С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг "БАНТАН" боллоо

242

С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг "БАНТАН" боллоо

 

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 2-нд С.Зориг агсны жижиг хөшөөнд хоёр бүлэг хүн цуглаж цэцэг өргөдөг болсоор олон жилийг үдэв.

Эхнийх нь анд нөхрөө хөнөөсөн этгээдийг олъё гэвч хүчин мөхөсдөн аргаа барсан журмын нөхөд, олдоосой хэмээн сэтгэлээ чилээсэн төрөл садан. Нөгөө нь бүрлээчийн нэрээр улс төр хийж, карьераа зузаалж, сонгуульд нэр дэвших “болзлоо” хангаж, олонд тодрох гэсэн бүлэг бэртэгчин буюу “жүжигчид”. С.Зориг энэ сарын 20-нд 61 нас хүрэх байлаа, ирэх намар бусдын гарт зэрлэгээр хөнөөгдөөд 25 оныг элээнэ. Бүхэл бүтэн 25 жил, тэр үед төрсөн хүүхэд өдгөө сургууль соёл дүүргэж, төр, хувьд ажиллаж, гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэж, эрийн цээнд хүрсэн яваа. Энэ завсар ардчиллын лидерийг хороосон этгээдүүд, түүний захиалагчдыг хэдэнтээ илрүүлж, хэдэнтээ яллаж, насаар нь шоронд хатаах бүрэн дүүрэн хугацаа өнгөрсөн.

Жил өнгөрөх тусам С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг амлалт бантангаас цааш зутан, түүнээс даваад жонхуу болсоор. С.Зоригийг жинхнээсээ таньж мэддэг журмын нөхөд нь хорвоогийн жамаар цөөрч, үлдсэн хэдийн нас талийж тамир доройтсоор.

Эхний үед гэрч Б.Булганы мэдүүлсэн ёсоор Бат, Оюун гэсэн нэр орсон эр, эм бүх хүний шахам үсийг шинжилж, гэмтний ясыг цайлгахаа амлаж байсан цагдаа, шүүх яалаа. Хэргийн учгийг мэддэг бүхэн энгийн, цагдаа, шүүхийн ялгаагүй, ямар нэг байдлаар амиа алдсаныг хэлдэг хүмүүс байсан. Хаанаас ямар нөлөөгөөр тэд цаг бусаар хорвоог орхив. Энэ тухай хэн ч дуугардаггүй. Дуугаръя гэвч бас тийм тавилан учирна гэхээс эмээдэг байж таарна. Анхнаасаа хэргийн халуун мөр дээр бөөн хүн орж туучдаг нь ямар учиртай юм. Журмын нөхрөө аймшигтайгаар алагдсанд гүн цочролд орсон байлаа ч хэргийн ул мөрийг баллаж болохгүй гэсэн болгоомж тэр хүмүүсийн ядаж хагаст төрөөгүй гэж үү. Энэ бол зөвхөн эхлэл.

Түүнээс хойш УИХ-ын сонгууль болох тоолонд С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж сүржин амласан болгоныг “Нэг нь эс гэхэд нөгөө нь илрүүлэх байгаа” хэмээн найдаж хөөрхий гэнэн сонгогчид хэчнээн ч удаа гишүүн болгож өгөв. Хамгийн анх ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөн ингэж амласан, гишүүн болоод мартсан. Түүнийг дараа дараагийн “амны бэлгэтэй” нэр дэвшигчид давтсан ч байдал дээрдээгүй. Итгэсэн сонгогчид шороо үмхээд хоцорсон.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван иргэнийг барьж, шүүж, тамлаж, эрүүдэж, дарамталж, ар гэрийнхнийг нь дээлтэй нь хатааж баахан элдэвлэж байгаад тавив. Ц.Амгаланбаатар бусдын хүчинд автсан уу, мансуурах бодис хэрэглүүлсэн үү, үнэн дүр нь ч юм уу, “С.Зориг агсныг гаднаас орж ирэхэд ийм байрлалаас ар, өврөөс нь ингэж ингэж хутгалсан” хэмээн камерын өмнө харуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж нэг үзсэн. Эрдэнэт үйлдвэртэй, түүний ерөнхий захирал агсантай холбож, дээрх гурван хүнийг Ш.Отгонбилэг агсан захиалсан болгож ч үзлээ. Хэргийг нуух гээд нэг айлыг хүүхэд шуухадтай нь шатаачихсан юм гэсэн яриа ч тарсан. Зарим нь болохоор цахилгаанаас болж тэр айл шатсан ч гэдэг.

Дээр үед нэг сэтгүүлч хэлж байсан юм. “Энэ Зориг нэг бодлын яасан үйлтэй хүн бэ. Тэр хэргээс болж хэчнээн найз нөхөд, хэчнээн ч гэмгүй хүн хардагдаж сэрдэгдэж тамаа цайв” гэж.

Улс төр орсон нь олон нийтэд нэгэнт ил болчихсон уг хэрэг өдгөө зүгээр л нэг нэгнээ дардаг хөзөр болжээ. Ялангуяа ээлжит сонгууль дөхөхөөр сэдэрдэг энэ хууч саяын хэдхэн хоногт улс даяар бужигнуулсан хаврын шороон шуургатай хавсран нэлээд хурцаар даамжрав.

Ойрд сураг алдраад байсан УИХ, Засгийн газрын гишүүн асан, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан Ц.Нямдорж олны өмнө гарч Б.Хурцыг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц Ц.Нямдоржийг тус тус том хөзрөөр дарахаар мэрийхийг бүгдээрээ харлаа. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирлоо нэхэмжлэх боломжтой”-г мэдээлж 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гарсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болсныг дуулгав. Нийслэлийн Прокурорын газар ч ийм мэдэгдэл хийсэн. Ахынхаа төрсөн өдрөөр Монголд ирсэн УИХ-ын гишүүн асан С.Оюун ч дээрх гурван хүнийг хэлмэгдэн шоронд орсон гэж үздэгээ дахин хэлж “Гурван жилийн өмнө уг хэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нууцаас гаргах тухай тогтоол баталсан ч бүрэн хэрэгжээгүй. Одоо энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой” гэж үздэгээ сэтгүүлчдэд дахин илэрхийллээ.

Юуны учир Монгол Улсын баатар болсон нь тодорхойгүй Э.Бат-Үүл өнгөрсөн жилүүдэд энэ хэрэгт гүтгэгдсэн нэр төрөө нэхэмжилж төрөөс 25 тэрбум төгрөг гаргуулж, түүгээрээ С.Зориг андынхаа нэрэмжит Академи  байгуулахаа мэдэгдэв. Нэг нэгээ харж чадахгүй, хэн нь Ардчилсан намын жинхэнэ дарга вэ гэдгээрээ уралдаж явсан С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар хамтдаа С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, Ардчилсан нам лидерийнхээ төрсөн өдрөөр эв зүйгээ олж нэгдсэнээ тунхагласан нь л энэ өдрийн ганц гэгээтэй мэдээ байв.

Ямар ч гэсэн Засгийн газрын хуралдаанаас хоёр өдрийн өмнө гарсан шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд ажлын хэсгийг ахлан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг гүйцээн шалгах ажлыг хийхээр болжээ. Энэ ажилд хамаг хүчээ зориулан үр дүнд хүргэж хэргийн үнэн мөнийг тогтоогоосой гэж олон хүн харж хүлээж байна. Эс тэгвээс 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх ээлжит нэгэн дуулиан болж бантангаас жонхуу болсон түүх үргэлжлэхээс хэтрэхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.