Оросын блогер Путиныг шүүмжилснийхээ дараа сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг гэнэт шүүмжилсэн, өмнө нь Кремлийг дэмжигч байсан нэгэн блогерийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Илья Ремесло нь өмнө нь Путиныг шүүмжлэгчдийг ил тод шүүмжилдгээрээ танигдсан ч өөрөө гэнэт байр сууриа өөрчилсөн байна. Тэрбээр мягмар гарагийн орой өөрийн Telegram сувагт 90 000 дагагчдаа зориулан “Би яагаад Владимир Путиныг дэмжихээ больсон 5 шалтгаан” нэртэй тунхаг нийтэлжээ.
Тэрбээр Путиныг Украинд “бүтэлгүй дайн” явуулж, олон сая хүний аминд хүрч, Оросын эдийн засгийг уналтад оруулж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн гэж буруутгасан байна. “Владимир Путин бол хууль ёсны ерөнхийлөгч биш. Тэр огцорч, дайны гэмт хэрэгтэн, хулгайчийн хувиар шүүгдэх ёстой” гэж Ремесло бичжээ.
Тэрбээр мөн The Guardian-д өгсөн ярилцлагадаа “Путин огцорч, дайны гэмт хэрэгтнээр шүүхэд татагдах ёстой. Түүний авлигажсан, хувь хүнд төвлөрсөн тогтолцоо нуран унах нь гарцаагүй бөгөөд бид үүнийг Украин дахь дайн болон бусад үйл явдлаас харж байна” гэж хэлсэн байна.
Пүрэв гарагт Санкт-Петербург хотын Фонтанка сонин Ремеслог хотын Сэтгэцийн III эмнэлэгт хэвтүүлсэн гэж мэдээлжээ. Тус эмнэлгийн мэдээллийн алба түүний нэртэй өвчтөн байгаа бөгөөд илгээмж хүлээн авах боломжтой гэж баталсан байна. Ремеслог үнэхээр тус эмнэлэгт байгаа эсэхийг шууд батлах боломжгүй бөгөөд ямар үндэслэлээр хэвтүүлсэн нь тодорхойгүй хэвээр байна.
Үүний зэрэгцээ Кремль АНУ, ОХУ, Украин хооронд Украин дахь дайныг зогсоох яриа хэлэлцээ Ираны дайн эхэлсний дараа “түр завсарласан” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирсний дараа Украин дахь дайныг зогсооно гэж амласан ч энэ асуудлыг шийдвэрлэх оролдлого нь түүний хамгийн том урам хугарсан явдал болсон гэж хэлжээ.
Известья сонинд мэдээлснээр, Ойрхи Дорнод дахь дайн Киевийг буулт хийхэд шахаж магадгүй аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ бол ойлгомжтой шалтгааны улмаас үүссэн түр завсарлага” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
https://eagle.mn/r/zbiST5RJY2X

