Улаанбаатар хот хурдны тойрог замтай болно

1 492

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлтэй холбоотой хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
  • “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ. Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм.
    “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд оруулахаа илэрхийлсэн байна.  
Гүүрэн зам барьсанаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолсон байна. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд тухайн жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ.
  • ХУД-т баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр болов. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна.
  • “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хаслаа.
  • Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.