Цар тахлын хямралаас дайны сорилт руу...

482

Манай тив, бүс нутаг, хөрш орон биш л бол дайн хаана болох нь бидний амьдралд нэг их хамааралгүй хэмээн амгалан суудаг цаг хэдийнэ өнгөрчээ. Даяарчлагдсан буюу бүх улс орон эдийн засгийн байдал болоод бараа, бүтээгдэхүүний хувьд нөгөөгөөсөө хараат болсон нийгмийн хамгийн “аймшигт тахал” нь дайн болж хувирлаа. Хоёр жил  гаруйн хугацааны хөл хорионы дараа “сөхөрсөн” эдийн засгаа сэргээхэд улс орнууд гол бодлого, шийдвэрээ чиглүүлэн ажиллаж байв.
Монгол Улсын Засгийн газар ч 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан. Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт III тунд 52 хувь, IV тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарласан. Мөн эдийн засгийн нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан.

Цар тахлын хугацаанд дэлхий нийтээр олон сая хүн ажлын байраа алдаж, олон мянган байгууллагын бизнес дампуурч, хөгжлийн зэргээс үл хамааран улс орнууд бүгд эдийн засгийн хүндхэн байдалтай нүүр тулсан билээ. Харин хатуу хөл хорио, вакцины тусламжтайгаар цар тахлыг ялснаа улс орнууд зарлаж, хилээ нээж, хэвийн байдалдаа шилжлээ хэмээн сэтгэл тэнэгэр байв.

 Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл энэ бүх эерэг төсөөллийг орвонгоор эргүүлсэн билээ. Тэрбээр энэ өдөр Украинаас салан тусгаарласан, тусгаар улс гэдгийг нь зарласан Донецк, Луганскийн  бүс нутгийг Киевийн довтолгооноос хамгаалах зорилгоор Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээ дэлхийд мэдэгдсэн юм. Барууны хэвлэлүүд болоод Украин энэ үйл явцыг дайн хэмээн мэдээлж байгаа бол ОХУ-ын хэвлэлүүд цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрийдэж байгаа юм. Орос болоод Украины хоорондын зөрчил эхэлснээс хойших 30 гаруй хоногийн дотор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, экспорт, импорт гацаж, бараа бүтээгдэхүүний хомсдолд орохын сацуу валютын гүйлгээ хийж, бусад улстай харилцах зах зээл хумигдсаныг энгийн иргэд  мэдэрч эхэллээ. Ийн дэлхийн улс орнуудад дайны сүүдэр хэрхэн тусч байгааг тоймлон хүргэе. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал пүрэв гарагт болох  үеэр Орос, Украины дайн дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашрууллаа гэдгийг зарласан юм.
 
МОНГОЛ УЛСАД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХОМСДОЖ БОЛЗОШГҮЙ
 
Манай улсын хувьд валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларын хомсдол үүсч эхэлсэн талаар иргэд энэ сарын эхээр мэдэгдэж байв. Тэгвэл өдгөө тус төвд валютын арилжаа хийх үйл явц зогссоны сацуу гадаад валютын гүйлгээний хэмжээнд хязгаарлалт тогтоосон гэсэн албан бус мэдээлэл байна. Тодруулбал, хоёр хоногийн өмнө өдөрт гурван сая төгрөгийг гадаад руу шилжүүлэх боломжтой байсан бол өчигдрийн байдлаар нэг сая болж багассан хэмээн иргэд гомдоллож эхлэв. Дайны байдлаас шалтгаалан ам.долларын ханш өсөх магадлал өндөр байгаатай холбоотойгоор тус төвийг зохиомол хомсдол үүсгэж байна хэмээн хүмүүс хардаж байна. ОХУ, Украины зөрчил эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд манай улсад ам.доллар 2862 байсан бол гуравдугаар сарын 27-ны байдлаар 2923-д хүрээд байна.
Үүнээс гадна шатахуун, эрчим хүчээ ОХУ-аас  экспортолдог Монгол Улсын хувьд хоёр улсын зөрчил хурдан дуусаасай хэмээн залбирч сууна. Цар тахлын үед чадлынхаа хэрээ ажилласан Монгол Улсын Засгийн газар ийнхүү дахин дайны сорилттой нүүр тулж байна. Зөвхөн өнгөрсөн сарын статистик дүнгээр инфляци улсын хэмжээнд 14.2, нийслэлд 15.5 хувьд хүрээд байна. Үүний 36 хувийг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Улмаар нийслэлд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.2 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь хүнсний хомсдолд хүргэх эрсдэлтэйг эдийн засагчид анхаарууллаа.  Харин албаныхны зүгээс тийм нөхцөлд хүргэхгүй гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун “Хүнсний хомсдол үүсэхгүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн хомсдол үүсэх болов уу гэж харж байна. Бидний зүгээс нөхцөл байдлыг ажиглаж байгаа” гэсэн бол Гаалийн ерөнхий газар “Хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн импортлогч аж ахуйн нэгжүүдэд тодорхой саналууд өгсөн. Гаалийн ерөнхий газраас хилээр гурван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний доллар гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг залруулсан. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
 
ЕВРОПЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ “ГАЦАВ”
 
ОХУ-ын Украин дахь  түрэмгийлэл эхэлсний дараа буюу гуравдугаар сарын эхний долоо хоногоос Европын эдийн засгийн сэргэлтийн үйл явц удшааширсан гэж  “The Wall Street Journal” сэтгүүл мэдээлэв. Тодруулбал, хоёр улсын зөрчлийн улмаас Европт  түүхий эдийн материал болон эрчим хүчний үнэ огцом өсч, дайны нөлөөллийг хамгийн эхэнд  мэдэрчээ. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь хэрэглээний үнийг өсгөж Европ тив дайны нөлөөг хамгийн ихээр хүртэнэ хэмээн эдийн засагчид үзэж байна. Европын олон орон газрын тос, байгалийн хий гэсэн эрчим хүчний эх үүсвэрээ дамжуулах хоолойгоор ОХУ-аас авдаг. Дайн эхлэхээс өмнө Европт эрчим хүчний үнэ өсч байсан учир нийлүүлэлт тасарч болзошгүйтэй холбоотойгоор цаашид улам их нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна. Эрчим хүчний салбарын үнийн өсөлт нь бусад салбарт нөлөөлж бизнес эрхлэгчид үнээ нэмж эхэлсэн талаар “The Wall Street Journal” сэтгүүл мэдээлэв.
Энэ талаар “S&P Global” компанийн бизнесийн ахлах эдийн засагч Крис Уилъямсон “Орос, Украины дайн цар тахлаас үүдсэн үнийн дарамтыг улам нэмэгдүүлж, хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо” гэж ярьжээ. Тус компанийн мэдээлснээр Европын автомашины  зах зээл дайны нөлөөг хамгийн ихээр хүртжээ. Учир нь Украинд үйлдвэрлэдэг зарим эд ангийн нөөцгүй болж улмаар үйлдвэрээ хаахад хүрсэн байна.
 
FORTUNE: ОРОСУУД ХАДГАЛАМЖАА АЛТААР “СОЛЬЖ” ЭХЭЛЖЭЭ
 
Орос Украин руу довтолж эхэлсэн эхний өдөр нэг ам.доллар 84 рубльтэй тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар 102 ам.доллар болж нэмэгджээ. Энэ нь гуравдугаар сарын 7-ны 154 рубльтэй харьцуулахад бага үзүүлэлт юм. Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ рублийн ханшид нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна.Тодруулбал, АНУ болоод түүний холбоотон орнууд Оросоос нефть импортлохоо зогсоож, “Coca cola”, “McDonald’s” тэргүүтэй том компаниуд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Рублийн ханш суларсантай холбоотойгоор ОХУ-ын иргэд бэлэн мөнгөө гадаадын мөнгөн тэмдэгтээр сольж эхэлжээ. Үүний дараа тус улсын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 9.5-20 хувь болгон нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Харин эрх баригчид гадаад руу мөнгө шилжүүлэх болоод рублийг гадаад мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлэхийг хязгаарласан гэж “Fortune” сэтгүүл мэдээлжээ.

Ийн Оросын иргэд өөрсдийн хөрөнгийг хамгаалахын тулд алт худалдан авах нь эрс нэмэгдсэн учир Төв банкнаас алтны худалдан авалтаа зогсооход хүрчээ. Тус улсын “Sberbank” санхүүгийн компанийн мэдээлснээр дайн эхэлснээс хойш алт, палладий гэсэн үнэт металуудын эрэлт дөрөв дахин нэмэгджээ. Тиймээс тус банк иргэдийг хадгалам­жаа хамгаалахад туслахын тулд үнэт металь худалдах офиссын тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Орос бол байгалийн хийн хамгийн том, нефтийн хоёр дахь том экспортлогч орон юм. Тиймээс хоёр улсын зөрчлийн улмаас байгалийн хийн үнэ хоёр дахин нэмэгдэж, нефтийн үнэ сүүлийн 14 жилд байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн гэж BBC мэдээлэв.  Ингэснээр Их Британийн айл өрх шатахуунд жилд 3000 гаруй фунт стерлинг зарцуулна хэмээн судлаачид тооцоолжээ. Европын орнууд, Их Британи, АНУ төдийгүй Турк, Хойд Африк зэрэг Орос, Украинаас улаан буудай, эрдэнэшиш импортолдог орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэй байна.  Эдгээрээс гадна барууны орнуудад инфлцийн үнэ 10 хувиар өсөх эрсдэлтэйг анхаарууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.