Дэлхийн аварга Б.Буджаргал эхний өдрөөс ТЭРГҮҮЛЖ эхэллээ

511



Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байгаа билээ. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьсан. Энэ зорилгоо биелүүлэх тэмцээн нь одоо АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн юм.


Тэмцээн энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд Б.Буджаргал эхний өдрийн уралдаанаас илт өнгөлж,  эхний 24 цагт 211 км гүйж, нэгдүгээр байрт явж байна. Одоогоор 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035 км гэсэн амжилтаар “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос эзэмшиж байгаа. Б.Буджаргалын хувийн амжилт 834 км. Хэрвээ манай тамирчин одоогийн хурдаа хадгалж чадвал 15 жилийн турш эвдэгдээгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох боломж харагдаж байна. Тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг шалгадаг энэхүү уралдаанд энэ жил ковидоос шалтгаалан олон орны тамирчин оролцож чадаагүй боловч шигшмэл тамирчид нь оролцож байгаа юм байна. Б.Буджаргалын арын тамирчин нэг өдрийн байдлаар 60 км хоцорч байна.

Б.Буджаргалыг дэмжихээр АНУ-ын Чикаго, Кантаки, Лос Анжелос хотуудаас сайн дураараа хүрэлцэн ирж тэмцээний үеэр арын албанд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа монголчуудаараа бахдан баярлаж байна. Тамирчиндаа тэмцээнд оролцох боломж олгон хандив өргөсөн бүх хүмүүс, ивээн тэтгэсэн байгууллагуудад талархал илэрхийлж, аз жаргал хүсье. Б.Буджаргал сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард анх удаа Ази тивд буюу БНХАУ-ын Шямин хотноо зохион байгуулсан зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ төрөлдөө дөрөв дэх удаагаа аварга болж байсан юм.
Үүний өмнө 2017 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр, 2019 оны нэгдүгээр сард мөн АНУ-д болсон зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтэд 787 км зам туулж, аварга болж байсан.

 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.