Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 17 /Kazinform/. Дөрөвдүгээр сарын эхээр Бээжинд хийх айлчлал болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийх дээд түвшний уулзалтыг нэг сараар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд тавьсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. Тэрбээр ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна.
“Бид Хятадын талтай хэлэлцээ хийж байна. Байлдааны ажиллагаанаас шалтгаалан би энд байх ёстой гэж үзэж байна. Тиймээс бид уулзалтыг ойролцоогоор нэг сараар хойшлуулахыг хүссэн” гэж тэрбээр Зууван танхимд сэтгүүлчдэд мэдэгджээ.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр мөн байлдааны ажиллагаа энэ долоо хоногт дуусна гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ. “Би тэгж бодохгүй байна, гэхдээ удахгүй дуусна. Тийм ч удаан үргэлжлэхгүй” гэж Д.Трамп нэмж хэлсэн байна.
Дөрөвдүгээр сард Хятадад айлчилна гэдгээ Д.Трамп энэ оны нэгдүгээр сарын эхээр мэдэгдэж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, түүний айлчлалын дараа БНХАУ-ын удирдагч АНУ-д айлчлахаар төлөвлөсөн байв.
Д.Трамп, Ши Жиньпин нар энэ онд дөрвөн удаа уулзах боломжтой гэж үзэж байгаагаа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өмнө нь мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, хоёр төрийн айлчлалаас гадна АНУ-ын Флорида муж улсын Дораль хотод болох Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болон Хятадын Шэньжэн хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хоёр удирдагч хэлэлцээ хийх боломжтой гэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

