Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамгын газрын орон тоог нэмэгдүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.08.31) болж, анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ажлын ачаалал, зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 76 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, 17 орон тоог шинээр нэмэгдүүллээ.
Мөн 21 орон тооны цалингийн санг холбогдох шүүхийн Тамгын газрын төсөвт нэмж хуваарилахаар болов. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд нийт 38 орон тоог нэмэгдүүлж байгаа юм. Үүнд мэдээлэл, лавлагааны мэргэжилтний орон тоо 7, шүүгчийн туслахын орон тоо 1, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо 19, эвлэрүүлэн зуучлагч 1, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан 5, архивч 2, бичиг хэргийн эрхлэгч 1, эмч 2 орон тоог тус тус нэмэгдүүлэв.
Хуралдаанаар нэр дэвшигчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар дахин санал болгох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч М.Отгонбаатар, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч С. Ёндонсамбуу нарыг шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоор шийдвэрлэв. Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч А.Ариунзаяаг сахилгын шийтгэлтэй хугацаа дуусаагүй үндэслэлээр дахин өргөн мэдүүлэхээс татгалзлаа.
Түүнчлэн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай асуудлыг хэлэлцээд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлахаар боллоо. Нэр дэвшигчийн өргөдлийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд бүртгэх юм.
Мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн, хүсэлт гаргасан тул шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.
Тус хуралдаанаар зарим шүүхийн Тамгын газрын даргыг шилжүүлэх, түр орлон гүйцэтгүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэнг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томиллоо. М.Нямсүрэнг шилжүүлэн томилсонтой холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Төмөрсүхээр түр орлон гүйцэтгүүлэх шийдвэрлэлээ.
Хуралдаанаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн жишиг тоог шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэж дэмжив.
Хэвлэл мэдээллийн хэлтэс