Б.Ариунзул: Ах минь цалингаа асуухад захирал нь гар хүрдэг байсан баримт бий

304

БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадахгүй захиралдаа зодуулж, амиа алдсан монгол иргэний дүү болох Б.Ариунзул өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2021 оны зургаадугаар сарын 29-нд ах маань гэртээ нас барсан буюу бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй байдалтай олдсон юм. Хэрэг гараад хоёр жил болсон ч одоо хүртэл шийдэгдээгүй. 
Манай ээж энэ хэргийг үнэнийг олохын тулд солонгосын өмгөөлөгч, хүний эрхийн байгууллага гээд бүх газарт хандсан. Гэсэн ч тэдний олонх нь талийгаач ахын маань хэргийг өмгөөлөхгүй гэсэн хариу өгдөг. БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хандаж, улсын өмгөөлөгч гаргаад хэргийг үнэнээр шийдвэрлэхэд туслалцаа үзүүлээч гэхэд ямар ч хариу өгдөггүй. 
Бидний зүгээс уг хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Манай ах хүлэмжийн үйлдвэрт ажилладаг байсан. Захирлаасаа цалингаа нэхэхээр гар хүрдэг тохиолдол гурван удаа гарч байсан. Нотлох баримт нь бидэнд бий. 
Задлан шинжилгээгээр хоолойн сэртэнгийн яс хугархай гэж гарсан. Энэ гэмтэл язралтын улмаас хугарсан байж болзошгүй гэдгийг солонгос талаас гаргасан. Гэтэл бодит байдал дээр хүнийг багалзуурдаж, боомилсон тохиолдолд энэ яс хугардаг юм байна.
Солонгос улсын талаас энэ хэргийг гурван удаа хаасан. Тиймээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өргөдөл гаргахад тус яамны мэргэжилтэн нь уулзаад өмгөөлөгч гаргаж өгнө гэсэн ч сарын хугацаа өнгөрлөө. 
Хамгийн гол нь ар гэрийн зөвшөөрөлгүйгээр, цогцсыг ч таниулахгүйгээр задлан хийчхээд, чандарласан байсан. Танигдахын аргагүй тухайн цогцос ах маань мөн эсэхэд эргэлздэг. Дараа нь ээж маань моргт очоод бичиг авах гэхэд бүртгэлгүй байна гэсэн юм.
Магадгүй ах маань хүний наймаанд явсан болохыг үгүйсгэхгүй.  
Ах маань хамгийн сүүлд зургаадугаар сарын 9-нд бидэнтэй холбоо барьсан. Түүнээс хойш зургаадугаар сарын 14-нд дэлгүүрээс сөжү авсан гэж гэрчийн мэдүүлэгт дурдсан ч бичлэг нь байдаггүй.
Тиймээс энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хичээнгүйлэн хүсэж байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.