УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Төмөр замын тухай хуульд эрх ашгаа шингээж амжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав.
Төмөр замын тээврийн тухай хууль гэхээр зөвхөн төмөр замчдад хамаарах хууль мэт санагдаж байгаа байх. Тийм биш. Энэ хууль бол төмөр замыг хэн өмчлөх вэ, төмөр замын дээгүүр явах тээврээс хэн ашиг олох вэ гэдгийг зохицуулах гол хууль юм. Ийм чухал хуулийг хэлэлцэж байхад тэнд эрх ашгаа шигтгэх гэж үзэх нь манай улстөрчдийн зан. Хууль хэлэлцэж эхлэв үү, үгүй юү эрх ашгаа шигтгэхээр санаархаж, тэр нь ч биеллээ олж яваа харагдана. Ялангуяа, төмөр замаар улс төр-бизнес хөөсөн Б.Дэлгэрсайхан гишүүний эрх ашиг энэ хуулийн төслөөр хөндөгдлөө.
Б.Дэлгэрсайхан гишүүний эзэмшлийн Монголиан транс ложистик ХХК, Монголиан транс лайн ХХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан. Ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессыг 20 жил эзэмшихээр болсон юм. Гэтэл УИХ-д орж ирсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн 24.3-т "Төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг түншлэлийн гэрээнд тусгасан байна" гэж заасан нь Б.Дэлгэрсайхан гишүүнд хангалтгүй санагджээ.
Тэрээр хэлэхдээ "Гэрээ бол гэрээ л байдаг. Хуульдаа үүнийг тодорхой зааж өгөхгүй бол төмөр замын дэд бүтэц дээр хөрөнгө оруулах хүн орж ирэхгүй. Уг нь төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байна гэж оруулж ирсэн нь зөв. Гэхдээ 24.3 дахь заалт дээр нэмээд "Нийтийн зориулалттай төмөр замын суурь бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьсан тохиолдолд төрийн өмчлөлд шилжүүлэх хүртэлх хугацаанд хувийн хэвшлийн түншлэгч нь суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхэлж болно" гэж оруулах хэрэгтэй. Ингэж байж дэд бүтэц хийх компани, гадна дотнын хөрөнгө оруулагч орж ирнэ. Суурь бүтцийг би эзэмших юм байна, тэгээд тээвэрлэгч нь тусдаа компани байх юм байна гэвэл хэн ч орж ирэхгүй. Хуульдаа энэ талаар тусгаж байж хөрөнгө оруулагч татаж чадна" гэв.
Б.Дэлгэрсайханы гишүүн манай компани зам барьсан учир хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа хиймээр байна гэсэн агуулгыг далдаар илэрхийлэв. Түүний хэлсэн суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэгчийн үйл ажиллагаа гэх хоёр зүйл нь төмөр замаар ашиг хийх хамгийн үндсэн хоёр бүтэц. Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсноор тус төмөр замаар явах вагон хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг шийднэ. Тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болсноор тухайн төмөр замаар зорчигч, ачаа тээш, тусгай тээвэр хийх зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх юм. Өөрөөр хэлбэл, Б.Дэлгэрсайхан гишүүний компани манай замыг ашиглалаа гэж төлбөр авна, нэмээд тээвэр хийж ашиг олно. Өнөөдөр Л.Дэлгэрсайхан гишүүний хамаарал бүхий компаниуд хамгийн олон тээврийн вагонтой учраас ингэж чичрэх нь аргагүй. Дээр нь барьсан төмөр замынхаа тоглоомын дүрмийг өөрсдөө зохионо, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг санааг давхар шингээнэ.
Б.Дэлгэрсайхан гишүүний тавьсан асуудлын хариуд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүн "Бид хувийн хэвшлээ хамгаалах ёстой. Миний барьдаг гол зарчим энэ. Концессын гэрээний дагуу тодорхой хэмжээний зохицуулалт хийнэ гэдэг зөв. Гэхдээ зарчим гэж зүйлийг бид бодох ёстой. Нэртэйгээр нь давуу эрх олгоно гээд биччихье л дээ. Та сандрах хэрэггүй. Бүү сандар. УИХ-ын дарга энэ хуулийн төслийг гүйцээн боловсруулах удирдамж өгсөн. Үүнийг гүйцээн боловсруулаад оруулаад ирье. Баталгаажуулах гээд л араас нь мэрийгээд, чармайгаад, хичээгээд явчих юм. Зарчмыг нь ойлгож байна" гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө хамаарал бүхий компанийн эрх ашгийг хамгаалах, түүнийгээ хуульд шигтгэх нь ёс зүйн хувьд байж болох асуудал мөн үү гэдэг үүгээр хөндөгдөж байна.
https://itoim.mn/a/2023/04/06/analyze/eqt