Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх долоо хоногт УИХ-д танилцуулна

409

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх долоо хоногт УИХ-д танилцуулна

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганы хугацаанд багтаахыг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Даваа гарагт эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол өчигдөр улс төрийн намуудын удирдлагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.Харин баасан гарагт  ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээр Ажлын хэсгээс дүнг нэгтгэх юм. Төрийн байнгын байгуулалтын байнгын хорооны даргын хэлснээр ирэх долоо хоногийн эхээр буюу энэ сарын 31 гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар бэлтгэж байгаа аж. Хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөллийн байр суурийг хүргэе.

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.МӨНХБАТ: САНАЛ ДҮГНЭЛТЭЭ НЭГТГЭЖ ТАНИЛЦУУЛНА 

-УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос  улс төрийн намууд болон иргэдийн тавьж буй санал, шаардлагыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Цуврал хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намуудаас болон “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор зохион байгуулсан иргэдийн жагсаал, цуглаанаас гаргасан санал, шаардлагыг сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар сонсоход чиглэж байгаа юм.

 Үндсэн хуулийг өөрчлөх талаар цуврал хэлэлцүүлгийг долоо хоногийн турш хийж байна. Ингээд тавдугаар сарын 31 гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар Ажлын хэсэг бэлтгэж байна. Чиг үүргээрээ УИХ-д ирсэн асуудлыг манай байнгын хороо хариуцдаг учраас улс төрийн намуудаас ирсэн шаардлагыг хүлээн авч, төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонсож байна. Баасан гарагт ардын их хурлын депутатуудтай хийх уулзалтын дараа санал дүгнэлтээ нэгтгэнэ.

 

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА: МАЖОРИТОР СИСТЕМ ТӨРИЙН ХЯНАЛТЫГ СУЛРУУЛСАН 

-Өмнө нь улс төрийн намын удирдлагуудтай Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар дэлгэрэнгүй уулзалт хийсэн. Энэ үеэр улс төрийн намын удирдлага, төлөөлөл бүгд үгээ хэлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд 3-5 цогц асуудал дээр тогтож түүнийгээ шаардлага болгож гарын үсэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Шаардлагын гол агуулга бол Сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Сонгуулийн болон Улс төрийн намын хуулийг цогцоор нь хэлэлцэхгүй бол наана нь нэг, хоёроор нь сугалаад үр дүнгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлсэн. УИХ-ын найман сонгуулийн долоод нь мажоритор системээр явлаа. Энэ тогтолцоогоор яваад улс орон хөгжихгүй, төрийн хяналт суларлаа. Нэг нам хэт олонх болж, бүгд дур зоргоороо аашилж, парламентын ардчилал үгүй болж байгаа учраас эрх мэдлийн төвлөрлийг сааруулж сөрөг хүчнийг хүчтэй болгож, олон намын олон ургальч үзлийг уралдуулах хэрэгтэй гэсэн олон санал гарсан. Мөн хүн амын тоо төлөөлөлтэй уялдуулж гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдгийг улс төрийн намууд хэлж байна. Өнөөгийн олон улсын нөхцөл байдал өөр болчихлоо. Тиймээс үндэсний аюулгүй байдлаа бодсон ч Монгол Улс хүчтэй парламенттай, ардчилалтай байх нь зүйтэй гэдэгт олуулаа санал нэгдлээ.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: НАМУУД ХҮЧИРХЭГ БОЛОХ ЁСТОЙ

-Миний хувьд орон нутагт голдуу амьдарч, улс төрд 30 гаруй жил явж байна. Сонгуулийн тогтолцоог надад яаж таалагдах вэ гэсэн байдлаар өөрчилж ирсэн хэсэг бий. Энэ нь амжилтад хүрэхгүй бол Үндсэн хууль руу орох гэж байгаа хүмүүс байгаа гэж харж байна. Үндсэн хуулийг ягштал мөрдөж түүнийг дагасан хуулиудыг хэрэгжүүлж явах ёстой. Өнөөдөр энэ танхимд улс төрийн 23 нам ирсэн байна.

Намууд хүчирхэг болох ёстой. Тэр боломж бол нэгдэн нийлэх замаар үзэл санаагаараа нэгдэх юм. Ингэж үндэсний хэмжээний болох замаар нэгдэж болно. Түүнээс зөвхөн парламентад суугаад хүчирхэг болно гэж ойлгож болохгүй. Парламентад суухын төлөө амь бие хайргүй зүтгэх нь улсын тусгаар тогтнолыг сүйтгэж байгаа юм биш биз. Өнөөгийн Улаанбаатар хотын түгжрэл, утаа, стресс, ядуурал бол төвлөрөлтэй шууд холбоотой. 21 аймаг, есөн дүүрэг хот болоод хөгжвөл, тэнд амьдарч байгаа иргэдийн амьдрал сайжрах юм бол  төвлөрөл үүсэхгүй. Улс төрийн огт өөр нөхцөл байдал бий болно. Сонгуулийн тогтолцооны хувь тэнцүүлсэн өөрчлөлтийг дэмжихгүй. Жижиг намууд хэтэрхий олноороо орж ирэх нь хар дарсан зүүд шүү. Монгол төрийг албан тушаалын бирж болгоно.

 

МҮАН-ЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ: ҮНДСЭН ХУУЛЬД ЭДИЙН ЗАСАГ БҮЛЭГ БАЙХ ЁСТОЙ

-Одоо бол нэг биш хэсэг нам төрийн дээр гарчихаад байна. Тиймээс 10 жил шаардаж байгаа заалтууд бий. Хяналтын чиг үүрэг ажиллахаа больсон. УИХ Хяналтын чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Хянах хараат бус байлгах үндсэн суурь нөхцөлийг хангах үүднээс Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Улсын дээд шүүх, Үндэсний аудитын газар, Үндсэн хуулийн цэц гэсэн байгууллагын томилгоог салгаж өргөтгөсөн байдлаар зохион байгуулсан бүтэц бий болгохгүй бол УИХ өөрийгөө шалгана гэдэг хэзээ ч бүтэхгүй. Түүнийгээ Ардын их хурал ч гэж нэрлэж болно. Үндсэн хуульд эдийн засгийн бүлэг заавал байх ёстой. Үүнийг МҮАН 10 жил шаардаж байна. Улсын Үндсэн хууль гэдэг зөвхөн тусгаар тогтнолын баримт бичиг биш. Хөгжил дэвшлийн баримт бичиг байх ёстой учраас Үндсэн хуулийн эдийн засаг, газрын баялагтай холбоотойгоор үйлчлэх ёстой. Тоон утгаараа эдийн засаг хэчнээн тэлээд валютаар зээл төлөх нь буруу. Үүнийг өөрчлөхгүй бол дефолт зарлах нь тун ойрхон байна. Мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Зөвхөн намын бүлэг гэж явах нь аажимдаа том эрсдэл рүү оруулна. УИХ-ын гишүүд тодорхой асуудлаар бүлэг байгуулж ажилладаг эрх зүйн боломжийг нээх хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.