Шүүхийн төсвийг гүйцэтгэлд буюу үр дүнд суурилан төсөвлөхтэй холбоотой судалгааны тайланг хэлэлцлээ

261
   Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.09.07) болж, Шүүхийн төсвийг гүйцэтгэл буюу үр дүнд суурилан төсөвлөхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
 
 
      Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 332 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичигт “Шүүн таслах ажиллагааны зардлыг бодитой тооцох, төлөвлөх, санхүүжүүлэх тогтолцоог нэвтрүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж шүүхийн эдийн засгийн баталгааг хангах” арга хэмжээ тусгагдсан.
 
      Энэ арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шүүхийн төсвийг гүйцэтгэл буюу үр дүнд суурилан төсөвлөхтэй холбоотой судалгаа хийх үүрэг бүхий ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг Ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд болон тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр Удирдлагын академийн багш Д.Намхайдагва, Эрдэм сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
 
      Ажлын хэсэг Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан 9 маягт, загварын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, түүний үр дүнг гүйцэтгэл, үр дүнд суурилан төсөвлөсөн бөгөөд холбогдох танилцуулгуудыг зургаан чиглэлээр бэлтгэн танилцууллаа. Тухайлбал,
  • “Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн төрлөөр шүүн таслах ажиллагааны өртгийг тодорхойлох”,
  • “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг судлах, хуулийн төслийн санал боловсруулах”,
  • “Гүйцэтгэл буюу үр дүнд суурилсан шүүхийн үйл ажиллагааны төлөвлөлт, хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлтийг боловсруулах”,
  • “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны статистикийн тайлан мэдээ гаргах зарим хууль, журам, зааврын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх”,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслийг үр дүнд (Гүйцэтгэл) суурилан төсөвлөхөд өгсөн зөвлөх үйлчилгээний тайлан,
  • “Шүүхийн санхүүжилтийн зарим асуудал”-аар хийсэн харьцуулсан судалгааг танилцууллаа.
 
      Тайлантай танилцаад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын төсөв хуваарилах, төсвийн шууд захирагчийн төсвийн тайлан боловсруулах харилцааг зохицуулсан журам, аргачлал боловсруулж батлуулахыг Ажлын албанд даалгасны зэрэгцээ дээрх судалгааны үр дүнг холбогдох байгууллагад танилцуулах арга хэмжээ авах чиглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Ажлын хэсэгт өглөө.
 
       Өнөөдрийн хуралдаанаар шүүгчид чөлөө олгох асуудлыг мөн хэлэлцсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид түүний гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөө олгохоор шийдвэрлэсэн ба  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс ирүүлсэн чөлөө олгох хүсэлтийг дэмжсэнгүй.
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.