XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

5

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

 

Монголын Бурхан Шашны “Соёмбо Сүм”-ийн тэргүүн Б.Ариунбуян: Төрийн шийдвэрүүд ард түмэнд ээлээ өгч богино хугацаанд үр өгөөжөө өгөх нандин жил болох хандлагатай.

 

сонин mn

-"Сүрээр дарагч” гал морин жилийн монгол зурхайн өнгийн шинжвэл гал морин жил нь Монголын маань хувьд хөдөлгөөн ихтэй, зориг, шинэчлэлийн эрчийг бадраасан бидний тухайд их онцгой жил болно. Мөн төр засгийн үйл хэрэгт идэвх санаачилга нэмэгдэж, бодлогын эрс өөрчлөлт, шинэ шийдэл олон гарч ард түмэнд ээлтэй шийдвэрүүд болж, богино хугацаанд үр өгөөжөө өгөх нандин жил болох хандлагатай. Хүүхэд, залууст мэдлэг боловсрол, ур чадвараа тэлэх өргөн боломж нээгдэж, хичээл зүтгэл гаргасан нэгэнд амжилтын үүд харамгүй тэтгэх онцгой нөлөөтэй байна. Өтгөс буурлуудад хүндэтгэл нэмэгдэж, ухаан туршлагыг нь түшиглэх, нас буян зөв үйлээр дэлгэрэн дээшилж үр хойчдоо ухаан буян,нэмж болох эрхэм жил. Байгаль цаг уурын хувьд салхи хөдөлгөөн ихсэх, хуурайшилт нэмэгдэх магадлалтай тул, нутаг ус, уул шүтээнээ эрхэмлэн дээдлэн байгаль хамгаалалд онцгой анхаарахыг шаардах жил. Гал морин жилийн нь эв нэгдэл, зориг тэвчээрийг илүүтэй дэмжиж, бид хэр хурдан давхих гэхээсээ илүү хаашаа зүглэж байгаагаа зөв тодорхойлох жил. Монгол түмний хөдөлмөр зүтгэлд ивээлээ харамгүй хайрлах ерөөлт цаг хэмээн үзэж байна.

 

Чингис хааны Монгол шар зурхайч Мэргэд сонгоол М.Намсрай: Энэ морин жил галын аюулаас болгоомжлоорой

 

сонин mn

-Ирж буй гал улаан морин жилийн бэлэгдэл "шороон үхэр"-ийн амь нь гал, бие нь ус, эрхтэн нь гал, хийморь нь төмөр, сүлд нь мод болохоор үхрийн өнгө улаан, эвэр чих сүүл нь шар, дөрвөн шийр нь цагаан, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан үхэр байх нь ээ.

 

Үхэрчин маань үсээ орой дээрээ боосон, цагаан хувцас өмссөн, үхрийнхээ баруун талд тайван алхаж яваа цэвэрхэн монгол залуу юм байна. Цэвэрхэн монгол залуу байгаа нь үзэл бодол нь сайтар төлөвшөөгүй ч өөрийнхөө байр суурин дээр баттай зогсож, гадаад дотоодын өнгө мөнгөний нөхдөөс өөрийгөө болон улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бүрэн хамгаалж чадах Монголоо гэсэн чин сэтгэлтэй, эх түүх, эцэг дээдсээрээ бахархсан ирээдүйд сайн улстөрч болох шинжтэй. Монгол орны нийт нутгийн байгаль цаг уур, зун намрын сард гандуу, иргэд болон дээдсийн орон гэр, байр галын аюулаас сэрэмжлэх, эрүүл ахуйн талаасаа энэ жил үе мөч, хүзүүний өвчин, халуун чанарын өвчлөлөөс анхааран сэргийлэхийг зөвлөж байгаа ажээ.

 

"Их амгалант номлол бүтээлийн хийд"-ийн зурхайч Э.Баяндалай: Нялхас, хөгшид анхаараарай

 

сонин mn

-Монгол уламжлалт бурхан шашны зурхайн судар номуудад гал морин жил нь хүн зон амар амгалан, өвчин зовлонгүй, сайхан жил. Мөн зуд турхангүй, жилийн дунд хэсэгтээ гандуу байх ч ургац, үр тариа, жимс ногоо тэргүүтэн арвин байна хэмээсэн. Идэр залууст ээлтэй сайн. Нялхас, хөгшид анхаарууштай. Төр, засаг нь ард иргэдээ хууль цаазаар ширүүлэх бус эерэгээр зөв шударгаар тэтгэвэл нэн сайн гэж гарсан.

 

Морь жилд засал номонд анхаарууштай 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109 настай морь жилтнүүд жил орж байгаа тул эрэгтэй хүмүүс угтаж, эмэгтэй хүмүүс нь дагаж засал номоо хийлгэвэл зохистой. Хулгана жилтэй хүмүүс Дүнсэр буюу их харшийн засалтай тул засалд шамд. Туулай, тахиа жилтэн Шишэд буюу бага харшийн засал, нохой жилтэй, 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай хүмүүс Гүүмиг буюу есөн нүдний засалтай. Бусад жилтэй хүмүүс ч мөн адил засал ном хийлгэнэ. Яагаад гэвэл бүх хүнд харш сар, муу гараг, муу цээртэй зүг, суусан суудал, урвасан жилээсээ хамаараад засалтай байдаг. Иймээс жилийн эхэнд цээр саадаа гаргаж, хийморь сүлдээ дэлгэрүүлж нас, буян хишгээ аривдуулахын тухайд засал ном хийлгэдэг.  

 

Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчэнлин хийд"-ийн ХМОНХА-ны дарга Ж.Одгарьд: 1994 оны нохой жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай

 

сонин mn

-XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарч байгаа. 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр шинийн нэгэн тохиож морин жил урган гарах нь. Жилийн ерөнхий өнгө байдлыг шинждэг олон аргачлалууд байдаг.

 

Монголчуудын дунд хамгийн өргөн дэлгэр түгэн дэлгэрсэн арга нь шороон үхрийн зурлага түүний шинж гэж байдаг. Шороон үхрийн зурлагыг шинжэд энэ жил улс оронд ерөнхийдөө буянтай. Мал сүрэгт сайн боловч бага зэрэг хямралтай. Идэр залууст амгалантай, Нялхаст дунд зэрэг, өвгөд хөгшид биеэ энхрийлүүштэй жил гарах нь.

 

Үүнийг төр улсын нийгмийн байдалтай бас холбож тайлбарладаг. Тэгэхээр нялхас буюу бага балчир гэдэг нь нийт ард иргэд гэж ойлгож болно. Товчхондоо бол хүн ардын хувьд тогтуун, буян тогтсон тийм сайхан жил гарна гэж манай зурхайч лам нар онцолсон. Хөгшдөд биеэ энхрийлүүштэй гээд байгаа нь төрийн дээд албан тушаалтнуудыг хэлж байгаа юм болов уу. Жил нь орж байгаа болон гарч буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай. Тийм учраас 1978, 1990,2002, 2014 оны морь жил гээд 13, 25, 37, 49-ний жил нь орж байгаа хүмүүст онцгойлсон заслууд байгаа. Мөн 1994 оны нохой жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай байна.

 

"Түвдэнпэлжээлин хийд"-ийн лам Д.Цолмон: Зон олны ахуй амьдрал сайн, төрийн нуруу тэгш байна

 

сонин mn

-Айлчлан ирж буй "Сүрээр дарагч" гал морин жил бол XIII дугаар жарны 40 дэх жил юм. Цагаан сар бол төр ёсны, шинэ жилийн, ард түмэн, улс үндэсний, соёл, зан заншил үндэсний агуулгатай бүхэн дэлгэрч байдаг баяр юм. Тухайн жилийн өнгийг үхэр хариулаач, үхрийн байцаар шалгадаг. Энэ жилийн ерөнхий байцаар харахад зон олны ахуй амьдрал, эрүүл мэнд сайн, төрийн нуруу тэгш байна. Газар тариалан, өвс ургамлын гарц арвин. Гэхдээ жилийнхээ дунд үед хур бага багатай. Жилийнхээ сүүл рүү хур бороо элбэг, өвс ургамал газар тариалангийн ургац арвин байна. Энэ жил залууст сайн, нялхаст ширүүвтэр, өвгөдөд ширүүн жил болох нь. Энэ нь цаад утгаараа бол өвгөд гэдэг нь төрийн өндөрлөг юм. Тэгэхээр манай төрийн өндөрлөгүүд улс орны хөгжил, гадаад харилцаа, ард түмний ахуй амьдралын хувьд нэлээн бодлоготой, няхуур, тооцоотой хандах нь зөв болов уу.

 

Залууст сайн гэдэг нь нийгмийн нэршлээр аваад үзвэл сайд нарыг хэлж байгаа юм. Нялхас гэдэг нь ард түмнийг хэлж байгаа бөгөөд энэ жил ажлын төлөвлөгөө, зорилгоо эртнээс төлөвлөх хэрэгтэй.  

 

Мөн үхрийн тоо, лууны тоо гэж байдаг. Энэ жил үхрийн тоо нь цөөхөн гурав харагдаж байна. Үхрийн тоогоор харахад ургамал, газар тариалан, ган гачиг, зарим газар үер усны аюул байна. Лууны тоогоор бол зун аянга цахилгаан, үер, бороо ихтэй гэж харагдаж байгаа юм. Арван хоёр сарын одон орны тусгай нэршил байдаг. Энэ нэршлээр нь харахад зуны эхэн, дунд сардаа хур бороо багатай, өвс ургамлын гарц бага байна. Харин зуны адаг сар, намрын эхэн сардаа дэлгэр сайхан байна. Ирж байгаа шинэ ондоо төр маань түвшин амгалан, түмэн олны маань ажил амьдралд сайн, эрүүл энх, бүх зүйл дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.

 

"Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийд"-ийн хамба лам Д.Тайвансайхан: Гал морин жилээс авах сайн үр шим их

 

сонин mn

-Аливаа зүйлд хүн мэдэхгүй,болгоомжгүйгээсээ болж алдаж хохирдог. Түүнээс аварч хамгаалахын тулд зурхайг толилуулдаг учиртай. Морь жилд Хүн төрөлхтөний аврал итгэл болсон гайхамшигт Бурхан багш, Аугаа суут Чингис хаан, Өгөөдэй хаан зэрэг их хүмүүнүүд мэндэлж байсныг дуулгахад таатай байна.

 

Ерөнхийдөө бол маш сайхан жил гарч байна. Хүн бүр өөрийн сэтгэл, үйлдэлдээ анхаарч, биеэ энхрийлж, орчноо эерэг байлгаж чадвал энэ жилээс авах сайн үр шим их. Энэ жилийн хувьд үр тариа,жимс сайн ургана.хүмүүний тухайд идэр, залууст амгалантай, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеэ энхрийлүүштэй жил гарч байна.

 

Идэр, залууст амгалантай гэдэг нь хөдөлмөр эрхлэлт, идэвх санаачилга, амьдрал ахуйд ахиц гарах боломж илүүтэйг илтгэнэ. Харин нялхас буюу эгэл ардын амьдрал дунд зэрэг, ахмад настнууд биеэ энхрийлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэсэн утгатай. Мөн энэ жил өвчин зовлон дэгдэлт ихсэхгүй, харин төр засаг, хууль цаазын бодлого арай чангарах, нийгмийн зохион байгуулалт, дэг журам цэгцрэх хандлагатай жил гэж харагдаж байна. Жил бүр харш жил, жил орсон, мэнгэ голлосон хүмүүс заслаа хийлгэдэг. Энэ жилийн хувьд хулгана жилтэй хүмүүс их харш, Тахиа, туулай жилтэй хүмүүс бага харш, Морь жилтэй хүмүүс жил орсон засал, Нэг цагаан мэнгэ голлосон хүмүүс мэнгэний засал хийлгэнэ. Харин бар, нохой жилтний ивээл жил орж буй тул ивээл жилийн засал хийлгэнэ.

 

Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчэнлин хийд"-ийн зурхайч, гэвш Ч.Очирбат: Залууст ээлтэй жил гарч байна

 

сонин mn

-Энэ жил "Сүрээр дарагч" нэртэй гал морин жил гарч байгаа. Зуд, ган, өлсгөлөн, өвчингүй амгалан сайхан жил гарч байна гэсэн үг. Ийм боловч хаант засгийн хувьд чангармуй гэж байгаа. Тэгэхээр төр, засгийн хувьд хууль цаазаа цэгцэлсэн, өндөр албан тушаалтны хувьд ерөнхийдөө цэгцэндээ орсон жил болно гэсэн өнгө төрх гарч байна. Мөн шороон үхрийн шинжээр ярьвал шороон үхэр ч гэсэн энэ жилийн хувьд маш сайхан өнгөтэй шороон үхэр гарсан.

 

Улаан толгой, улаан биетэй, хөх гэдэстэй. Дөрвөн шийр нь цагаан, туурай, эвэр, чих, сүүл нь шар. Хүн нь үсээ боосон, хөх бүстэй, улаан дээлтэй, гунхсан шилбүүртэй, хоёр гутлаа баруун гартаа барьсан залуу хүн дүрслэгдэж байна. Тиймээс залууст ээлтэй.

 

Залуус гэдэг нь төрийн дунд албан тушаалын, хуучнаар аймгийн дарга нар, аймгийн ноёдууд гэж хэлдэг. Нялхаст дунд зэрэг гэж байгаа. Нялхас гэдэг нь энгийн иргэн буюу ард түмнийг хэлж байгаа. Ард түмэн гэж аймгийн ноёдуудыг бас хэлдэг. Мөн хөгшид биеэ энхрийлүүштэй гэсэн шинж гарч буй. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнуудыг ажилдаа анхаарахгүй бол энэ жилийн хувьд жаахан хямрамтгай, үймээнтэй байх төлөв байдалтай жил гарч байна.

 

Хулгана жилтэй хүн их харшийн, тахиа, туулай жилтэй хүмүүс бага харшийн засалтай. 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүс жил орсны засал хийлгэх ёстой. Энэ жилийн онцлог нь нэг цагаан мэнгэтэй жил бөгөөд халууны өвчин дэлгэрэх шинжтэй жил гарч байгаа.

 

Тиймээс нэг цагаан мэнгэтэй хүмүүс жилийн заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Нэг цагаан мэнгэтэй хүмүүсийн мэнгэ нь голлож байгаа. Жил нь орж байгаа эрэгтэйчүүд жилээ угтаж, эмэгтэй хүмүүс жилээ дагаж заслаа хийлгэдэг. Онцгойлж хэлэхэд, 1994 оны нохой жилтэй хүмүүс 33-ны мөчлөгийн засал хийлгэх ёстой. 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.