Цэцийн дарга Н.Чинбатыг Дээд шүүх шахаж эхлэв үү?
Дээд шүүх "Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр цахим хуудастаа байршуулсан байв. Энэ дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн ажлын цаг дуустал Цэцийн гишүүний албан тушаалыг сонирхогчдын материалыг хүлээн авчээ. ШЕЗ-ийн даргаас саяхан чөлөөлөгдсөн Э.Батбаяр мөн ШЕЗ-ийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлж, анкетаа өгсөн байна.
Дээд шүүхийн бүх шүүгч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Цэцийн гишүүнд нэр дэвшсэн ШЕЗ-ийн гишүүн асан хоёр эрхмийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй байна. Иймээс Дээд шүүхийн бүх шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Цэцийн гишүүний "сонгон шалгаруулалт”-ыг зохих журмын дагуу дахин нээлттэй зарлахаар болжээ.
Ингээд Дээд шүүхээс Цэцийн гишүүнд шинээр санал болгох хүнээ сонгох ажил түр хойшлов.
Хуульд зааснаар, Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Дээд шүүх санал болгож, УИХ томилдог. Өнөөдрийн байдлаар Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан хэн нэгэн гишүүн байхгүй гэсэн үг.
Тэр тусмаа, сонгон шалгаруулалт зарлаад байгаа Дээд шүүхийн санал болгосон Цэцийн дарга Н.Чинбат, энэ жил томилогдсон Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар гурав үүргээ гүйцэтгэж буй.
Гэхдээ Дээд шүүхээс хүнээ сонгочихвол дээрх гурван гишүүний нэг нь Цэцийн гишүүнээс татагдах болно.
Харин хэн, ямар учраас Цэцийг орхих ёстой болсон нь ойлгомжгүй байгаа юм.
Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгааны талаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.3-т "...Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно”, 5.4-т "...Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно”, 5.5-д "...Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно” гэсэн заалтууд байна.
Энд зааснаар хэн нэгнийг чөлөөлөх шалтгаан бас л алга. Лав энэ гурван эрхмийн хэнтэй нь ч холбоотой эгүүлэн татагдах, хугацаанаасаа өмнө буух шалтгаан олдохгүй байна.
Гэвч Дээд шүүх нэгэнт ажил болгоод Цэцийн гишүүнийхээ нэг орон тоон дээр "сонирхогчид”-ын материалыг аваад эхэлсэн. Тийм учраас тэдний "бай” нь Цэцийн дарга Н.Чинбат болж таарч байгаа юм. Н.Чинбатын хувьд дээр хэлсэнчлэн эгүүлэн татагдах, чөлөөлөгдөх "хэрэг” хийгээгүй.
Харин түүний ганц "сул тал” нь Цэцэд арай удсан. Тэрбээр 2017 оны зургадугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон. Дахин хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа үлдсэн. Бас нөгөөдүүлээсээ ахимаг настай. Гэлээ гээд хугацаанаас нь өмнө чөлөөлөх нь бас л хуулиар хориотой.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.6-д тодорхой заачихсан. Тэнд "...Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтооно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно” гэсэн байдаг.
Үүнээс гадна Цэцийн гишүүний бүрэн эрхийн тухайд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 4.1-т "...Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байна” гэж заасан. Энэ нь насны доод хязгаар байхаас дээшээ хязгаарлахгүй гэсэн үг. Цаашлаад 4.2-т "...Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ”, 4.3-т "...Yндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гэж заасан.
Бүр томруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т "... Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заажээ.
Иймээс, хэрэв Дээд шүүх хэн нэгнийг сонгоод Н.Чинбатын оронд зүтгүүлэх гэж байгаа бол Үндсэн хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль дээгүүр харайх болно. Мундаг өндөр харайна шүү.
Гэсэн ч ямар "цоорхой”-гоор яаж хийхээ Дээд шүүхийн том дарга нар төлөвлөчихсөн л байх. Харамсалтай нь Дээд шүүхийн үндсэн үйл ажиллагаа, нэр хүнд, 97 жилийн түүх л харлаж хоцорно доо?!
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин