С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихийг МАН-ын дарга У.Хүрэлсүх уриаллаа

538



Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга  У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Багануур дүүрэгт ажиллаж, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очирыг багаар нь дэмжихийг иргэд сонгогчиддоо уриаллаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга  У.Хүрэлсүх “УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Бид өнгөрсөн 30 жилийнхээ нийгэм, эдийн засагт үнэлэлт дүгнэлт хийж, ирэх 30 жилийн  “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрөө баталсан. Ирээдүйн 30 жилийнхээ эхний сонголтыг зургадугаар сарын 24-ний өдөр хийнэ” гээд ард иргэдийг хариуцлагатай сонголт хийхийг уриаллаа. Тэрээр 2012-2016 онуудад эдийн засаг ямар хүнд байсныг сануулж,  өнгөрсөн дөрвөн жилд хамтдаа зүтгэж, хасах үзүүлэлттэй байсан эдийн засгаа 5-7 хувийн өсөлттэй болгосныг онцлов. Мөн санхүүгийн сахилга батыг чанад сахисны хүчинд  8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүүг дарж, өрийн дарамтыг бууруулсан, гадаадын  шууд хөрөнгө оруулалтыг сэргээсэн, хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, гадаад валютын албан нөөцийг 4,2 тэрбум гаруй ам.доллар болгон нэмэгдүүлсэн гэх мэт ололт амжилтаа дурдлаа.

2019 онд улсынхаа түүхэнд анх удаа 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, Монгол Улс анх удаа ирээдүй хойч үедээ, хүүхдүүддээ зориулж уул уурхайгаасаа баялгийн сан байгуулж, “Ирээдүйн өв сан”-д 640 тэрбум төгрөг хуримтлуулсан хийгээд 2020 онд энэ мөнгө нэг их наяд төгрөг болж нэмэгдэх тухай ярив.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд таван зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо хангах,  газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэх, харилцаа  холбоо, мэдээлэл технологийг хөгжүүлэх зэрэг юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ бол баян айлын эрх хүүхдүүдийг хүмүүжүүлж байдаг цэцэрлэг биш, гэмт хэрэгтнүүдийн нуугдаж байдаг орон байр биш.  Хууль бусаар алдагдсан олон баялгуудаа бид өнгөрсөн гурван жилд олж авлаа. Тэднийгээ ард түмэндээ, улс эх орондоо хурааж авсан. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авсан. Хууль хэрэгждэг нийгэм байх ёстой. Хуулийн дээгүүр давж алхаж байгаа тэр олигархууд бүгд хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой” гэлээ.

Мөн УИХ-ын ээлжит сонгууль дэлхийг хамарсан цар тахалтай тэмцэж буй  үед болж байгаа бөгөөд дотооддоо коронавирус цар тахлыг алдаагүй дэлхийн цөөхөн улсын нэг болж байгаад Ерөнхий сайдын хувьд нэн баяртай байгаагаа хэлэв.

Тэрээр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын тухай ярихдаа “Энэ хоёр сайхан залуу маань та бүхнийхээ төлөө зүтгэнэ. Нэг нь Улаанбаатар хотыг, нөгөөх нь Багануур дүүргийг маш сайхан авч явж байгаа. Төр улсдаа олон жил зүтгэнэ. С.Амарсайхан бол жирийн уурхайчин гэр бүлийн хүүхэд, Налайхад өгч өндийсөн унаган хүүхэд. Харин Ц.Сандаг-Очир бол жирийн малчин айлын хүүхэд,  Багануурын унаган хүүхэд. Хэн хэн нь ёс суртахуунтай, зоригтой, эх орондоо хайртай, төр түмний эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг. Та бүхэн маань энэ хоёрыгоо багаар нь дэмжиж өгөөрэй” хэмээн уриаллаа.

МАН-ын мөрийн хөтөлбөрт Багануур дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ.

1. Багануур дүүргийн бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.

2. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна.

3. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ.

4. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулна.

5. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулна.

МАН-ын мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ.

1. Шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно.

2. Соёлын ордон шинээр барина.

3. “Багахангай үйлдвэр технологийн парк”- ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжиж, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ.

4. Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулна.

5. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв бий болгоно.

МАН-ын мөрийн хөтөлбөрт Налайх дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ.

1. Дулааны станцын өргөтгөл шинэчлэлтийг хийж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II барьж, ажлын байр шинээр бий болгоно.

2. 300 ортой эрүүл мэндийн шинэ эмнэлэг, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байр, шаардлагатай хороонд шинээр цэцэрлэг барьж, олон нийтийн болон ахмадын чөлөөт цагийн төвтэй болно.

3. Дүүргийн төв, орон сууцны болон гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбоно.

4. Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулна.

5. Аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн “Хөгжлийн үүд залуусын цахим хотхон” байгуулна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.