Эрээн хилээ нээсэн талаарх ХОРЖООНТОЙ мэдэгдлүүд
-Хятадын талаас Эрээн-Замын-Үүдийн боомтын чингэлэг тээврийг эхлүүлэх албан шийдвэрээ гаргаагүй-
Хилийн боомтоо сайжруулах 30 жилийн мөрөөдөл тээж, үүнийгээ сүүлийн 5-6 жил зорилтот ажил болгож ярьсан төр, засаг цар тахлын хүчинд иргэд нь Эрээний боомтоор хэрэглээгээ хангаж, орлогоо Гашуунсухайтаар олдог гэдгээ ойлгож байгаа нь хоржоонтой. Ер нь цар тахал дэгдсэн цагаас эхлэн хил гааль нээж, хаах талаар гадна, дотны өндөр түвшний мэдэгдлүүд удаа дараа гарч, биднээр даажигнасаар байна. Эдгээрээс хамгийн том нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр сарын өмнө, өнгөрсөн аравдугаар сарын 12-нд Хятадын Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярьж, хил гаалийн асуудлыг бүрэн шийдсэн талаар мэдээлэл цацаж байлаа.
Хоржоонтой нь хэлж тохирсон урд хөрш маань тэр өдрийн маргааш нь буюу аравдугаар сарын 13-наас Монголыг КОВИД-19 цар тахлын голомт гэж үзэн Эрээний боомтоо бүрэн хаасан. Монгол Улсын хэрэгцээг хангадаг Эрээний хилээ хааснаар хүнсний дэлгүүрт гялгар уут ч олдохоо болив. Түүний дараахан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар чинжүү, өргөст хэмх тэргүүтэй нарийн ногоо оруулж ирэх асуудал хэлэлцэж, шийдвэрлэн энэ салбарт тусгай бодлого гаргасан. Авто замын боомтоор оруулж ирдэг байсан жимс жимсгэнээ төмөр замынх болгож, хурдан хугацаанд арга хэмжээ авав.
Ийнхүү Ерөнхий сайд урд хөрштэй цахим харилцаа тогтоосноос хоёр сарын дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас Эрээнээс-Замын-Үүдийн авто замын боомтыг нээж, хоёр улс хилийн тэг цэг дээрээс ачаа бараа өгөлцөж авалцахаар болсон гэдгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин дуулгав.
Тэрбээр эхний ээлжинд аравдугаар сарын 13-наас хойш Хятадын талд гацаад байсан 150 автомашинаа татаж авна гэсэн. Үнэхээр түүний хэлсний дагуу Эрээний боомт нээжээ. Хоржоонтой нь Замын-Үүдийн жолооч нар хоосон автомашинуудаа татаж авч байгаа бичлэгийг газар дээрээс нь хийн цахим орчинд цацаж иргэд биднийгээ баярлуулав.
Өнгөрсөн зун Эрээний зээлээс намрын хувцсаа захиалаад авч чадаагүй иргэд энэ талаар Замын-Үүдийн боомт дахь албан тушаалтнуудаас тодруулахад "Бараа таваартай чингэлэг тээвэр эхлэх нь эхэлнэ. Бид дээрээс өгсөн бүх зүйлийг бэлтгэж, туршилт хийн бэлэн болгосон. Хятадын талаас албан ёсны шийдвэр гаргаагүй байна” гэсэн байна. Харин манай талын албаныхны мэдээллээр, өнгөрсөн гурав хоногт нийтдээ 30 орчим хоосон машинаа Хятадын талаас татаж авсан бөгөөд цаашдаа ажил жигдэрвэл өдөрт 50 чингэлэг ачаа татах аж.
Хоржоонтой нь тээвэрчдийн зүгээс үүнийг урьтан Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл нэг чингэлэг тээвэрлэх хөлсийг 8.8 сая төгрөгөөр байхаар тогтоосон байна. Нэр бүхий тээврийн компаниудын зүгээс давуу эрхээр орсон энэ ажлаа үүнээс хямд үнээр тээвэрлэх боломжгүй хэмээн нэг бус удаа бойкот хийсэн байдаг.
Гэтэл Улаанбаатар төмөр замын нэг чингэлгийг Хятадаас Орос хүртэл транзит хийхэд хоёр сая орчим төгрөгөөр тээвэрлэдэг. Энэ тарифаар бол нэг чингэлгийг Замын-Үүдээс Улаанбаатар хооронд төмөр замаар тээвэрлэхэд дундаж тариф дунджаар 1.3 сая төгрөг байх боломж харагдаад байгаа.
Мөн Эрээний боомт арваннэгдүгээр сарын 27-ноос Монголоос ирэх төмөр замын тээвэрт хязгаар тогтоосон. Хоржоонтой нь Монгол Улсын Онцгой боомтод цочроо өгсөн авто болон төмөр замын боомтуудад ачаа тээвэрт хязгаар тогтоосон дээрх шийдвэрүүдийг Эрээн хотын Онцгой штабаас гаргасан явдал. Тэд монголчууд өнөөг хүртэл бараа таваараа хүний гараар ачиж, тээвэрлэж байгаа нь цар тахлын халдвар зөөвөрлөх шалтгаан болж байна гэж үзсэн байгаа юм.
Хамгийн хоржоонтой нь Эрээнийн онцгой штабын уг шийдвэр Монголдоо технологиор тэргүүлэгч уул уурхайн компаниудын экспортод хаалт болж хувирсан. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, блокчейн технологи, цахим засаглал ярьдаг болсон Монголчууд төмөр замаар тээвэрлэж буй нүүрс,төмрийн хүдэр, жонш гэх мэт нунтаг ачааг улаан гараараа ачдаг болж таарсан. Овор хэмжээ, хүндийн жин ихтэй нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэсийн баяжмалыг хүний гараар ачна гэдэгт итгэхэд бэрх л дээ.
Гэхдээ хятадууд монгол хүний хүрдэг гэж үзээд, дээрх түүхий эдүүдийг чингэлэгт тээвэрлэн авчрахыг тулгасан гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч буй. Жишээ нь, Монголын ард түмний биш юм гэхэд монгол улстөрчдийн саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр сүүлийн арав гаруй хоног зэсийн баяжмалаа урд хөрш рүү гаргаж чадалгүй, экспортын гацаанд орсон үндсэн шалтгаан энэ ажээ.
Уг нь төрийн дээд түвшиндээ гарсан шийдвэр дунд болон доод шатандаа хэрэгждэг бол Замын-Үүдийн боомтын асуудал өнгөрсөн зургаадугаар сард цэгцрэх ёстой байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард Замын-Үүдийн боомтод ажиллахдаа, 30 хоногийн хугацаатай үүрэг өгөөд ирсэн талаараа мэдэгдсэн байдаг. Хоржоонтой нь түүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрсөн бөгөөд боомтуудын байдалд ерөнхийдөө дэвшил гарсангүй. Энэ мэтээр цар тахал монголчуудын дүр эсгэсэн багийг үндсээр нь хуулж байгаа.
Эрүүл мэндийн салбараасаа авахуулаад гадаад харилцаа, онцгой байдал, хил гааль, тээврийн салбарын хөгжил ямар хэмжээнд явааг харуулаад өглөө. Олон ч салбарт бугшсан идээ бээрийг ил болгож, шахахыг нь шахаж өгч байна. Эдгээрийн нэн тэргүүнд хил гааль, түүнд дотроо Замын-Үүд, Гашуунсухайт гэдэг хоёр боомтуудын хөгжил л яригдаад байгаа шүү дээ. Хоржоонтой нь энэ хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад очин "Транзит Монгол Улс” санаачилга дэвшүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурал дээрээ улсаа их газрын боомт болгох шахуу мэдэгдэл хийгээд амжсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН