Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

3

Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

 

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд Таикачи Санаэ, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд ижил байр суурьтай улс орнуудтай нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. 

 

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Японд айлчилж, түүнийг бямба гарагт Ерөнхий сайд Т.Санаэ хүлээн авч уулзсан байна.

 

Хоёр улсын удирдагчид кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг стратегийн түвшинд хөгжүүлэх, Итали улстай хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх гурван талын хамтарсан төслийг эрчимжүүлэх, мөн энэ онд гадаад харилцааны ба батлан хамгаалахын сайд нарын оролцоотой “2+2” гэсэн форматаар хэлэлцээ хийхээр тохиролцжээ.

 

Эдийн засаг болон эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд Т.Санаэ, К.Стармер нар салхины эрчим хүч, квантын технологи, халуун цөмийн эрчим хүчний салбар дахь аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

 

Түүнчлэн чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх үүднээс ижил байр суурь баримталж буй улс орнууд хоорондын үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах шаардлагатай байгааг дахин нотлов. Хятад улс ийм төрлийн ашигт малтмалын экспортод хязгаарлалт тогтоосон үед ийм тохиролцоонд хүрч байна. Бямба гарагт болсон оройн зоогийн үеэр Т.Санаэ, К.Стармер нар олон асуудлаар санал солилцжээ. К.Стармер Японд айлчлахаасаа өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн Ойрх Дорнод болон Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцжээ.  Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Такаичи мэдэгдэхдээ, Их Британийн Ерөнхий сайдтай хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, улам гүнзгийрүүлэхээр тохиролцсон гэв. Олон улсын хамтын нийгэмлэг хямралуудтай тулгарч буй XXI зуунд Япон, Их Британи хоёр улс шинэ эрин үеийг хамтдаа бүтээхийн төлөө илүү нягт хамтран ажиллана гэж тэрбээр онцолжээ.

 

Харин К.Стармер хэлэхдээ “Өнөөдрийн миний Японд хийж буй айлчлал геополитик, эдийн засаг, технологийн хямралууд дэлхийг цочроож буй үед болж байна” гэж мэдэгдээд, хоёр улсын хариу арга хэмжээ “хүчтэй, тодорхой” байх ёстой хэмээн нэмж хэлсэн байна.

 

Их Британийн Ерөнхий сайд чөлөөт худалдааг дэмжихийн тулд нягт хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо. Тэрбээр хэлэхдээ “дэлхий дахины байдал тогтворгүй байгаа энэ үед бизнесийн үйл ажиллагаагаа цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд чөлөөтэй, урьдчилан таамаглах боломжтой худалдааг хадгалах, мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгах нь чухал” гэв. К.Стармер мөн энэ онд Такаичиг Их Британид айлчлахыг урьжээ.

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.