Гудамжинд валют зарахыг таслан зогсооно
Санхүүгийн зохицуулах хороо гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлсон “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг өнгөрсөн зургаадугаар сард баталсан. Ингэснээр тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрдсэн.
Тодруулбал, иргэд валют худалдах эсвэл худалдан авах бүрт төлбөрийн и-баримтыг шаардаж авах, валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч энэхүү баримтыг заавал өгөх үүрэг хүлээсэн.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь одоогийн валютын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо “Найман шарга” төв болон гадаад валютын арилжаа эрхэлдэг нэр бүхий ББСБ-уудад мөнгөн хөрөнгийн бүтцийг нь тодорхойлох, валютын арилжаа эрхлэх нөхцөл, шаардлагын хэрэгжилт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүргийн биелэлтийг хангаж ажиллаж байгаа эсэх, гудамжинд, зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийдэг байдлыг таслан зогсоохоор хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Учир нь, дээрх журамд гадаад валютын арилжаа нь хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аюулгүй байдлыг хангасан тодорхой нөхцөл, шаардлага бүхий ажлын байранд болон үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоож өгсөн.
Түүнчлэн хувийн дансаар дамжуулан арилжаа хийх, санхүүгийн тайланд бүртгэлгүй, зөвшөөрөгдөөгүй мөнгөн хөрөнгөөр арилжаа хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр ББСБ-уудын санхүүгийн сахилга бат сайжрах, орлого, зардлаа үнэн бодитой тодорхойлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.