НҮБ-ын ирэх таван жил

11

НҮБ-ын ирэх таван жил

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн залгамж халаа болох "өрсөлдөөн" үргэлжилж байна. Нэр дэвшигчид энэ оны дөрөвдүгээр сард Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд "Интерактив харилцан яриа"-нд оролцож, сонгууль албан ёсоор эхэлсэн. Эл үеэр нэр дэвшигчид алсын хараа, зорилгоо танилцуулж, гишүүн орнууд болон иргэний нийгмийн асуултад хариулсан. Тэгвэл долдугаар сард Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн эцсийн нэр дэвшигчийг сонгохын тулд хаалттай хэлэлцүүлэг явуулж, "нууц санал хураалт"-ыг эхлүүлэх болно.

Энэхүү сонгууль маш чухал. Геополитикийн хурцадмал байдал, үргэлжилж буй зөрчилдөөн, олон талт байдалд үзүүлэх дарамт нэмэгдэж байгаа энэ үед НҮБ шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг томилохоор бэлтгэж байна. "Сорилт улам бүр нэмэгдэж байгаа энэ үед дэлхий ертөнцөд НҮБ-ыг илүү хүчтэй, зарчимтайгаар удирдах ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгтэй байна" гэж Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Анналена Баербок хэлсэн юм.

НЭР ДЭВШИГЧИД

Энэ удаагийн сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж байна. Тодруулбал, Чилийн ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет нэр дэвшжээ. Тэрбээр үр дүнд чиглэсэн НҮБ-ыг бий болгохоо амлаж, илүү хүчтэй урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг уриалж байна.

Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси нэр дэвшсэн. Тэрбээр илүү үр дүнтэй, оновчтой байдалд чиглэсэн НҮБ-ыг бий болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан өрсөлдөж байна. Тэрбээр хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд өгөгдөл, хиймэл оюун ухааныг ашиглах зэрэг шинэчлэлийг дэмжиж байна.

Сенегалын ерөнхийлөгч асан Маки Салл нэр дэвшжээ. Тэрбээр энх тайван, прагматизм, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэхэд анхаарлаа хандуулахыг зорьж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь олон үе шаттай үйл явц юм. Эхний ээлжид НҮБ-ын нэг эсвэл хэд хэдэн гишүүн улс энэ албан тушаалд тохирно гэж үзсэн хүнээ нэр дэвшүүлнэ. Дараа нь тухайн нэр дэвшигч ерөнхий нарийн бичгийн дарга болбол юу хийхээ тайлбарлана. Мөн НҮБ-ын гишүүд болон заримдаа олон нийтийн асуултад хариулна. Үүний дараа Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс дор хаяж ес нь нэг нэр дэвшигчийг дэмжих ёстой. Хамгийн сүүлд НҮБ-ын 193 гишүүн орны олонхын саналаар шийдвэр эцэслэгдэх юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болох Хятад, Франц, ОХУ, Их Британи, болон АНУ энэхүү үйл явцад хамгийн их нөлөөтэй байдаг.

ГОЛ АСУУДАЛ НЬ НҮБ-ЫН БҮТЭЦ

Хэдийгээр энэхүү сонгууль нь маш чухал ч гэлээ дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын бүх асуудлыг шийднэ гэсэн хүлээлт тавихгүй байх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.  Олон улсын харилцааны шинжээч Таир Нигманов НҮБ-ын асуудлууд нэг хүний чадавхаас давсан гэж хэлжээ. Түүний хэлснээр, НҮБ дайн болон энх тайвны асуудлыг шийдвэрлэж чаддаггүй гэж олон хүний шүүмжлэлийг хүртдэг. Тэрбээр мөн мөргөлдөөн нэмэгдэж, олон улсын хууль байнга зөрчигдөж байгаа ч ихэнх тохиолдолд хэн ч хариуцлага хүлээдэггүй гэв.

Нигмановын үзэж байгаагаар гол асуудал нь НҮБ-ын бүтэцтэй холбоотой.

Энгийн улс орон хууль хэрэгжүүлж, хууль зөрчсөн хүмүүсийг шийтгэх чадвартай байдаг. Харин НҮБ нь өөрийн гишүүн орнуудаас илүү хүчтэй байгууллага биш юм. Улмаар хүчирхэг орнуудын хувьд НҮБ-ын үйл ажиллагааг эргүүлэх чадалтай байдаг аж. Зарим улс нь цөмийн зэвсэгтэй учраас НҮБ-ын дэг журмыг албадан дагуулах бараг боломжгүй. Мөн Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн чухал шийдвэрүүдэд хориг тавих эрхтэй байдаг. Нигмановын хэлснээр энэ нь өндөг анхдагч уу, эсвэл тахиа анхдагч уу гэдэгтэй адилхан.

Өөрөөр хэлбэл хүчирхэг орнууд хориг тавих эрхтэй бөгөөд энэ эрх нь тэднийг хүчирхэг байхад тусалдаг.

Түүнчлэн хүмүүс НҮБ-ыг шинэчлэхийг оролдсон ч хамгийн хүчирхэг орнууд өөрчлөлтийг эсэргүүцэх эсвэл шийдвэрийг үл тоомсорлож магадгүй гэж тэрбээр хэлжээ.

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШИЛДЭГ ХЭЛЭЛЦЭЭЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Максут Нарикбаевын нэрэмжит Сүлжээ ба Хөгжлийн хүрээлэнгийн (MIND) судлаач Амирлан Нургазин НҮБ-ын бүтэц болон том гүрнүүдийн нөлөө цаашид ч тус байгууллагын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлнө гэдэгтэй санал нийлж байна. Гэсэн ч тэрбээр удирдлагын үүрэг маш чухал хэвээр гэж онцолжээ. Нургазины хэлснээр, асуудал нь НҮБ-ын үүрэг бүрэн өөрчлөгдөх эсэхэд биш юм. Харин дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга улс орнуудын хооронд дипломат харилцаа, яриа хэлэлцээг хадгалж чадах эсэх нь хамгийн чухал асуудал болжээ. Том гүрнүүдийн хоорондын итгэл буурч байгаа энэ үед ерөнхий нарийн бичгийн дарга зуучлагчийн үүрэг гүйцэтгэх нь улам чухал болж байна.

Олон улсын туршлагатай удирдагч дэлхийн бүх зөрчлийг шийдэж чадахгүй ч хурцадмал байдлыг бууруулж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тусалж чадна гэж Нургазин үзэж байна.

Дэлхийн улс төрийн нөхцөл байдал мөн дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцад нөлөөлж байдаг. Албан ёсоор НҮБ-ын Ерөнхий ассамблей даргаа томилдог ч эхлээд Аюулгүйн зөвлөл нэр дэвшигчийг дэмжих ёстой. Байнгын таван гишүүний аль нэг нь мөн хориг тавьж чадна. Нургазины хэлснээр, геополитикийн хурцадмал байдал өндөр үед зөвшилцөлд хүргэх нь ерөнхий нарийн бичгийн даргын ур чадварыг сорьж байдаг. Одоогийн байдлаар дараагийн дарга болох өндөр магадлалтай нь Рафаэль Гросси аж.

Тэрбээр Олон улсын атомын энергийн агентлагийн удирдаж, цөмийн аюулгүй байдал болон цөмийн зэвсгийн хөтөлбөрийн зарим хэсгийг хянадаг учраас олон улсад танигдсан.

Гросси Ираны цөмийн үйл ажиллагааг хянах, мөн Украин дахь дайны үеийн цөмийн байгууламжийн эрсдэлийг зохицуулах зэрэг чухал дипломат ажлуудад оролцож байсан юм. Нургазины хэлснээр, Гросси өөр өөр ашиг сонирхлыг тэнцвэржүүлж чаддаг сайн хэлэлцээч гэсэн нэр хүндтэй тул энэ нь түүнд давуу тал болж байна. Гэхдээ яг хэн эцсийн сонголт болохыг хэлэхэд одоогоор эрт байна гэж тэр онцолсон.

 

https://news.mn/r/2868853/

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.