ХУУРАМЧ ДИПЛОМ АШИГЛАЖ ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАСАН ИРГЭНЭЭР ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭВ

307
Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 205/МА2023/00009
Шүүхийн шийдвэрийн тойм 3,

Шүүхийн шийдвэрийн төлөв. Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж.Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны улмаас цалин хөлс авч төрд 4,835,063 төгрөгний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
 
Хариуцагч А.А нь "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
 
 
Иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, улмаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар 4,835,063 төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч төрд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
 
 
Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох тул прокурорыг энэхүү хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
 
 
Иймд иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажилласны улмаас төрөөс хууль бусаар цалин хөлс 4,835,063 төгрөг авч, төрд хохирол учруурсан гэм буруутай байх тул уг хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэв.
 
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26778?daterange=2023-01-01%20-%202023-04-18&id=2&court_cat=1&bb=1
 
 
Тоймыг бэлтгэсэн. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.