Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Норжмоогийн Цэдэнбал их спортоос зодог тайлж буйгаа өчигдөр /2021.06.01/ мэдэгдлээ.Хөлбөмбөгчин Н.Цэдэнбал: "Өнөөдөр эх үрс бүхэнд аз жаргал хүсч, энэ хорвоод мэндэлсэндээ талархдаг өдөр. Миний хувьд ч бас энэ биеийг минь төрүүлж өсгөсөн тэнгэрт заларч байгаа эмээ өвөөдөө, хажууд минь үргэлж хамт байдаг хайрт ээждээ, их спортод өдий зэрэгтэй болгосон эрхэм багш нартаа, амьдралын маань утга учир байсан хөлбөмбөгтөө талархах өдөр юм. Би 1999 оны 6 сард анх удаа сургуулийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд орсноос эхлээд “хөлбөмбөг” гэдэг гайхалтай сайхан спортод шунан дурлаж, тасралтгүй хичээллэн, өнөөдрийг хүртэл нийт 22 жилийн турш хожил бүхэнд баярлаж, хожигдол бүрээсээ суралцаж, спортын бэрхшээл, жаргал зовлонг туулжээ. Олон сайхан анд нөхөдтэй болж, олон улс оронд очиж, бас “Катар-2022” ДАШТ-ний бүх дэлхийн анхны гоолыг оруулснаараа ОУХБХ /ФИФА/-ны Ерөнхийлөгчөөс “Катар-2022” ДАШТ-ий аваргын тоглолт үзэх урилга авсан зэрэг гайхалтай дурсамжтай сайхан мөчүүдийг мэдэрч өнгөрүүллээ “ хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Тэрбээр, 2000 оноос өсвөр, залуучуудын улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн бөгөөд МХБХ-ны Дээд лигийн 2 удаагийн аварга, МХБХ-ны Цомын 3 удаагийн аварга, мөн 3 удаа лигийн шилдэг тоглогч болжээ.
Анх 2005 оноос Монгол Улсынхаа өсвөр үе, залуучууд нэрийн өмнөөс тоглож, анх 2009 онд шигшээ багтаа дуудагдаж 34 удаа олон улсын албан ёсны тоглолтонд оролцож 7 гоол оруулжээ. 2018 онд Монголын шигшээ баг анх удаа Зүүн Азийн АШТ-д хэсгээсээ шалгарч, уг тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж, 2020 онд хөл бөмбөгийн спортоор ОУХМ цол авчээ. Монголд футзалын спорт хөгжиж эхлэсэн 2015 онд футзалын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын албан ёсны 5 тоглолтонд оролцож 6 гоол оруулжээ.
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлаг