ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Ослоор дөрвөн амь нь тэнгэрт дэвшиж, үлдсэн гурван зүрхээ аврахаар тэмцэж буй ГЭР БҮЛ

101


“Эхлээд охин маань тэнгэрт одоход гэр бүлийн минь гэрэл гэгээ түрүүлээд явчихлаа л гэж бодсон. Дараа нь, нөхөр минь өөд болоход “тэр маань охиндоо хань болох гээд одчихов уу даа” гэж өөрийгөө тайвшруулсан. Харин хүү минь нас барахад… бодох ч зүйл олддоггүй юм билээ” хэмээгээд тэр цурхиртал уйллаа.
Аймшигт ослоор ээжийгээ, ханиа, хоёр үрээ алдсан эмэгтэй Өмнөд Солонгосоос нулимстай, нуранги шиг хүнд гунигтай ярьж байна…
-ОСОЛ- 
Долдугаар сарын 15-ны өдөр тэр осол болсон. “Учиртай” гэлцдэг Архангай аймгийн Цагаан даваа. 300 литр шатахуун тээж явсан ачааны машины тоормоз гэнэтхэн ажиллахаа больсноор бүх зүйл эхэлсэн юм. Жолооч нь арга ядахдаа даваа өгсүүлээд том тэргээ хажуу тийш онхолдуулж зогсоов. Харамсалтай нь тээшийн хэсэг цоорч, шатахуун асгарч, доош урсаж эхэлжээ.
 
Яг энэ үед даваа өөд гурван машин, нэг мотоцикл чиглэж явлаа. Урссан шатахуун дээр дугуй эргэж, багахан үрэлтийн хүч үүсэхэд л гал маналзаж, дэлбэрэлт болох эрсдэлтэй… Нэг мэдэхэд л хар утаа суунаглаж, дараагийн хоромд мөнөөх гурван машин, нэг мотоцикл шил шилээ даран дэлбэрчээ.  
 
Тэрхүү гурван машины нэг, “Соната-3” дотор Ж.Банзрагчийн гэр бүл сууж явсан юм. Том охин Б.Энэрэл нь таван настай дүү Б.Ундрахтайгаа урд талын суудал дээр. Харин эхнэр О.Цэнгэл нь 10 настай хүү Б.Бадрах, дөрөвхөн сартай бага хүү Б.Тэгшжаргал, ээж нарынхаа хамтаар арын суудал дээр…
 
 
“Цонхоор харахад газраар нэг шингэн зүйл асгарчихсан байсан. Нэг л муу совин татаад, “Буцъя аа, хайр аа” гэж нөхөртөө хэлсэн. Тэр минь жолоогоо эргүүлдгийн даваан дээр урд талын машин таг зогсчихлоо. Гэтэл яах ийхийн зуургүй тас хар утаа маналзаад л, цаашаа юу болсныг санахгүй байна…” гэж О.Цэнгэл ярьсан юм.
Нэг ухаан ороход нь машин шатаж байв. Хэн нэгэн хаалга онгойлгосон гэх. “Хэн хаалга онгойлгосныг мэдэхгүй. Цамц шатаж байхаар нь тайлж шидчихээд, дөрвөн сартай хүүгээ хамгийн түрүүнд тэврээд л хар гүйхээрээ гарсан”.
Машиндаа долуул явсан энэ гэр бүлийн бүх гишүүн айхавтар ослоор түлэгдсэн ч эхэндээ хэнийх нь ч амь нас эрсдээгүй юм. Сайхан сэтгэлтэй жолооч таарч, тэднийг хамгийн ойролцоох сумын эмнэлэгт хүргэж өгчээ. Тэнд анхны тусламж авсны дараа аймгийн төвийн эмнэлэгт яаралтай хүргэгджээ.
 
-ЭХНИЙ ХАГАЦАЛ– 
О.Цэнгэл, “Миний охины нүүр ам нь ямар болчихсон байсан гээч. Харахаас нүд хальтирмаар. Би эмнэлэгт “Охиныг минь авраач” хэмээн орилсоор байсан.
 
 
 
Маргааш өглөө нь миний охины хэвтсэн өрөө рүү эмч нар пир пархийн гүйлдээд л орчихсон. Би охиноо харсаан. Миний охины нүүрийг бүтээчихсэн байсан /уйлав/. Би охиныхоо духан дээр нь нэг үнэрлээд л, салах ёс хийсэн…”
 
 
Яах ийхийн зуургүй эрээлжлэн өнгөрсөн тэр өдрийн маргааш ингэж дунд охин, таван настай Б.Ундрал нь шархаа даалгүй тэнгэрт оджээ. Дараа нь яаралтай нисдэг тэргээр тэднийг Улаанбаатар хот руу, ГССҮТ-д хүргэж байхад О.Цэнгэл охиноо нас барсныг нөхөртөө хэлж зүрхлээгүй ажээ. Тэнгэрт одсоныг нь зөвхөн тэр л мэдсэн учраас.
 
 
Зөнтэй юм шиг “Охин зүгээр үү?” гэж нөхрөө асуухад “Зүгээр ээ” хэмээн хариулж… Талийгаач охин сэргэлэн цовоо, найз нөхөд олонтой, ухаалаг хэрсүү хүүхэд байжээ. “Миний охиныг найз нөхдөөс нь асуухад мэднэ дээ. Ямар цовоо, хэрсүү охин байсан гээч” хэмээгээд О.Цэнгэл дахиад л уйлав. Аргагүй шүү дээ. Дөнгөж дэлбээлж буй турьхан цэцэг шиг тавхан настай, нар сар шиг охиноо нас барсныг дуулах, нөхөртөө дуулгахгүй нуух, энэ бүхнийг эргэн дурсах хөнгөхөн ачаа биш.
Ингээд Ж.Банзрагчийн гэр бүл “Болно, ард нь гарна” гэсэн итгэлтэй ГССҮТ-д байршицгаав. Тэнд шаардлагатай бүх эмчилгээ, сувилгааг яаралтай хийнэ. Нөхөр Ж.Банзрагч 80-90 хувийн түлэгдэлтэй. Давхар бөөрний дутагдалд орсны улмаас диализын аппаратад орохоор Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү байн байн хүргэгдэх хэрэгтэй болж. Хүү Б.Бадрах мөн тун хүнд биеийн байдалтай, битүү боолттой, хэвтэрт. Том охин Б.Энэрэлийн амь нас ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. Харин дөрвөн сартай нялзрай үр бурхны авралаар шарх гайгүйтэй тул нэг их удалгүй эмнэлгээс гарсан юм.
 
Гэвч бурхан ханасангүй.
 
-УРТ ХАР ҮС, ИЛ ГАРСАН ГУРВАН ХУРУУ- 
О.Цэнгэл тэргэнцэр дээр суугаад нөхөр, хүүхдүүдийнхээ хэвтэж буй өрөөгөөр орж, гарах боломжтой байв. 10 настай хүү нь дорвитой ярьж ч чадахгүй байжээ. Ярьж чадахгүй учраас нүдээрээ ёроолгүй гүн үгсийг “хэлнэ”.
“Ээж ээ, ээж ээ гэж дуугараад л цааш ярихгүй. Тэр харц. Нэг л тийм хэцүү харц… Би ээж нь юм чинь хүүгийнхээ харцыг хараад мэднэ шүү дээ. Ямар нэгэн юм хэлэх гээд л, эсвэл асуух гээд ч байх шиг харц” гэж бүсгүй дурсана. Ж.Банзрагч, О.Цэнгэл хоёр. Нэг охиноо алдсан ч сөхрөхгүй гэж сэтгэлээ хатамжилсан залуу, хөдөлмөрч хос. Сайн аав, ээж.
Нөхөр нь хүүгийнхээ адил битүү боолттой, хэвтэрт байжээ. Эхнэр О.Цэнгэл нь тэргэнцэртээ суугаад уулзахаар өрөөнд нь ороход тэр хоёр цөөн ч болов үг сольж амжина.
 
 
Ж.Банзрагч эхнэрийнхээ урт, хар үсэнд дуртай байж. Үсээ тайруулахад нь тун дургүй, үсийг нь илдэг, самнаж өгдөг байв. Харин түлэгдсэн үед гаднын халдвар авах эрсдэл өндөр тул бүсгүйн урт үсийг эмч нар хусчихжээ. Тийм учраас толгойгоо алчуураар боогоод О.Цэнгэл нөхөртэйгөө уулзсан аж.
Тэгэхэд нь Ж.Банзрагч, “Өө, үсгүй болчихож. Чамайг ч одоо бүтэн жил харахгүй болох нь дээ” хэмээжээ. “Тэр минь тэгж хэлээд инээмсэглэсэн. Инээмсэглэсэн нь боолтны цаанаас мэдэгдсэн. Тэгж хөнгөн хошигнож байсан юм, миний хань”…“Гар нь боолттой, гуравхан хуруу нь цухуйчихсан байсан…” О.Цэнгэл тэр гурван хуруунд нь хуруугаа чанга гэгч нь хүргэж, тэгж “хамтдаа” гэдгээ илэрхийлж байлаа.
 
 
Долдугаар сарын 22 буюу осол гарснаас долоо хоног өнгөрчээ. Аймшигт мэдээ. О.Цэнгэлд сувилагч, нөхрийнх нь амьсгал хураасныг дуулгав. Бүсгүй том охинтойгоо нэг өрөөнд байсан тул цочоож, сэрээж болохгүй хэмээн их тэвчжээ. Гэхдээ чадсангүй. Орилоон.
“Уйлж охиноо сэрээхгүй гэж бодсон ч чадаагүй ээ. Шууд орилоод л уйлчихдаг юм билээ”. Бурхнаас өгсөн сорилтыг хамтдаа даван туулна гэж зориглож байсан нэгэн түшиг тулгуур нь, хайртай эр хүн нь охиных нь араас ийн тэнгэрт хальжээ.
 
 
 
О.Цэнгэл нулимстай дурсана. “Тэр минь дэндүү, дэндүү сайн хань байсаан. Анх намайг төрөхөд, охиноо өлгийдөж ч чадахгүй байхад минь тэр гозойтол өлгийдөж өгдөг сөн. Би өөрөө ч мэдээгүй байхад “Нүүрэн дээр чинь юм гарчхаж” хэмээн хэлж өгдөг байсан сан. Дэндүү хөдөлмөрч, дэндүү сайхан сэтгэлтэй. Үргэлж намайгаа, хүүхдүүдээ гэдэг байсан…”
 
 
 
-ШИЛ ДАРСАН САЛАХ ЁСУУД- 
Цаг хугацаа өнгөрч, эмчилгээ хийгдсээр. Нөхөр, охин хоёрынхоо араас гашуудсан нулимс нь хатаж амжаагүй байхад долдугаар сарын 29-нд О.Цэнгэлийн ээж мөн өвчнөө даалгүй өөд боллоо. Үүнээс хоёрхон хоногийн дараа хүү Б.Бадрах ч бас тэнгэрт халив.
Хүнд, хүнд, хүндээс хүнд ачаа. Гүнээс гүнзгий уй гашуу. “Эхлээд охин маань тэнгэрт одоход гэр бүлийн минь гэрэл гэгээ түрүүлээд явчихлаа гэж бодсон. Дараа нь, нөхөр минь өөд болоход “тэр маань охиндоо хань болох гээд л одчихов уу даа” гэж өөрийгөө тайвшруулсан. Харин хүү минь нас барахад… бодох ч зүйл олддоггүй юм билээ” хэмээгээд О.Цэнгэл цурхиртал уйлна.
 
 
Ингээд ургаж, цэцэглэж байсан амьдралдаа О.Цэнгэл 13 настай том охин Б.Энэрэл, дөрвөн сартай бага хүү Б.Тэгшжаргалтайгаа үлджээ.
 
 
Одоо Б.Энэрэл охины бие тун амаргүй байдалд буй. О.Цэнгэл ч үлдсэн үрс, тэнгэрт хальсан хайртай хүмүүсийнхээ төлөө гээд шүд зуун тэвчиж буй ч арьс, махаа зулгаалгуулан гүрийж байгаа. Тэднийг яаралтай эдгээхэд энд биш, гаднын оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар зөвлөжээ. Ингээд О.Цэнгэл охиныхоо хамтаар наймдугаар сарын 1-ний өдөр чартерын нислэгээр БНСУ-ыг зорилоо.
 
-СОЛОНГОС ДАХЬ ӨДРҮҮД- 
“Нэг цагийн дараа залгаж болох уу?” гэж О.Цэнгэл бичжээ. “Болно оо, би хүлээж байя”…
Утас дуугарав. Бүсгүй залгаж байна. Авлаа. Дөнгөж боолтондоо ороод гарч ирсэн түүнтэй бид хоёр болсон процессийн тухай 35 минутын турш ярилцав. Дээрх бичвэрт дурдаагүй яриаг үүгээр бичиж үлдээе.
 
-Осол яг юунаас үүдэж гарсныг холбогдох албаныхан шалгаж буй юм билээ. Шатахуун ачсан машины жолооч “Битгий яв, буц” гэж зангаж байсан хэмээсэн. Та бүхэн түүний анхааруулгыг харсан уу? 
-Эгчид нь үнэхээр ослын шалтгаан юу байсан, түүнийг шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа зэргийг сонирхон тэнхэл бага байна аа. Охиныхоо төлөө тэмцэнэ, чадна гээд энд ирсэн.
Би арын суудалд сууж явсан ч ямар нэг хүний анхааруулга олж хараагүй ээ. Нөхөр маань ч харсан бол тэр дор нь хариу үйлдэл үзүүлэх байсан. Гэр бүлдээ ямар хайртай гээч. Олон жил машин барьж байгаа, сайн жолооч. Замын анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг ер анзааралгүй өнгөрөөдөггүй хүн.
 
 
-Охины тань болон таны биеийн байдал ямар байна вэ. Солонгос эмч нарын ярихыг сонссон уу? 
-Охин маань монголоос хүндхэн ниссэн. Энд ирсэн өдрөө шууд эхний хагалгаандаа орсон. Биеэр нь халдвар бүрэн тархсан тул эхний ээлжид халдвартай голомтуудыг нь авна гэж ойлгосон. Бактерийн, мөөгөнцөрийн халдвар авсан гэсэн.
 
 
 
Нэг уушги нь устсан учраас усыг нь соруулж авсан байна билээ. Нөгөө уушги нь ч бас устах магадлалтай байна гэж эмч хэлсэн. Үүний дээр шээс нь тун бага гарч байна, бөөр орлуулах диализын аппаратад орох болно хэмээсэн. Ер нь нөхцөл байдал хаашаа ч гэнэтхэн эргэж магадгүй гэсэн л дээ. Шаардлагатай бол хэдэн ч хагалгааг яаралтай хийнэ гэсэн. Тэгэхээр яг тэдэн воны зардал гарна гэж тогтсон ханш хэлэхгүй байна лээ.
 
 
Би охиныхоо төлөө тэснэ гээд л энд ирсэн учраас өөртөө өвчин хэлж, ялархахгүй. Гэхдээ арьс, махаа зулгаалгуулаад л… Хоёр гар, хоёр хөл гүн түлэгдсэн. Зүүн тал нь арай гайгүй.
 
 
Одоо би 14 хоногийн карентинд байгаа. Тусгаарлалтын эмнэлэгт буй учраас хагалгаанд ороогүй. Охинтойгоо ч уулзаж чадахгүй байна. Карентинаас гараад жинхэнэ эмнэлэгтээ очвол надад хагалгаа хийнэ гэсэн.
 
-Та хоёрын маань эмчилгээний зардал ойролцоогоор хэд орчим төгрөг болохоор байгаа вэ? 
-Монгол мөнгө рүү шилжүүлэхэд 400-500 сая төгрөг гэсэн. Эхэндээ 300 сая гэгдэж байсан ч сая хэлсэнчлэн охины биеийн байдлаас шалтгаалж хэзээ ч, ямар ч яаралтай хагалгаа хийгдэж магадгүй. Тиймээс дээрх барагцааг өгсөн.
 
-Эмчилгээ хэдий хэр хугацаа үргэлжлэх бол? 
-Би 1-2 сар болох байх. Харин охинд маань багадаа зургаан сар шаардлагатай гэсэн.
 
-Хандив тусламжаар 120 сая төгрөг цуглаад буй гэж сонссон? 
-Тийм ээ. Үнэхээр ийм уй гашуу үзсэний ард энэ олон хүмүүсийн сэтгэлийн дэмээр босож, жаахан ч гэсэн сэтгэлдээ гэрэл тээдэг юм байна. Манай ажлынхан, нөхрийн маань ажлынхан, хамаатан садны хүмүүс гээд тус дэм болсон хүмүүс олон. Бас хандивын данс руу олон хувь хүмүүс тав, арав гэлтгүй мөнгө шилжүүлж байна. 20-иод байгууллага мөн хандив өгсөн байсан. Энэ хүмүүстээ үнэхээр, чин сэтгэлээсээ, маш их баярлалаа гэж хэлмээр байна.
 
 
-Та нөхөртэйгөө ХААИС-д танилцсан юм билээ шүү дээ. Та хоёрыг маш хөдөлмөрч, бүгдийг өөрсдийн гараар босгодог улс гэж талийгч нөхрийн тань ах ярьж байсан. 
-Тийм ээ. Бид хоёр ургамлын нөөц, био үйлдвэрлэлийн ангид, оюутан ахуй цагтаа танилцаж, гэр бүл болсон. Анхны охин маань ч тэр үед төрсөн юм. Нөхөр маань тэгэхэд сургуулиасаа жилийн чөлөө авч, ажил хийн, бид хоёрын төлөө хөдөлмөрлөж байсан юм.
Бид хоёр төгслөө. Тэгээд охин гурвуулаа айлын хашаанд, гэрт хэдэн жил амьдарсан. Айлын гэрт хоосон хулдаас дэвсээд л, бүхнийг тэгээс эхэлсэн, бид хоёр. “Охиноо сургуульд орохоос өмнө өөрсдийн гэсэн байртай болъё” гэж тэр минь хэлдэг сэн. Ингэж үнэнч шударгаар хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө 3, 4-р хороололд хоёр өрөө байртай болж байлаа. Тэгэхэд хоёр дахь хүү маань төрчихсөн байсан.
Ийм л хөдөлмөрч, дэндүү уян зөөлөн хүн, миний хань. Ажлаас нь дуудаагүй байсан ч “Юу болоо бол” гээд өөрөө гараад явдаг сэтгэлтэй. Маш хөдөлгөөнтэй, ямар ч ажлыг голохгүй хийнэ. Үргэлж бидний төлөө хөдөлмөрлөнө.
Бид хоёр 15 жил энэ амьдралыг босгохын төлөө зүтгэхдээ үргэлж сайныг санаж, бусдад үлгэрлэж, өрөөлд тусалж, ариун цагаанаар хөдөлмөрлөж явахыг л урьтал болгодог байсан.
 
-Таны бага хүү одоо таван сар хүрсэн. Уйлж, аашлахгүй, их сайн байгаа гэсэн шүү. 
-Хүүгийнхээ зургийг харсаан. Хэдий нялх ч гэлээ миний үр, нэг л юм дутаад, хайгаад байгаа юм шиг харагдаж байна лээ. Аргагүй шүү дээ. Дэргэд нь аав, ээж хоёр нь ханхайгаад. Ах эгч нар нь тойроод дуулж, бүжиглээд байж байдаг юм чинь тэгэлгүй яах вэ.
Ах нь тонгойн нүүрэнд нь ойртоод зөвхөн нүдээ анивчуулахад л миний хүү ганганаад, ахтайгаа юм ярьдаг байсан /уйлав/.
 
-Осол болдог өдөр танд ямар нэг зөн татах мэдрэмж төрсөн үү? 
-Сүүлийн хоёр сар яагаад ч юм нөхрийгөө улам их хайрламаар, өшөө их хайрлаад л баймаар мэдрэмж төрөөд байсан…
 
 
Тэр өдрийн маргааш нь бид Улаанбаатар луу буцах байсан л даа. Наадмын дараа Архангайд хэд хоног амарч дуусаад, манай ээжийг аваад явцгаасан юм. Тэр замдаа нөхөр Тайхар чулуу үзье гээд. Урьд нь зөндөө үзсэн л дээ. “Маргааш буцах юм чинь одоо эртхэн зам хороохгүй юм уу?” гэж хэлэх гээд, миний хоолой дээр гарч ирсэн ч би хэлээгүй. Миний нөхөр үргэлж аливааг бодож, тооцоолж хийдэг хүн. Тийм учраас дотроо бодолтой болоод л Тайхар чулуу орох гэж байгаа юм байна гэж бодоод дуугүй өнгөрсөн. Тэгээгүй бол бид Цагаан даваан дээр очихгүй байх байсан. Одоо бодоход, тэр үгээ хэлчихгүй яав даа гэж л харамсаж байна…
 
-Та том охиндоо дүү нарыг нь, аавыг нь нас барсныг хэлсэн үү? 
-Дуулгасаан. Урд талын суудал дээр дүүгээ тэврээд сууж байсан болохоор өөрийгөө буруутгах вий, энэ хүнд өвчний шокын хажуугаар шаналах вий гэж санаа зовоод хэлэхгүй байсан л даа. Гэхдээ аавыгаа, дүү нараа яасныг ер мэдэхгүй бодол болсоор дотроо буглах вий гээд дуулгасан. Охин минь удаан, маш их уйлж байгаад больсон. Тэгээд ингэж дуугарч байна лээ. “Дэлбэрэлт болохын өмнө яг хажуугаар нэг хар юм аймаар хурдтай нисээд өнгөрсөн” гэж. Тийм зүйл харсан юм билээ.
Би сэтгэлийн хаттай байх болно оо. Охиныхоо хамт хүү дээрээ, эрүүл саруул болоод очно…
 
-ХАЛУУН ИТГЭЛ- 
О.Цэнгэл бүсгүйтэй утсаар холбогдохын өмнө, өглөө эрт талийгаач Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуш /өөр овогтой/ манай редакц дээр ирж уулзсан юм. Үлдэж хоцорсон ар гэрийнхэн нь Солонгост эмчлүүлж буй хоёрынхоо зардалыг босгохоор эрвийх, дэрвийхээрээ хичээж байна.
 
 
“Миний дүү ямар сэргэлэн, хөдөлгөөнтэй залуу байсан гээч. О.Цэнгэл тэр хоёр их сургуулийн нэг анги. Дөрвөн хүүхэд гаргалаа, ажилдаа амжилттай сайхан ажиллаж байлаа… О.Цэнгэлийг би ямар сэтгэлийн хаттай юм бэ гэж үнэхээр гайхаж, бахархаж байна. Их ч юм үзлээ шүү дээ. Ханиа, төрсөн ээжээ, хоёр үрээ алдана гэдэг хэр баргийн хүний давах даваа биш.
Энд үлдсэн таван сартай хүүг нь бид харж байгаа. Хөөрхий минь, ер уйлж, муухай аашлахгүй. Бараг хоногийн 12 цаг унтана. Цаагуураа “Их уй зовлон тохиолдоод байхад би нэрмээс болоод яах вэ” гэж мэдрээд байх шиг л.
Тэр хоёрын маань эмчилгээний зардал 400-500 орчим сая  төгрөг болно гэсэн. Бид хандив цуглуулж, аль боломжоороо л хичээж байна. О.Цэнгэлийн ажлын газар “SPS” телевиз маш их туслалцаа үзүүлсэн, үнэхээр их баярлалаа. Бас талийгч дүүгийн маань ажилладаг байсан “Алтайн хүдэр” компаниас ч том дэмжлэг үзүүлсэн.
Эдгээр хүрээд ирнэ дээ гэж бид их л итгэж, найдаж байна” гэж тэрбээр ярьсан юм. А.Цэнд-Аюуш шаардлагатай мэдээлэл, хандивын дансны дугаар сэлтийг өгөөд гарсан юм.
 
-ТӨГСГӨЛИЙН ОРОНД- 
Одоогоос ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө болсон аймшигт осол, түүнээс үүдсэн их уй гашуу, шил шилээ даран тохиолдсон салах ёсууд… Дөрвөн амиа тэнгэрт өргөж, үлдсэн хоёрынхоо төлөө амьдрахаар тэмцэж буй Л.Цэнгэл бүсгүй… Энэ л эгэл бус амьдралыг хэдхэн нүүрэнд багтаан, чадан ядан бичлээ.
Хүний амьдрал хэчнээн баялаг. Бурхан зөвхөн дааж, тэсэж дийлэх ачааг нь л үүрүүлдэг гэлцдэг юм билээ. Урт үргэлжилсэн харанхуй шөнөд төгсгөл ирж, үүр манхайтал цайдаг. Орой дээр алтан нар мандаж, бүх орчлонг халуун илчээрээ төөнөдөг. Тэгж ургамал цэцэгс толгойгоо өргөж, бүх дэлхий аниргүй аз жаргалд умбадаг. Яг л энэ байгалийн жам лугаа, хэчнээн хүнд уй гашуутай нүүр тулсан ч тэсэж, тэвчиж чадвал гэрэл гэгээтэй бүхэн хариуд нь ирдэг билээ. Тэгнэ гэж итгээрэй, О.Цэнгэл бүсгүй.
Нэгдэж, хамтарч чаддаггүй, тархай бутархай хэмээн гоочлуулдаг ч монголчууд сайхан сэтгэлээрээ л нэгэн зүгт төвлөрч, тусламжийн гараа сунгадаг. “Эдгэнэ, эрүүл саруул болно” гэж итгэсэн олон мянган элэг нэгтнүүд нь энэхүү нийтлэлийг уншаад бодож, хүлээж суугаа.
 
Итгээрэй, бас тэвчээрэй.
 
 
 
М.ТэнгисЭх сурвалж: Eguur.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.