Нийтийн албан тушаалтнуудын сүүлийн 3 жилийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршууллаа
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай. Энэ дагуу 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршуулжээ.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.
Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн 3 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг байршсан бөгөөд хөрөнгө, орлого нь хууль бусаар нэмэгдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгч, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах нь нээлттэй.
Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээллийг байршуулаагүй юм байна.
Авлигатай тэмцэх газар 2020 оны зургадугаар сарын 22-26-ны өдрүүдэд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн 8 мэдүүлгээс зөрчилтэй 1, зөрчилгүй 6, зөрчилд тооцохгүй анхааруулсан 1 байв. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дээрх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 42 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт 38 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгажээ. Одоогоор ажиллагаанд 30 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 484 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Одоогоор ажиллагаанд 433 хэрэг шалгагдаж байна.