Барилдааны талбайд ёс зүйгүй аашилсан улсын харцага Д.Анарын асуудлыг МҮБХ хэлэлцэнэ

437
Монголын Үндэсний Бөхийн Холбоо мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "Монгол Улсын Засгийн Газар, УОК, НОК-оос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцөлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиогдож байгаа боловч 2021 оны 08-р сарын 10-ны өдөр Дорнод аймагт, 08-р сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо.
 
Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдэж байна.
 
Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд Монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна. Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрмэнд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана. Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно.
 
Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.