Д.МАНДАХ: "Сургалт гэдэг бол зөвхөн нэг талын үйл ажиллагаа биш"
ӨС: Сайн байна уу? Танаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авахыг хүссэн юм. Өнгөрсөн хичээлийн жилийн хаврын улиралд сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдаж төгсөлт хийсэн гэж ойлгож байгаа, сургалтын чанарын хувьд ямар байсан гэж дүгнэж байна вэ?Д.М: Танай уншигчдын энэ өдрийн амгаланг айлтгая. Өнгөрсөн хичээлийн жилд сургалт цахим хэлбэрээр явагдаж төгсөлт хийгдсэн. Мэдээж чанарын хувьд 100 хувь байсан гэж хэлж чадахгүй, гэхдээ гэнэтийн зүйлд харьцангуй бэлэн байсан гэж баттай хэлж болно. Манай сургуулийн хувьд “Сургалтын удирдлага, мэдээллийн систем” буюу сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулах программ хангамж, дэд бүтэц, техник хэрэгсэл болон багш нарын нөөц бэлэн байсан, түүний ачаар багш, оюутнууд маань хугацаа алдалгүйгээр цахимаар ажиллах боломж бүрдсэн, төгсөлт ч цахимаар хийгдэж бакалаврынрын 92 оюутан дипломоо хугацаанд нь гардан авсан байгаа. Хичээлийн жилийн эцэст цахим хичээлүүдийн талаар арваад мянган оюутнаас сэтгэл ханамжийн судалгаа авахад 85 хувь нь хичээлийн чанарыг хангалттай гэж үзсэн дүн мэдээ гарсан.
ӨС: Тэгвэл өнгөрсөн улирлын хичээл хэрхэн явагдаж өнгөрөв?Д.М: Өнгөрсөн улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж өнгөрлөө. Цар тахлын аюулаас болоод хичээл сургалт маань цахим хэлбэрээр явагдлаа, гэхдээ бас ч үгүй нэлээд хугацаанд танхимын сургалтууд орж багш нар маань оюутнуудтайгаа хэсэг хугацаанд амжилттай ажиллалаа. Мөн хугацааг ашиглаад бид цахимаар хийх боломжгүй байсан туршин заах дадлага, багшлах дадлага болон лаборатори хичээлүүдээ нөхөн хийж амжсан. Ер нь танхимын сургалт цахимаар явагдах боломжтой байдаг бол багшлах дадлага өөрөөр хэлбэл оюутан яг ЕБС дээр очиж хүүхэдтэй тулж ажилладаг дадлагын ажил болон байгалийн ухааны болон бусад лабораторид ордог хичээлүүдийг хийх боломжгүй байсан, үүнийг хийж амжсанаар суралцагч оюутнуудын маань цаашдын сургалт, тэгээд төгсөх ангийнхны хувьд хугацаа хойшлохгүйгээр төгсөх боломж бүрдсэн гэж ойлгож болно. Бид энэ хүнд үед оюутнуудаа хугацаа алдахгүй сургалтанд нь хамруулаад, мөн хугацаа алдахгүйгээр төгсгөх юм сан гэж л хичээж байна. Ингэснээр энэ өвөл бакалаврын 488 оюутан 3,5 жилээр төгсөж байна. Өвлийн төгсөлтийн хувьд оюутнууд сурах хугацаагаа хичээл сонголтоороо зохицуулсан, зохих шаардлага хангасан хүүхдүүд байдаг. Мөн 167 оюутан магистрын зэргээ амжилттай хамгааллаа.
ӨС: Танай сургууль дээр намар ковидын халдвар илэрсэн тухай мэдээлэгдэж байсан, тэр талаар тодруулбал?Д.М: Манай сургууль дээр бол өвчин илрээгүй, өөрөөр хэлбэл голомт үүссэн зүйл байхгүй. Харин манай сургуулийн оюутан халдвар авсан зүйл гарсан. Бид шуурхай ажиллаж зохих журмын дагуу хөл хорио тогтоож тухайн үйл явдлыг давсан. Үүнтэй холбоотойгоор оюутны байранд хөл хорио тогтоож, оюутны байрны хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулан ариутгалын бодис, хэрэглэл тэр ч байтугай хүнсний тусламж үзүүлсэн байгаа. Лав 100 гаруй сая төгрөгний тусламж олгосны хүчинд халдвар ямар нэгэн байдлаар тархалгүйгээр оюутнууд маань гэр гэртээ харьж чадсан. Энэ бол маш чухал зүйл. Энэ ажилд БШУ-ны яам, МУЗН болон Өвөрмонгол дахь төгсөгчдийн холбооныхон маань тусламжийн гараа сунгасан. БШУ-ны яамнаас оюутнуудад хүнсний тусламж болон оюутны харих замын зардлыг шийдэж өгсөн нь ихээхэн тустай үйл болсныг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Дашрамд БШУ яам, МУЗН болон Өвөрмонгол дахь төгсөгчдийн холбооныхондоо талархаж байгаагаа оюутнуудынхаа өмнөөс илэрхийлье!
ӨС: За баярлалаа. Сургалтын төлбөрийн талаар тодруулах зүйл байна? Танай төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдсэн үү?Д.М: Сургалтын төлбөр нэмэгдсэн зүйл байхгүй, ер нь манай улсын хувьд их, дээд сургуулийн сургалтын төлбөр дэлхийн жишгээс харьцангуй доор байдаг нь нууц биш. Та бүхэн мэдэж байгаа өнөөдөр хорь, гучин мянган долларын төлбөртэй ЕБС-үүд олон болсон, гэтэл их, дээд сургуулийн буюу мэргэжлийн боловсролын байгууллагуудын төлбөр бага байсаар л байна. Яг улс орны эдийн засгийн байдал, хөгжлийн хандлага, инфляцийн түвшин ярих юм бол их, дээд сургуулиудын сургалтын төлбөр лавтайяа 10-15 сая төгрөг байх ёстой гэсэн тооцоо бий. Гэтэл манай амьдралын нөхцөл байдал ийм байх боломжгүй, бид жирийн ард түмнийхээ хүүхдүүдийг мэргэжил боловсролтой болгох үүрэг хүлээсэн хүмүүс, иймээс сургалтын төлбөрийг хамаагүй нэмэхгүйгээр өнөөг хүртэл бага хэмжээний төлбөртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Мөн 2018 оноос их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төрөөс санхүүжүүлэхээ зогсоосон. Ингэснээр сургуулиуд зөвхөн оюутныхаа төлбөрөөр санхүүжиж байгаа бөгөөд санхүүгийн хувьд нэлээд хүндрэл гарч байгаа. Мөн багшийн хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж байна, 2030 он гэхэд өнөөдөр 30 мянга орчим байгаа багш нарын тоо 50 мянгад хүрнэ, багшийн мэргэжил эрэлттэй мэргэжлийн тоонд байсаар байна, энэ хэрэгцээг хангахад сургалтын төлбөрийн асуудал чухал юм. Үүнтэй уялдуулан манай сургуулийн хувьд сүүлийн 3 жил зарим сонгох хичээлүүд, гадаад оюутны төлбөрийг эс тооцох юм бол суурь төлбөрийг нэмээгүй байна. Ер нь МУБИС-ийн сургалтын төлбөрийн хувьд онцлог хэд хэдэн зүйлүүд бий. Нэгдүгээрт, төрийн өмчийн болон бусад их дээд сургуультай харьцуулахад төдийлөн их биш бага талдаа байдаг, хоёрдугаарт, элссэн оюутны төлбөрийг хэмжээг төгстөл нь мөрддөг зэрэг онцлогтой.
Ө.С: Оюутны байрны төлбөрийн хувьд?Д.М: Оюутны байрны хувьд ч мөн адил, төлбөр нэмэгдээгүй. Оюутны байрны бүтэн жилийн төлбөр ердөө 450000 төгрөг л байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд хөл хорионоос хамаараад бид хүүхдүүддээ амьдраагүй хугацааны төлбөрийг нь буцаан олгосон. Байрандаа дараа жил үргэлжлүүлэн амьдрах сонирхолтой хүүхдүүд төлбөрөө буцааж аваагүй, намар ирээд байрандаа орсон.
Ө.С: Энэ жилийн хувьд оюутнууд сургалт цахимаар явагдаж байгаа учир төлбөрөө багасгах ёстой гэсэн байр суурьтай байна, та үүнд ямар хариулт өгөх вэ?Д.М: Тийм мэдээлэл гарч байгааг мэдсэн. Бид хөл хорионоос хамаараад улс орны болоод ард түмний амьдрал хүндэрч байгаад дүгнэлт хийж нэгт, төлбөрөө нэмээгүй, хоёрт, намар сургалтын төлбөрөө заавал бүтнээр төл гэсэн шаардлага тавиагүй бөгөөд өөрөөр хэлбэл улирал, улирлаар нь хувааж төлөх боломж олгосон. Тэгээд манай сургуулийн хувьд оюутнуудад олон хөнгөлөлт эдлүүлдэг, тухайлбал нэгдүгээр курст орсон 550-аас дээш оноотой бүх хүүхдийн төлбөрийг 50 хувь, 550-аас дээш оноотой эрэгтэй хүүхэд бол 70 хувь, мөн 650-аас дээш оноотой бүх хүүхэд 70 хувь, 750-аас дээш оноотой бол 100 хувь хөнгөлсөн байгаа. Нийт 5000 гаруй оюутан зөвхөн энэ хөнгөлөлтөд хамрагдсан байна. Сүүлийн 2 жилээр бодвол 2 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлтийг үүнд зарцуулаад байна.
Ө.С: Гэхдээ сургалт цахим хэлбэрээр явагдаж байгаа юм чинь хэмнэлт гарна биз дээ?Д.М: За бараг гарахгүй, учир нь бид оюутан байхгүй гээд халаалтаа зогсоох боломжгүй, тэгэхээр халаалтын зардал төлдгөөрөө төлөөд явж байгаа, багш, ажиллагсдын цалинг багасгах боломжгүй, учир нь багш нар маань ажлаа хийдгээрээ хийж байгаа. Хөл хорионы үед тухайлбал намрын улиралд 476 багш 1321 хичээлийн 22907 цахим контент бэлтгэн програмдаа байршуулж хичээлээ хэвийн орсон. 2019-2020 оны хаврын улиралд 400 гаруй багш, 1000 гаруй хичээлийг цахим болгож 8000 гаруй оюутанд хүргэсэн мэдээтэй байна. Түүнчлэн сургалтын технологийг боловсронгуй болгох, багш, ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор энэ өвөл буюу XII, I сард 5 удаагийн онлайн цуврал сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 412 хүн хамрагдсан байна. Цаашид ч багш, мэргэжилтэн төдийгүй оюутнуудад чиглэсэн онлайн сургалтууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Тэгэхээр ажлаа бүрэн хийгээд байгаа хүмүүсийнхээ цалинг хасах боломжгүй болох нь харагдаж байгаа байх. Яахав цахилгаан болон усны зардал бага зэрэг хэмнэгдэх дүн мэдээ байгаа. Харин оюутнуудын хувьд бол нэлээд хэмнэлт гарна, гадуур байр хөлсөлж суудаг хүүхдүүдийн байрны төлбөр, автобус унааны мөнгө, хичээл практикийн зардал, бие даалтын ажлаас эхлээд бичиг хэргийн зардлууд гээд оюутнуудад мөнгө хэрэг болдог олон зүйл хэмнэгдэж байгаа шүү. Ядаж л гэртээ байгаа юм чинь аав, ээжтэйгээ ярих утасны төлбөрөөс эхлээд хэмнэлтүүд гарч байгаа байх, энэ нь мэдээж эерэг л үр дүн авчирна.
Ө.С: Тэгэхээр сургалт цахимаар явагдаж байна, сургалтын төлбөр нь буурахгүй юм байна, чанар нь ямар байгаа бол?Д.М: Сургалт гэдэг бол зөвхөн нэг талын үйл ажиллагаа биш, өөрөөр хэлбэл зөвхөн сургуулиас тодруулбал багшаас хамаарсан зүйл огт биш. Сургалтын хамгийн чухал субъект нь оюутан шүү дээ. Бид оюутнаа цахим сургалтанд хамрагдах бүх боломжоор хангасан. Сургалтын удирдлага мэдээллийн системдээ олон хөгжүүлэлт хийсэн, үүлэн технологит суурилсан Microsoft office 365 A1 програмын албан ёсны эрхийг авч 700 багш, 15000 оюутанд эрхийг олгож зайны сургалт зохион байгуулах боломж бүрдсэн зэрэг олон ажлуудыг хийлээ. Мөн бүх оюутандаа “Жимобайль”-ийн дугаар авч өгсөн ба уг дугаараар өөрийн сургуулийн программд үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Тэгээд байхад оюутнуудын хандалт зохих шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа нь нууц биш. Энэ бол оюутны хариуцлага, хичээл зүтгэлээс шууд хамааралтай. Дэлхий нийтээр цахим сургалт ердийн зүйл боллоо, цаашид ч улам хөгжих нь тодорхой байна, үүнд манай залуучууд зохицож хэрэгтэй мэдээллийг цаг хугацаанд нь шуурхай авч мэдлэг бүтээж сурах ёстой. Өөрөө цахим хичээлдээ идэвх муутай хандчихаад би завтай байгаа юм чинь, хичээл бага хийж байгаа юм чинь төлбөр буурах ёстой гэдэг байдлаар хандаж огт болохгүй. Яг өнөөдрийн байдлаар МУБИС-ийн “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-д энэ улирлын хичээл орж буй 435 багшийн 1345 цахим хичээл, 17649 контент, 2869 даалгавар, 647 хэлэлцүүлгийг давхардсан тоогоор 50919 оюутны хандалттай цахим хичээл хэвийн үргэлжилж байна. Дэлхий нийтэд ч цахим сургалтаар хаанаас ч, хэн ч сурах боломж улам бүр нээгдсээр байна.
Ө.С: Тэр ч тийм шүү. Тэгэхээр танай сургуулийн хувьд сургалтын төлбөр буурахгүй гэж ойлгож болох уу? Д.М: Тийм ээ, ард иргэдийн маань амьдрал, цалин, орлого төдийлөн сайнгүй байгаа нь үнэн, бас бидний санхүүгийн боломж ч сайнгүй байгаа учир сургалтын төлбөрийг бууруулах боломжгүй байгаа талаар бид дээр дурдсан. Гэсэн хэдий ч бид цар тахлын үед оюутнуудынхаа суралцах болон төлбөр төлөх боломж зэрэгт уян хатан зохицуулалтуудыг хийж байна. Нэгт гэвэл, техник хэрэгсэл, интернэтийн боломж зэргээс шалтгаалан оюутан хичээлээ бүрэн судалж чадахгүй болсон тохиолдолд дараагийн улиралд дахин төлбөр төлөхгүйгээр бие даалт, шалгалт, даалгавраа нөхөн өгч судлах боломжийг олгож байна, хоёрт, оюутан өөрийн мөнгөний боломжид тохируулан хичээлээ сонгон судлах боломжтой, энэ тохиолдолд сурах хугацаа нь ердийнхөөс урт болдог, гуравт, төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай оюутнууд бүрэлдэхүүн сургуулийн захирал, хөтөлбөрийн албанд хүсэлт гарган түр хойшлуулах, эсвэл хуваан төлөх боломжийг тус тус олгож байна.
Ө.С: За баярлалаа, дашрамд асуухад боловсролын хуулийн өөрчлөлтийн талаар орон даяар хэлэлцүүлэг өрнөж байна, энэ талаар?Д.М: Энэ бол манай яамнаас зохион байгуулж байгаа чухал ажил, үүнд манай хамт олон ч идэвхтэй оролцож байгаа. Аливаа хуулийг нийтээр хэлэлцүүлнэ гэдэг нь маш чухал бөгөөд хэрэгжилтийг нь сайн хангаж өгдөг давуу талтай байдгийг би үндсэн хууль батлалцаж явсан хүний хувьд сайн мэдэх юм. Учир нь хүмүүс хэлэлцэж байх явцдаа хуультайгаа танилцаад, санал бодлоо нэмэрлэчихээр гарсан хойно нь хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөн идэвхтэй ханддаг. Бид хуультай холбоотой олон хэлэлцүүлэгт оролцсон, зарчмын хувьд гэвэл, бид нэгэнт боловсрол тэргүүлэх салбар гэж тунхагласан учир дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Канад, Сингапурын жишгээр багш бэлтгэх сургуулийн бүх зардлыг төрөөс хариуцдаг болгоё гэсэн санал гаргасан байгаа. Тэгээд босгыг нь өндөрсгөөд чанартай элсэгчид аваад, сайн сургаад явбал боловсролын чанар, цаашлаад улс орны хөгжилд чанарын өөрчлөлт гарна гэж харж байгаагаа эцэст дурдая.
Ө.С: Танд баярлалаа, таны ажилд амжилт хүсье!Д.М: Баярлалаа.