Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох үнэт цаасыг ӨНӨӨДРӨӨС олгож эхэлнэ
Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, тэтгэврийн зээл авсан 228.5 мянган ахмадуудын зээлийг 763 тэрбум төгрөгөөр тэглэсэн. Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгох болсон. Уг ажил ийнхүү хэрэгжиж өнөөдрөөс буюу 2021 оны 05-р сарын 10-ны өдрөөс олгогдож эхлэхийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан. Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ. Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй учраас салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг олгох юм. Харин 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж мөнгөжүүлэх хуулийн дагуу 194 мянган ахмадад 184 тэрбум төгрөгийн үнэт цаас олгогдох буюу дансанд нь орно. Харин нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 44 орчим ахмадад нэг сая төгрөгийн зөрүү дээр нь 21.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдох аж.
Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан үнэт цаасыг өвлөн авах хүмүүсийн дансанд байршуулах зэрэг ажлын зохион байгуулалт хийнэ" гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.