Ж.Амарсанаа: Шүүгч бол монголын амьдралын дунд хөвж, живж, хөөрч яваа л хүн

213
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар 1996-1998 оны хугацаанд ажиллаж байсан Академич Ж.Амарсанаатай ярилцлаа.
 

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫН ХАНГАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЧИГ ҮҮРЭГТЭЙ

-Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх байгууллага байгуулагдаад өдгөө 30 жилийн нүүрийг үзэж байна. Энэ 30 жилийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг чиглэл, ололт амжилт юу байсан гэж Та харж байна вэ?

      Анх Богд хаант засаглалын үед, дараа нь эдийн засаг мандсаны дараа шүүх яам дотор шүүхийн захиргаа, прокурор хамт байсан. Яваандаа шүүхийн захиргаа бие дааж, бий болсон.

        1990 оноос хойш ардчилсан хувьсгалын дараагаар шүүхийг шүүхийн захиргаанаас салгаж, Хууль зүйн яам нь шүүхийн захиргааны алба буюу цалин, орон тоо, томилолт, амралт, төсөв зэрэг асуудлыг хариуцах болсон.

         1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шинэ байгууллага Монгол Улсад анх бий болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл ердөө хоёрхон ажил хийхээр Үндсэн хуульд заасан байсан. Нэгдүгээрт, шүүгчийн хараат бус байдал, хоёрдугаарт, шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ ажлаа амжилттай хийсээр ирсэн байна.

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар Үндсэн хуулийн хэмжээнд нэмэлт, өөрчлөлт 2019 онд орсон. Шүүхийн Сахилгын хороог байгууллаа. Харьцангуй бие даасан байгууллага. Шүүхийн ерөнхий зөвлөлийг өргөжүүлж, 10 орон гишүүнтэй болголоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх ажлын аппарат, бүтэц өргөжиж байна.

          Анх аймагт жишээ нь шүүхийн нэг л ажилтан, нийслэлд шүүхийн нэг л хэлтэс байсан бол одоо Монгол Улсад 500 гаруй шүүгч байхад мянга гаруй шүүхийн захиргааны ажилтан байгаа. Шүүгчээсээ гурав дахин их. Мянга нь захиргааны ажилтан, 600 орчим нь үйлчилгээний ажилтан. Энэ бүгд шүүхийг зөв, зохистой, шударга ажиллахад маш их дэмжлэг үзүүлж байгаа. Шүүхийн бие даасан байдлыг хангахад маш чухал үүрэгтэй байгууллага шүү дээ.

            Шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, шүүгчид хариуцлага хүлээлгэх, шүүгчийн ёс зүй, сахилгын асуудлыг шийдвэрлэх зэрэг маш их ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл дангаараа хийж байсныг өөрчилсөн. Цаашдаа ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлыг улам боловсронгуй болгох шаардлага амьдралаас харагдаж байна.

-Тухайлбал юуг нь шинэчилж, сайжруулах шаардлага байна вэ?

       Жишээлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх төсвөө шууд УИХ-д өргөн барьдаг. Түүнд нь Засгийн газар санал өгдөг байх шаардлагатай. Үгүй бол бусад төсвийн адилаар Төсвийн хуулийн дагуу бүх байгууллагатай адилтгаж, Сангийн яамаар дамждаг ийм тогтолцоо байдаг. Үүнийг Засгийн газар санал өгнө, санал өгөхдөө Сангийн яамыг түшиглэх ийм бололцоо цаашид байгаа гэж үзэж байна.

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН ГОЛ ЦӨМ НЬ ОЮУН САНААНЫ ХАРААТ БУС БАЙДАЛ

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүсэл гаралтай холбоотойгоор шүүгчийн хараат бус байдал гэсэн ойлголт гарч ирж байна. Та багш, судлаач хүний хувьд шүүгчийн хараат бусаар ажиллах баталгааг юу гэж тодорхойлох вэ?

         Шүүгчийн хараат бус байдлын талаар товч ярья. Энэ гэнэтхэн бий болчихсон зүйл биш. 1924 оны анхдугаар Үндсэн хуульд шүүхийг Улсын Их хурлаас байгуулах тухай заалт орсон. Тэнд шүүхийн байгууллага байна гэсэн заалт орсон байгаа. Шүүхийн тухай тусгай бүлэг байхгүй.

         1940 оны Үндсэн хуульд шүүхийн тухай тусгай заалтууд орсон. УИХ-аас байгуулна, дээд шүүхийн Ерөнхий шүүгч буюу тэр үеийн дээд шүүхийн даргыг УИХ чөлөөлж байхад, Улсын Бага Хурал сонгоно. Аймаг, хотын буюу орон нутгийн шүүхийн шүүгчдийг аймаг, орон нутгийн хурал сонгоно гэсэн байдаг. Энэ тухайн социалист ардчиллын үедээ дэвшилттэй зүйл. Харин одоогийнхтой харьцуулахад бол хэтэрхий хамааралтай болчхоод байгаа юм л даа. Улстөрч, орон нутгийн байгууллагаас сонгогдоно гэдэг бол тэд нарын нөлөөнд автах буюу хараат бус байхад сайн зүйл биш.

         1940 оны Үндсэн хуулийн нэг онцлог бол шүүгч хараат бус ажиллах, зөвхөн хуульд захирагдах тухай заалт орсон. 1960 оны Үндсэн хуульд мөн ийм заалт орсон. Шүүгч хараат бус байна, бие дааж ажиллана, зөвхөн хуульд захирагдана.
 
       1992 оны Үндсэн хуульд шүүгч хараат бус байх, шүүх бие даасан байх тухай заалт орсон. Манай улсын нэгдэн орсон гэрээ, мөрдөх ёстой олон улсын эрх зүйн хэм хэмжээг ажиглахад бол шүүхийн хараат бус байдал гэх нэр томьёо их явдаг л даа.

        Харин манай Үндсэн хуулийн онцлог бол шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал гэж хоёр өөр агуулгатай зүйл. Шүүхийн бие даасан байдал гэдэг бол шүүх төсвөө боловсруулах, батлуулах, шүүгчийг сонгож  олох, бие даасан асуудал, сахилга хариуцлагын асуудал гээд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй уялдсан шүүх гэдэг маань байгууллагын хувьд бие дааж ажиллах нөхцөл.

          Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь тухайн албан тушаалтан, ухаандаа манайд 520 гаруй шүүгч байна. Энэ хүмүүсийн тухай л ярьж байгаа. Тодорхой бие хүний тухай. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн шүүгч бол төрийн тусгай албан хаагч төрийн албаны хуулийг биелүүлнэ. Үүний зэрэгцээгээр маш олон хуулийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх, хэрэгжүүлэх, хэрэглэх эрх мэдэлтэй, үүрэгтэй.

          Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүх бие даасан байж, шүүгч хараат бусаар ажиллах ёстой. Шүүгчийн хараат бус байдал бол бусдаас хараат бус байдлаар ажиллахыг хэлж байгаа юм. Хараат бус байдал бол олон талтай.

           Улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, оюун санааны гэсэн хараат бус байдал байдаг гэж манай хуульч, эрдэмтэд, шүүгчид бичиж, ярьж байна. Улс төрийн хараат бус байдал гэдэг нь улс төрөөс ангид байх. Улстөрчид, улс төрийн албан тушаалтнуудаас ангид байх асуудал. Манайх тэр бүр одоохондоо ангид байж чадахгүй байна. Ер нь цэвэр, зуун хувь улс төрөөс ангид байна гэж байхгүй. Яагаад гэвэл улс төрийн бүтэц болох Парламент шүүхийн хуулийг баталдаг. Шүүхийн хууль батлагдсанаар шүүгч ямар эрх, үүрэгтэй байх вэ гэдгийг тогтоож өгдөг учраас улс төрөөс хамааралтай.

         Гэхдээ улсуудын Үндсэн хуульд бол өөр өөр чиглэлтэй байна л даа. Улс төр дээдэлсэн Үндсэн хуультай улс байна, шашныг дээдэлсэн Үндсэн хуультай улс байна. Манайх бол эрх зүйг дээдэлсэн үндсэн хуультай улс. Энэ утгаараа Үндсэн хуулийн заалт зөв гарах ёстой. Үндсэн хууль зөв байж, цаашаа шүүх зөв болох ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийг зөвхөн батлаад орхих биш, Үндсэн хуулийг зөв хэрэгжүүлэх шаардлагатай. 
   
          Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдалд юуны өмнө цалин хангамж хэрэгтэй. Нийгмийн даатгал, аюулгүй байдал, олон асуудал орно. Үүнийг хангах, дэмжих утгаар биш, шүүгчийн өөрийн хариуцлагатай холбоотой байна. Ухаандаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу шүүгч болон түүний гэр бүлийн гишүүд ашиг сонирхлын зөрчилд автагдахгүй байх. 

         Манайх чинь хагас нүүдэлчдийн орон. Бас их сонин юм байна л даа. Хамаатан садан, нэг орцных, нэг сургуулийнх, нэг багийнх гээд цөөн хүн амтай учраас ийм нөлөө бас байдаг. Үүнээс аль болох ангижрах шаардлагатай.

         Авлигаас чөлөөтэй байх. Иргэд энэ хүн миний эсрэг шийдвэр гаргачихлаа, авлига авчихлаа гэж хардаж эхэлдэг. Тэгэхээр ялагдсан талын гомдол их Авлигатай тэмцэх газарт очиж байна. Үүнээс үзэхэд Авлигатай тэмцэх газарт учиргүй авлига аваад гардуулчихсан шүүгч харагдахгүй байх шиг байна. Барьж байгаад, сүүлд нь биш болсон, гүтгэгдсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон ийм нөхцөл байдлууд харагдаад байна. Тэгэхээр авлигатай тэмцэх асуудал бол зөвхөн шүүгчийн асуудал биш. Шүүхийн захиргааны байгууллагын асуудал бас хамт орж байгаа. Энэ бол ангид л байх асуудал.

-Шүүгчийг нөлөөллөөс ангид байгаа гэдэгт иргэд юунд үндэслэн итгэх вэ? 

            Үүний нэг хэсэг бол “Нөлөөллийн мэдүүлэг” гэж шүүхийн хуулиудаар сүүлийн хоёр, гурван хууль дээр гарч ирсэн. Нөлөөллийн мэдүүлэг өгөх. Энэ бол маш чухал заалт. 2022 оны шүүхийн тайланг үзэхэд нөлөөллийн мэдүүлгийг 25 шүүгч өгсөн байна билээ. Зарим нь зөрчлийн хэрэг үүсгэсэн, зарим нь хэрэгсэхгүй болгосон. Хүн ам цөөн, биесээ таньдаг хүмүүс бол ялангуяа бизнесмен, улстөрчдийн нөлөөлөл асар их байх шиг байна. Зүгээр дугаар хорооны иргэн малаа алдлаа гээд учиргүй нөлөөлөөд, шил юм өвөртлөөд явах нь хаашаа ч юм. 

            Өөр нэг асуудал бол нийгмийн талаасаа хараат бус байх. Энэ бол эрүүл мэндийн даатгал, амь насны даатгалыг төр хариуцаад өгч байна. Тэтгэвэр, тэтгэмж өгч байна. Энэ бол маш чухал зүйл.

          Дараагийн хараат бус байдлын нэг илрэл бол шүүгч оюун санааны хувьд хараат бус байх ёстой. Энэ шилжилтийн, эгзэгтэй, амьдрал сайнгүй байгаа нөхцөлд цалинг нь хэчнээн нэмээд ч өөрөө сэтгэл зүйн хувьд, сэтгэлийн хувьд, ёс зүйн хувьд, ёс суртахууны хувьд, ажлын ур чадварын хувьд, мэдлэгийн хувьд бие даахгүй бол юу ч өгөөд, яаж ч хамгаалаад ч ямар ч бие хамгаалах зэвсэг өгөөд, ямар ч харуул хамгаалалт дагаж яваад нэмэр болохгүй.

        Тэгэхээр оюун санааны хувьд хамгийн гол нь бие, сэтгэлээрээ хараат бус байх ёстой. Шүүгчийн хараат бус байдлын гол цөм нь оюун санааны хараат бус байдал. Оюун санааны хувьд хараат бус байх гэдэг бол зөвхөн гоо зүй, гоо сайхны асуудал биш. Эрх зүйн мэдлэг, эрх зүйн боловсрол, эрх зүйн соёл өндөр байх ёстой. Шүүгч хараат бус байна гэж 1940, 1960, 1992 оны Үндсэн хуульд орсон байгаа. Оюун санааны хувьд хараат бус байна гэдэг нь зөвхөн хуульд захирагдана. Тэгэхээр ямар хуульд захирагдаж байгаагаа мэдэх ёстой. Энэ бол шүүгчийн дээд боловсролоос гадна хуулийн мэдлэг, эрх зүйн соёл, ухамсартай их холбоотой юм. Энэ бол энгийн ухамсар биш, мэргэжлийн ухамсар гэж ойлгогддог зүйл. Тэгэхээр эрх зүйн соёл гэдэг бол хуулийг зөв ойлгоод, зөв хэрэглэдэг байх ёстой. 

          Шүүгч өөрийн мэргэшсэн чиглэлээрээ Зөрчлийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна Иргэний хуультай холбоотой Үнэт цаасны хууль, аж ахуй нэгжтэй холбоотой,татвартай холбоотой хуулиудыг гүн гүнзгий мэдэж байж, оюун санаа нь төлөвшиж байж, сая хараат бус байж чадна л даа.

        Түүнээс би сэтгэцийн хувьд гайгүй, намайг эмч зүгээр гэсэн сэтгэл зүйн хувьд давгүй гээд байвал энэ бол асуудал биш. Хуульдаа захирагдахын тулд хуулиа мэддэг байх ёстой. Энэ бол шүүгчийн их том асуудал.

          Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнд юу орсон гэвэл шүүгчийн хараат бус байдлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл жил бүр танилцуулга гаргаж, Улсын Дээд шүүхэд мэдээлнэ гэж байгаа юм. Тайлан тавина гэсэн үг биш. Яагаад гэвэл шүүх бол бие даасан байгууллага. Шүүхийн ерөнхий зөвлөл бол Улсын дээд шүүх болон бусад шүүхийг хараат бус ажиллах, бие дааж ажиллахад дэмжлэг үзүүлэх арын алба нь. 

         Тэгэхээр шүүгчдийг хараат бус байлгахад, шүүхийн бие даасан байдлыг хангахад Шүүхийн ерөнхий зөвлөл юу хийсэн гэдгээ жил бүр УДШ-д мэдээлж байх, тайлан гэсэн нэртэй зүйлийг танилцуулга гэдэг хэлбэрээр мэдээлэх юм. Энэ жилийн практикийг харахад, бичгээр явуулсан байна билээ. Энэ бол болох л зүйл л дээ. Үүнийг нь дээд шүүх аваад, учиргүй дүгнээд, хариу өгөөд байх юм байхгүй. Зүгээр та нарыг хөгжүүлэх, дэмжихийн тулд, хараат бус, бие даасан байдлыг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл бид ингэж ажиллаж байна аа гэдгээ мэдээлэх л юм. Дээд шүүх бол зөвлөмж өгөхийг үгүйсгэхгүй л дээ. 

ШҮҮХ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГАДАГ

-Манай улсын яг одоогийн нөхцөлд шүүгчийн хараат бус байдал хэр хангагдсан гэж харж байна?

         Шүүгч гэдэг бол хүн. Хувь хүн, бие хүн, иргэн. Олон өнцгөөс харвал олон утгаар тайлбарлаж болно. Гэхдээ монголын амьдрал дээр ургасан, монголын амьдралаас төрсөн, монголын амьдралын дунд хөвж, живж, хөөрч яваа хүн л дээ. Тэгэхээр монголын нийгэм ямар байна, хүний тусгал тийм л байна. Ухаандаа өнөөдөр сайн боловсролтой шүүгчийг бэлдэхийн тулд дээд сургуулийн боловсрол сайн байх ёстой. Их сургуулийн боловсрол. Манайд өнөөдөр хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн, хувьсгалын 18 их дээд сургууль байна.

         Ухаандаа малын тоог цөөлье, чанаржуулъя гэдэг шиг их сургууль чанартай байх ёстой. Их сургууль гэж гуравхан юмыг хэлдэг. Оюутан байна, номын сан байна, багш байна. Тэгэхээр оюутан мэрийлттэй байх ёстой. Багш хүн өөрөө заах ур чадвартай, мэдлэгтэй байх ёстой. Номын сан буюу номтой байх ёстой. Номын сан гэдэг бол сургуулийн байшин дотор байгаа номыг хэлээгүй л дээ. Номыг их олноор хэвлэж гаргах. 

         Манайд гаднын сангууд хуульчдад зориулсан, шүүгчдэд зориулсан ном их хэвлэж байна. Багш нар ном их бичих, ном бол их чухал зүйл л дээ. Яг үнэндээ шүүмжлэлтэй хандахад их дээд сургууль, хууль зүйн сургуулиуд бол оюутнуудын төлбөрийг авчхаад номд зориулах биш, өөр аар саар, оюутны биш юманд зарцуулж байна.
Их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутны төлбөрийн хэдэн хувийг заавал ном авсан байх ёстой ч гэдэг юм уу. Тийм журам гаргаж болно шүү дээ. Заавал хуульчлаад байх юм байхгүй. Энэ бол боловсролын сайдын хийж болох ажил. Хууль зүйн  сургууль бол хэт олширсон. Зарим нь цөөрч байна, зарим нь нэгдэж байна. Энэ бол зүй тогтолтой үзэгдэл.
Тэгэхээр түрүүний шаардлагыг хангахын тулд хуульчийн бие даасан байдлыг хангахын тулд хүүхдийг бүр эхнээс нь, эхийн хэвлийд байхаас нь эхлэн хүмүүжүүлнэ гэдэг  шиг хуульчдыг оюутан байхаас нь эхэлж, дунд сургуульд ч гэсэн эрх зүйн мэдлэг олгож болно л доо.

          Шүүгчийнхээ ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх. Насан туршийн боловсрол гэдэг бол дээд боловсрол эзэмшчихээд дараа нь шүүгчээр ажиллахдаа байнга суралцаж байх. Тийм ч учраас Хуульчдын холбооны кредитийн болзлыг хангасан хүнийг шүүгчээр ажиллуулдаг.  Насан туршийн буюу тасралтгүй сургалт гэдгийг шүүхийн байгууллага дотоод сургалтаараа нэлээд сайн явуулж байна.

          Үүнд Ханнс Зайделын сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Соорсын сан, Нээлттэй нийгэм форум, Азийн сан зэрэг байгууллагууд нэлээн тусалж байна. Сургагч багшийг нь бэлдэж өгч байна. Энэ бол том дэмжлэг.

          Оюун санааны хувьд бие даана гэж голлож яриад байгаагийн учир бол хуулиа мэддэг, хамгийн гол нь иргэд хуулиа биелүүлэх ёстой, сахиж мөрдөх ёстой. Гэтэл шүүгч биелүүлэх, сахиж мөрдөхөөс дээд шатанд буюу хуулийг хэрэглэдэг байх ёстой. Хүн бүр хуулийг хэрэглэхгүй шүү дээ. Хэрэгтэй зүйлийг нь авна, эрхээ эдэлнэ, үүргээ биелүүлнэ. Энэ нь хуулийг сахин мөрдөх гэсэн утгатай үг. Хэрэглэнэ гэдэг бол хуулийн дагуу шийдвэр гаргах, захирамж, магадлал, тогтоол гаргах. Хуулийг хэрэглэнэ гэдэг бол албан тушаалтан болгонд байдаггүй. Зөвхөн шүүгчид байдаг зүйл. Тэгэхээр шүүгч хуулийг зөв хэрэглэхийн тулд хуулийг хэрэглэх ур чадвараа маш сайжруулж байх шаардлагатай.

           Эрх зүйн соёл, эрх зүйн ухамсар өндөр төлөвшсөн байж л шүүгч болно. Өнөөдөр юм болгоныг шүүх рүү зангаад, юм болгоныг шүүгч буруу зөрүү гэж яриад байна л даа.

            Авлигатай тэмцэх газар шүүгчийн талаар их бичиж байна. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын авлигад өртөж болох эрсдэлтэй байгууллагуудын жагсаалтад шүүх дээгүүр орохгүй байгаа. Өмнө хэлсэнчлэн хараат бусаар ажиллаж байна.
Прокурор төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Шүүгч хүсэлт, саналаа тухайн иргэнийхээ өмнөөс гаргадаг. Дээд шүүх, бусад шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Монгол Улс гэдэгт төр ч  байна, иргэн ч байна, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж бүгд л байна шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа. Та нэгэн цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад гар бие оролцож явсны хувьд 30 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлээч?

        Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, Монгол Улсын иргэдэд баярын мэнд хүргэе!
 
            Шүүх анх байгуулагдсан цагаасаа эхлэн захиргааны байгууллагатай холбоотой байсан тухай дээр дурдсан. Ойг тохиолдуулан та бүхэнд дахин баяр хүргэж, аз жаргалыг ерөөе!
 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.