Хятад криптовалютыг “ban” хийж, биткойны ханш унав

484


Хоёрхон хоногийн өмнө БНХАУ-ын банк санхүүгийн гурван том байгууллага криптовалютын гүйлгээг хориглох шийдвэр гаргасан. Ингэснээр Хятадын банк, санхүүгийн байгууллагууд  криптовалюттай холбоотой онлайн төлбөр тооцооны гүйлгээ, арилжаа, клиринг зэрэг үйлчилгээг үзүүлэхгүй болж байна. Энэ бол тоон валютын эсрэг хийж байгаа тэдний анхны алхам биш гэж Ройтерст бичжээ. 2017 онд тус улс криптовалютын арилжааны биржүүдийг хааж байсан бол 2019 онд дотоод, гадаад бүх биржүүд болон вэбсайтууд руу нэвтрэх эрхийг хаасан юм. Гэсэн ч хувь хүмүүс криптовалют эзэмших эрхийг хориглоогүй хэвээр байсан билээ. Гэвч тус улсын санхүүгийн хамгийн том байгууллагууд болох Үндэсний цахим санхүүгийн нийгэмлэг, Хятадын банкны холбоо, БНХАУ-ын Төлбөр тооцооны холбоо криптовалюттай холбоотой гүйлгээ хийхгүй гэж мэдэгдсэнээр үндсэндээ асуудал ойлгомжтой болж байна.“Сүүлийн үед криптовалютын үнэ тэнгэрт хадаж, эсвэл огцом унаж, дамын наймаа сэргэж, хүмүүсийн эд хөрөнгийн аюулгүй байдалд ноцтой халдаж, эдийн засаг, санхүүгийн хэвийн байдлыг алдагдуулж байна” гэж тэд мэдэгдэлдээ онцолжээ.   
 
Мэдэгдлийн дараа биткойн унав 
Хятад улс криптовалютыг дэмжихгүй гэсэн дараагийн шийдвэрээ зарласны дараа биткойны ханш огцом буюу 14 хувиар унаж сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Хятадын ардын банкны “WeChat” дансанд гаргасан хамтарсан мэдэгдэлд банк, интернетийн салбарын холбоод санхүүгийн болон төлбөрийн байгууллагууд криптовалютыг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахгүй, холбоотой  бүтээгдэхүүнийг санал болгох ёсгүй гэсэн мэдэгдэлтэй холбоотой. Өнгөрсөн лхагва гарагийн өглөө Ази тивд биткойны ханш 38500 ам.доллараар арилжаалагдаж байсан гэж “Bitstamp” бирж мэдээлэв. Сүүлийн 12 сарын хугацаанд биткойны ханш 300 хувиар өссөн бөгөөд энэ бол хөөсрөлт гэж Хятадын санхүүгийн байгууллагууд тэмдэглэсэн байна.
Ийнхүү дэлхий даяар криптовалютын асуудал янз бүрээр өрнөж байна. Нэгдсэн чиглэл байхгүйгээс тоон валют ашиглан хил хязгааргүйгээр гүйлгээ тооцоо хийх боломж улам хязгаарлагдах болов. АНУ-д энэхүү виртуал хөрөнгийг бүхий л талаар дэмжиж хөрөнгө оруулагчдад криптовалют худалдаж авахад хялбар болгож, олон нийтийн зах зээл дээр крипто биржүүдийн жагсаалтыг гаргахыг зөвшөөрч,  томоохон санхүүгийн байгууллагууд болох Голдман Сакс, JPMorgan зэрэг байгууллагууд дижитал валютаар хийх хөрөнгө оруулалтыг санал болгож байгаа билээ. Гэвч үүнтэй зэрэгцэн улс орнуудын виртуал хөрөнгийн эсрэг хийж байгаа энэ  үйлдлүүд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж эхэлснийг судлаачид онцолж байна.
 
Дижитал юаниар дамжуулан хяналт тавина 
Виртуал хөрөнгийг ийнхүү бүх талаар блоклож байгаа нь Хятад улсын хэрэглээнд нэвтрүүлсэн дижитал юаньтай холбоотой. Засгийн газраас нь албан ёсоор гаргаж, хяналтын систем нь найдвартай, хуулиараа сайтар хамгаалагдсан цахим мөнгийг иргэд нь хэрэглэж эхэлж байгаа. Тэр ч байтугай дижитал юанийг олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ноёрхож ирсэн америк долларыг зах зээлээс шахна гэдгээ ч тэд илэрхийлсэн. АНУ-ын гол өрсөлдөгч Хятад улс үндэснийхээ дижитал валютыг моданд оруулж, виртуал хөрөнгийг зах зээлээсээ шахаж байгаа нь Вашингтонд түгшүүртэй байдал үүсгэлээ гэж “Wall street journal” онцлон бичжээ. Гэвч америк доллар олон улсын гүйлгээний 88 хувийг эзэлж байгаа бөгөөд түүнтэй өрсөлдөх нь тийм ч амархан зүйл биш гэж эдийн засагчид үзэж байгаа аж. Гэхдээ цахим юань нь АНУ-аас мөнгө солилцох арга замыг эрэлхийлж байгаа хүмүүст хэрэг болох бөгөөд АНУ-ын засгийн газар хяналт тавьж чаддаг swift сүлжээг ашиглах шаардлагагүй болно гэж үзэж байна.
Цахим юанийн хэрэглээ нь маш амархан байгаа нь хэрэглэгчдэд таатай байгаа аж. Хэрэглэгчийн гар утсан дээр суурьшсан цахим мөнгөөр гүйлгээ хийхэд интернэт сүлжээ шаардлагагүй аж. Банкирууд болон бусад шинжээчдийн үзэж байгаагаар Бээжин эцэст нь бүх мөнгөө дижитал хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Улс төрийн өнцгөөс нь харвал тоон хэлбэрт шилжүүлсэн мөнгө нь гаргаж буй иргэдийнхээ санхүүгийн зарцуулалтыг бодитоор хянах,  цаашлаад үүний тусламжтайгаар авторитар дэглэмийг чангатгах асар их шинэ хүчийг олж авах болно гэсэн дүгнэлтүүд ч энд тэнд харагдана. Гэхдээ Хятадын төв банк энэ мэдээллийг нотлохгүй байгаа юм.
Энэхүү шинэ технологийг илүү их мөнгө гүйлгээнд оруулах арга хэрэгсэл болгон ашиглахгүй, учир нь тоон хэлбэрээр гаргасан юань бүр бодитоор гүйлгээнд байгаа нэг юанийг үгүйсгэх болно гэж мэдэгджээ. Тэгээд ч хятад иргэд Alipay, WeChat зэрэг цахим мөнгөний аппликейшнуудыг нийтээр хэрэглэж, бэлэн мөнгөний хэрэгцээ бараг шаардлагагүй болчихоод буй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин2021.5.20 ПҮРЭВ № 103 (6580)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.