Тяньжинд Монголын импортын барааны 4000 чингэлэг бөөгнөрөөд байгааг мэдээллээ

600
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд гадаад худалдааны гол боомт нь БНХАУ-ын Тяньжин юм. Гэтэл "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх боомтод өнгөрсөн сарын 31-ний байдлаар Монгол Улсын импортын барааны 4000 чингэлэг 40-45 хоног сул зогсож байгаа талаар "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо" ТББ-аас өнөөдөр "MN ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. 

Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар Тяньжин боомтын үндсэн 2 терминал чингэлэг хүлээн авах боломжгүй байдалтай болжээ. Боомтод ирэх чингэлгүүдийг өөр, ойролцоо терминал руу шилжүүлж ачихад нэмэлт зардал гаргахаар байдал үүсчээ. Боомтод олон хоног ачаа бараа гацаж байгаагаас дараах эрсдэлүүд үүсч байна гэж мэдэгдлээ. Үүнд: 
  • Хэрэглэгчид ачаа бараа авах хугацаа хойшлох, 
  • Хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусах, бараа бүтээгдэхүүн хаягдах,
  • гаалийн татварын нэмэгдэх,
  • Онцгой татварын шатлалын хязгаарлалттай, үйлдвэрлэсэн огноо бүхий хуучин автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос их болж буй учир уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих,
  • Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа дуусах,
  • улмаар дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдээр тасалдах, үйлдвэрлэлийн зарим шат дараалал сул зогсох зэрэг эрсдэл гарахаар байгааг мэдээллээ. 
Мөн тээврийн өртөг өсөж, нэмж зардал гарч байна. Монгол Улс руу гуравдагч орноос далайгаар тээвэрлэдэг чингэлэг тээврийн 90 орчим хувийг хариуцдаг БНХАУ-ын далайн тээвэрлэгч "Cosco Shipping Lines CO.,LTD" компани нөхцөл байдлаас үүдэн өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлаа өсгөх, боомт дээрх сул зогсолтоос төлбөр авах, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах зэргээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж, тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа аж.  
Нөгөө талаар, гадаадын зарим улс оронд  "COVID-19"-ийн нөхөл байдал сайжирч эдийн засаг эрчимжиж буйтай холбоотойгоор БНХАУ-аас Монголоор дамжин Европ руу чиглэсэн экспортын хэмжээ нэмэгдснээр Эрээн хотын ойролцоох төмөр замын өртөөд түгжрэл ихээр үүсчээ. БНХАУ-ын тал сар бүрийн вагон гараж өгөх боломжгүй байгаа аж. Тиймээс хилийн боомтууд дээр үүсээд буй түгжрэл, үүнтэй холбоотой зардал өсөх зэрэг хүндрэлийг даруй шийдэх хэрэгтэй байгааг мэдэгдлээ. Тухайлбал:
  • Япон, БНСУ-аас импортолж буй автомашинуудыг чингэлгээс нь сулллан Замын-Үүдэд болон гаалийн баталгаат агуулахад түр байрлуулан чингэлгийг буцааж чингэлгийн түрээсээс чөлөөлөх, 
  • Тяньжин боомтод шилжүүлэн ачиж, ачаа барааг баталгаат агуулахад түр хугацаанд байршуулан Монгол Улс руу автомашинаар тээвэрлэх, 
  • БНХАУ-ын талтай автозамын тээврийн хуучин горимын дагуу хийх хугацааг тодорхой болгох,
  • мөн Монгол Улсаас хүлээн авах галт тэрэгний тоог нэмэх саналыг БНХАУ-ын талд тавьж шийдэх талаар мэдэгдлээ. 
Д.Урансолонго
Гэрэл зургийг Т.Чимгээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.