Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян хэрэгжүүлнэ
Таван толгой түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн. Улмаар галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ.
Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдол хамгийн их тохиолдол дээрх хугацаанд байжээ. Тиймээс галлагааны стандарт алдагдсанаас үүдэж иргэд гэртээ угаартах, улмаар амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар хэлтсүүд, дүүрэг, хороод зэрэг нутгийн захиргааны бүх байгууллага, Таван толгой түлш ХХК, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран дээрх аяныг эрчимтэй өрнүүлнэ. Энэ хүрээнд айл өрхүүдэд яндан, пийшингээ хэрхэн хөөлөх, галлагааны стандартыг яаж баримтлах талаарх заавар зөвлөгөөг хүргэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулах юм.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн түрээсийн төлбөрийн орлогыг 100 хувь тухайн сургуульд төвлөрүүлнэ
”Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн түрээсийн төлбөрийн орлогыг 100 хувь тухайн сургуульд төвлөрүүлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтын байр, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах санал дүгнэлт гаргасныг Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэг танилцуулав. Улмаар хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэнээр уг тогтоолыг баталлаа.