Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу жолоо барьвал эрүүгийн хариуцлага хүлээнэ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 50 гаруй иргэнд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт хийсэн байна.
Тодруулбал, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин дээрх үйлдлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх болсон, мөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулсан талаар мэдээлэл өгчээ.
Он гарсанаас хойш Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.