Голомт банк ЦЕГ, Монголбанктай хамтран “Ятгах тусам нягтал-2” аяныг хэрэгжүүлж эхэллээ

706

Санхүүгийн залилан луйврын гэмт хэргээс сэргийлэх “Ятгах тусам нягтал” гурав дахь удаагийн аяныг 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг  хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардаж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд манай улсад үйлдэгдсэн гэмт хэргийн багагүй хувийг санхүүгийн залилан, луйврын гэмт хэрэг эзэлж байна. Тухайлбал энэ төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх бүр өсчээ.
Ийм учраас Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал учрах аюул занал, хохирлыг таниулах, цахим орчинд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт  өртөж болзошгүй иргэдийн тоо болон хохирлыг бууруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй аян”-ыг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2”  аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор гурван сарын хугацаанд дахин хэрэгжүүлэхээр болж байна.
Тус аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амс буй олон улсын мөнгөн гуйвуулгатай холбоотой залилан, интернэт банк ашигласан цахим залилан, луйвраас хамгаалах, картын залилан луйвраас сэргийлэх, онлайн худалдааны аюулгүй байдал, пин кодны нууцлал аюулгүй байдал зэрэгт хэрхэн анхаарч мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажиллах бөгөөд аяныг хэрэгжүүлэхэд  ЦЕГ, Монголбанк, Голомт банк хамтран оролцоно гэж Монголбанкнаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.