ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээд тохиолдсон эрүүдэн шүүлт нэг ч Монгол хүнд тохиолдох ёсгүй

450

 

Эрүүдэн шүүлт, гүйцэтгэх ажиллагааны дарамт шахалтаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр түүнтэй уулзлаа. Тэрээр эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг Т.Чимгээгийн ахаас хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.

Улмаар Х.Нямбаатар сайд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдах гэж байгааг дуулгалаа. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүслээ. Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Ял эдэлж байгаа ч эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүнийг оруулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол эрүүдэн шүүлт мөн. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орсон улсын нэг. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ганц ч Монгол хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг ажиллана. Цаашид Т.Чимгээд тохиолдсон ийм зүйл нэг ч монгол хүнд тохиолдох ёсгүй” хэмээн мэдэгдэв.

Энэ үеэрээ цагдаагийн алба хаагчидтай уулзаж, өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч холбогдох арга хэмжээ авахыг үүрэгдсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.