Тэтгэмж нэмэх асуудлыг ӨНӨӨДӨР эцэслэнэ

448

 

Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийсэн билээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн барьсныг хэлэлцэх учиргтай. Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд тэтгэвэр, тэтгэмжийг энэ цаг үед нэмэх нь зөв. Гэхдээ санхүүжүүлэх эх үүсвэрүүдээ тодорхой болгох хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн талаар тооцоо, судалгаа хийж үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байсныг дурдаад тэтгэвэр, тэтгэмжийг огцом нэмснээр цаашид цалин, хөлсний доод хэмжээ, халамжийн мөнгийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийн асуудлууд яригдаж эхэлнэ. Иймд цаашдаа бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Төсвийн тухай хуулиар төсвийн орлого буурвал төсөвт тодотгол хийдэг үндсэн зарчимтай. Төсвийн орлого давбал тэр нь хэмнэгдээд үүсээд байгаа өрийг барагдуулах үндсэн агуулгатай нийцэхгүйгээр төсвийн тодотгол хийх гэж байгааг анхааруулахын зэрэгцээ өнөөдрийн шийдвэрээр 650-700 тэрбум төгрөгийн нэмэлт хийх нь. 2023 он гэхэд энэ тоо нэг их наяд төгрөгт хүрнэ. Үүнтэй холбоотойгоор цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдахыг онцгойлон сануулж байлаа.

Энэ хүрээнд Монгол Улсын 2022 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өргөн барьсныг хэлэлцэх эсэхийг гишүүдийнх олонх дэмжсэн. Харин өнгөрөгч бямба гарагт УИХ-ын Байнгын хороод хуралдан төсвийн тодотголыг хэлэлцэн дэмжээд байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан.

Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо.

Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй” гэж байлаа. Байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг эцэслэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.