Der Spiegel: Вагнерчууд хангалттай дэмжлэг авч чадаагүй тул бослогоо зогсоосон

225

Өнгөрсөн баасан, бямба гарагуудад Орост болсон үйл явдал олон улсын анхааралд өртсөн хэвээр байна. Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ын эзэн Евгений Пригожины өдүүлсэн бослого тэр дороо намжсан нь хангалттай дэмжлэг авч чадаагүйтэй холбоотой гэж Германы Der Spiegel сонин мэдээлжээ.
 
Тодруулбал, Евгений Пригожин анх төсөөлж байсан шиг хангалттай хэмжээний дэмжлэгийг улс дотроосоо авч чадаагүй тул Москваг чиглэсэн хөлсний цэргүүдийн цуваагаа зогсоосон гэж Der Spiegel сонины нийтлэлд онцолжээ.
 
Эргэн сануулахад, зургадугаар сарын 23-ны үдэш "Вагнер" компанийн тэргүүн Евгений Пригожин мэдэгдэл хийж, вагнерчуудын ар талын хуаранд ОХУ-ын Батлан хамгаалах яам пуужингийн цохилт өгсөн хэмээн буруутган, улмаар "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарласан юм. Пуужингаар вагнерчуудын байршилд цохилт өгсөн гэх энэ мэдээллийг Оросын БХЯ няцааж, харин Ерөнхий прокурорын газар Пригожинийг зэвсэгт бослого зохион байгуулсан гэж буруутган, хэрэг үүсгэж байв.
 
Улмаар зургадугаар сарын 24-ний өглөө вагнерчууд Донын Ростов хот дахь төрийн байгууллагуудын байрыг бүслэж, Москва руу хөдөлсөн юм. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийн, Пригожиний үйлдлийг "ар нуруунаас хутгалсан хэрэг" хэмээн нэрлээд Пригожин болон түүний удирлага дор байх бүх хүнийг хатуу шийтгэнэ хэмээн анхааруулж байв.
 
Гэтэл нэг их удалгүй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Пригожинтой хэлэлцээ хийсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ хэлэлцээрийн дүнд Пригожин цэргийн цуваагаа эргүүлэн татсан юм.

Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/550587
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.