боловсролын салбарт реформ зайлшгүйгээс гадна эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгараад буй. Хэрвээ уурхайгаас орж ирсэн орлогоо одоогийнх шигээ замбараагүй ашигласаар байвал мөдхөн Венесуэлийн араас орно гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл шавхагддаг нөөц баялгаа нийгмийн баялаг болгоход зарцуулж, хүнээ хөгжүүлэх хэрэгтэй байдаг аж. Үүний тулд уул уурхайн баялгаа зарж олсон орлогоосоо хадгалах ёстой. Хамгийн гол нь үүнийгээ хэрэгтэй үед нь, тохиромжтой цагт нь зарцуулах учиртай. Манай улс 2016 оны хоёрдугаар сард байгалийн баялгаас орж ирж буй орлогыг “Ирээдүйн өв сан”-д хуримтлуулах тухай хуулийг баталж, уг хууль 2017 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Ингээд тус санд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө цугларч буй. Харин одоо лавшруулаад Засгийн газар дээр боловсруулагдаж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөө нэн яаралтай УИХ-д оруулж батлуулах шаардлагатай байна. Учир нь Саудын Арабын хаан Файсал “Нэг үе маань тэмээ унахаа болиод кадиллак унадаг боллоо. Мөнгөө хэрхэн зарцуулж байгааг нь харахад дараагийн үе маань буцаад тэмээ унадаг болох вий гэж санаа зовж байна” гэдэг үгээрээ баялгаас олсон орлогоороо бусад баялгийг бүтээхгүй бол тогтвортой өсөлтийг хангаж чадахгүй гэсэн санааг бүрэн илэрхийлж байжээ.

http://eagle.mn/r/103381скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.