Тусламж хүргэх МИАТ-ын онгоц АНУ-ыг зорилоо
Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ-д тусламж үзүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн 7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиатль хотыг зорилоо.
Тусламж хүргэх ёслолыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй ийм хүнд сорилттой нүүр тулж буй үед улс орнууд нэгдэж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх учиртай. Энэ хүнд үед манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж, та бүхэндээ сэтгэлийн дэм үзүүлж байна. Та бүхэн биднийг үргэлж дэмжиж ирсэн. Өнөөдөр Монгол, Америкийн хооронд анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Манай онгоц буцаж ирэхдээ өөрийн 250 орчим иргэнээ авч ирнэ. Энэ бол манай хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ эхлэл юм хэмээн тэмдэглэлээ. Энэ арга хэмжээг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санаачлага, дэмжлэг нэн чухал байсныг Сайд Д.Цогтбаатар онцлов.
Элчин сайд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын тусламжийг АНУ нэн талархан хүлээж авч байгаа гээд, тусламжийг хүлээн авах болон Монголоос очиж буй анхны нислэгтэй холбоотой нарийн төвөгтэй зохицуулалтуудыг хийхэд хоёр талын холбогдох байгууллагууд шуурхай, амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа удаан хугацаанд өндөр түвшинд хөгжиж ирснийг тэмдэглээд, монголчуудын түншлэл, нөхөрлөл, улмаар цар тахалтай тэмцэх хамтын хүч чармайлтад ийнхүү тус дэм болж байгаад маш их баярлалаа гэв.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МИАТ компанийн төлөөлөл оролцов. Мөн нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг үйлдвэрлэсэн “Мөнхийн тун”, “Эксклүсив” компанийн удирдлага оролцож, бүтээгдэхүүнийхээ дээжийг Элчин сайд М.Клеческид гардуулав.
Тусламжаар илгээж буй 60 мянган ширхэг нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг АНУ-ын Онцгой байдлын Холбооны алба хүлээн авах юм.