Зүүн бүсийнхний цахилгаан доголдвол Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатараас хариуцлага нэхээрэй

380
 
"Дорнод бүсийн эрчим хүчний систем (ДБЭХС)” ТӨХК буюу Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, бүр сагсуурч буйг орон нутгийн иргэд баримттайгаар мэдээлэв. Түүний гаргаж буй үйлдэл Монгол Улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөнийг ДБЭХС-ийн Дотоод хяналтын албанаас удаа дараа сануулж, Г.Отгонбаатар зөвшөөрч гарын үсэг зурсан аж. Гэвч Г.Отгонбаатар УИХ-ын гишүүн худтайдаа бардсан уу, эсвэл хуулиа мэддэггүй юм уу, ямартай ч Дотоод хяналтын албанаас гаргасан дүгнэлтийг үл хэрэгсэн, алдаагаа давтсаар байгаа гэнэ. Тиймээс арга барагдсан ДБЭХС-ийн зарим инженер, ажилтан Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт, үнэлгээний бодлогын хороонд гомдол гаргажээ. ДБЭХС-ийнхэн эрчим хүч үйлдвэрлэж, зүүн бүс тэр дундаа Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум суурин газар, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг цахилгаанаар хангадаг.
Гэтэл Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар Сүхбаатар, Дорнодын мянга мянган аж ахуйн нэгж, айл өрх, уурхайг цахилгаан, дулаангүй болгож мэдэх эрсдэлтэй алхам хийсэн байна. Бүр тодорхой хэлбэл, өнгөрсөн онд тус ДБЭХС-д тэжээлийн усны насос худалдан авах шаардлага үүсжээ. Үүний дагуу Г.Отгонбаатар дарга Тендерийн үнэлгээний хороо байгуулсан байна. Ингээд тендер шалгаруулах хороо тус станцад тэжээлийн усны насос худалдаж авах тендер зарласан байна. Тус тендерт "Эрчим маш” компани 279 400 000, "Эрчим он” компани 265 243 248 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бол "Дархан ар шанд” компаниас хамгийн их буюу 294 800 000 төгрөгөөр  тэжээлийн усны насос нийлүүлнэ хэмээжээ. 
Тендерийн үнэлгээний хороо оролцогчдод заавал 14 хоногт барааг нийлүүлэх шалгуур тавьсан аж. "Эрчим маш”, "Эрчим он” компанийнхан уг барааг 100 хоногт нийлүүлэх боломжтой хэмээсэн бол "Дархан ар шанд” компанийнхан хамгийн их үнийг санал болгосны дээр 14 хоногт тэжээлийн усны насос нийлүүлэх боломжтой хэмээснээр ялагч болжээ.
Харамсалтай нь, "Дархан ар шанд” компанийнхан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд тэжээлийн усны насосыг 14 бус, 100  хоногийн дараа станцад хүлээлгэн өгчээ. 

Үндэсний аудитын газраас ДБЭХС ТӨХК-д санхүүгийн аудит хийсэн байна. Ингээд Тендерийн үнэлгээний хороо тендер зарлахдаа Тендерийн бичиг баримтыг тодорхой нэг бэлтгэн нийлүүлэгч рүү чиглүүлэн боловсруулж, биелүүлэх боломжгүй шаардлагаар бусад оролцогчийг шахан гаргасныг ил болгожээ.  Түүгээр барахгүй гэрээгээ хугацаандаа биелүүлээгүй байхад гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй, алданги тооцоогүй. Гэрээний дагуу тооцох алдангийн дүн 29 450 000 төгрөг  болсон хэмээн дүгнэжээ.

 
Хамгийн гол нь "Дархан ар шанд”-ынхны нийлүүлсэн тэжээлийн усны насос одоог хүртэл ажиллахгүй байгаа аж. Тийм атал  ДБЭХС-ийн удирдлага 294 сая төгрөгийн төлбөрийг аль хэдийн тус компани руу шилжүүлснийг шилэн данснаас харж болно. Тиймээс зүүн бүсийнхний цахилгаан доголдвол Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатараас хариуцлага нэхээрэй гэдгийг станцынхан хэлж байна.
ДБЭХС долоон үндсэн насостой. Эдгээрийн аль нэг насос эвдрэхэд өндөр үнээр худалдан авсан дээрх тэжээлийн усны насос "гал алдуулахгүй”, аюулгүй ажиллагааг бүрэн хангах үүрэгтэй. Гэтэл "Дархан ар шанд” компанийнхан бусад насостой зохицохгүй өөр үйлдвэрт үйлдвэрлэсэн хуучин тэжээлийн усны насос нийлүүлснийг станцынхан ярьж байна.
Мөн Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нутгийн удирдлага өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний бодлогын хорооны дарга Б.Мөнх-Оргилын тооцоолсноор ДБЭХС-ийн удирдлага 150 гаруй сая төгрөгийг үргүй зарсан гэнэ. Тэрбээр http://nprom.ru/nasos-pje-150-53.html сайт руу орж, 294 сая төгрөгөөр авсан тэжээлийн усны насосын үнийг судалсан байна. Ингэхэд уг тоноглолын зах зээлийн бодит үнэ нь шинэ насос+хөдөлгүүр+суурьтай нь авахад 1,080,000+821,000= 1,901,000 рубль буюу 72.618.200 төгрөг (2021.5.05-ны ХААН банкны ханшаар бодов) болжээ.Тиймээс Б.Мөнх-Оргил  ДБЭХС станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар болон Тендер шалгаруулах хорооны дарга, гишүүдийг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан байна. АТГ-т гаргасан хүсэлтэд "ДБЭХС-ийн удирдлагатай холбоотой гомдол мэдээлэл манайд ирдэг. Үүний судалж үзэхэд ноцтой хор уршиг дагуулах эрүүгийн шинжтэй үйлдлүүд байгаа тул шалгаж өгнө үү” гэжээ. Бид ирэх долоо хоногт тус хүсэлтэд дурдсан гүйцэтгэх захирал Г.Отгонбаатартай холбоотой өөр асуудлыг баримттайгаар дэлгэх болно.Үргэлжлэл бий. 
ЭХ СУРВАЛЖ: UNUUDUR.MN 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.