Засгийн газар анхан шатанд анхаарч байна

272

Засгийн газар анхан шатанд анхаарч байна

 

Улс орны амьдрал ахуй, эдийн засгийн чадамж айл өрхөөс эхэлдэг, айл өрхийн амьдрал ахуй аймаг сумын өнгө төрхтэй нягт холбоотой. Тиймдээ ч “Иргэн баян бол улс баян” хэмээн МАН-ын анхны дарга, Ерөнхий сайд асан С.Данзан хэлсэн билээ. Өдгөөгөөс зуу гаруй жилийн өмнө хэлж байсан үг өнөөдөр бодитоор хэрэгжих боломжтой нь Засгийн газрын бодлогоос анзаарагдана.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа засаг, захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийснээс тодхон харагдана. Дурдахад энэ Засгийн газар анхан шатны нэгждээ анхаарч байгаа нь сайн хэрэг гэдгийг ард түмэн ч хэлж байна.

Тухайн уулзалтад гол салбар болох Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон түүврийн аргаар сонгогдсон 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг Ерөнхий сайд танилцуулж, Засгийн газраас нийслэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийн талаар санал солилцсон нь нүдээ олсон зүйл байв. 

Энэ үеэр авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж “Хороо” болон хорооны Засаг дарга нарын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Засаг төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахад тэдний үүрэг, оролцоо  чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцолсон юм. Хороодын дарга нар гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар Ерөнхий сайдад уламжиллаа. Үүнийг

Ялангуяа, алслагдсан гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийн уналтыг шийдвэрлэх, дахин төлөвлөлт, газар олголт, дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Мөн хороодод ажиллах хүний нөөц дутагдалтай, төрийн болон улс төрийн албан тушаалын ялгаа заагийг тодорхой болгох, цалин хангамж бага, нийгмийн асуудал  зэргийг хөндөөд эдгээрт анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Засгийн газраас нийслэлд шинээр байгуулж буй зургаан дэд төвд түшиглээд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэд төрийн үйлчилгээг эдгээр төвөөс авдаг байх, дэд төвүүдийн цэвэр, бохир усны шугам, авто зам, гүүр зэрэг дэд бүтцэд суурилж гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах зорилтыг тусгасан “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.

“Боомтын сэргэлт”-ийг Засгийн газраас хэрэгжүүлж өнгөрсөн нэг, хоёр жилийн хугацаанд үр дүн гаргаж чадсан. Үүн шиг гэр хорооллыг хөгжүүлэх, богино хугацаанд бодит үр дүн гаргах боломжтой. Ингэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүний нөөц, орон тоо, цалин хөлсний судалгаа зэргийг нарийвчилж гаргах шаардлагатай. Үүнд үндэслээд асуудал бүрийн шийдлийг тал талаас нь төлөвлөх байдлаар бодит үр дүн гаргах нь чухал гэлээ.

“Өглөөний уулзалт”-ын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” шинэ дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэй байхаар төлөвлөжээ.

Үүний нэг нь нийслэлийн гэр хорооллын хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “Сэлбэ” төв аж. Сүхбаатар дүүргийн 13, 14 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутагт 156 га газарт байгуулсан байна. Одоогоор “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 6.8 км авто зам, гурван гүүр, цэвэр, бохир усны шугам, 29 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн барилга, байгууламжийг төвлөрсөн дулаанд холбоод байгаа аж. “Сэлбэ” дэд төвийн дулааны станцыг 2021 онд ашиглалтад оруулсан байна.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.