Эрчим хүчээ яах вэ?

239

Эрчим хүчээ яах вэ?

 

Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа нөлөөлж байна гэдэг дээр үндэслэн байгалийн гаралтай шатдаг түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүрээс татгалзаж ногоон эрчим хүчинд шилжих нь дэлхийн эрчим хүчний хөгжлийн гол чиг хандлага болоод байгаа билээ.
Ногоон эрчим хүч гэдэгт нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчийг голчлон тооцдог байсан бол Европын холбоо өнгөрөгч оноос цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчний ангилалд оруулж сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр эрчим хүчний салбарт хувьсгалт өөрчлөлт хийгдэнэ гэсэн сэдлээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт энэ салбар луу чиглэх эхлэлийг тавиад байна.
Энэ чиглэлд Америк, Хятад, Энэтхэг тэргүүтэй эрчим хүчний аварга хэрэглэгчид Япон, Солонгос болон Арабын хөгжингүй орнууд нэгдсэнээр өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна. Монгол улс нэгэнтээ уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэлэлцээрүүдэд нэгдэн орж хүлэмжийн хийн ялгарлаа тодорхой хэмжээгээр бууруулах хугацаа, тоо хэмжээ заасан үүрэг амлалт авсан орны хувьд дээрх чиг хандлагад өөрт ашигтай байдлаар нэгдэн үсрэнгүй хөгжлийнхөө үе шатанд ороод буй энэ салбарын шинэ техник технологийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжуулан авч хүн ардаа эрчим хүчээр найдвартай хангах, утаа болон орчны бохирдлын тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэх нөхцөл бүрдээд байна. 
Гэхдээ эрчим хүчний дотоод зах зээлээ чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгааг бий болгож чадаагүй тохиолдолд дээрх боломж нь хоосон үлгэр болох нь ойлгомжтой.
Монгол улс нь 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталж, 2015 болон 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэр, журмаар зохицуулан “алсан хараа 2050”, “шинэ сэргэлт” гэх бодлогын баримт бичгүүддээ тусган сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байна гэж байгаа боловч амьдрал дээр тунхаглалын чанартай явж ирлээ.  Өнөөдөр Монголын эрчим хүчний салбарыг бүхэлд нь авч үзвэл алдагдалтай ажиллах хэмжээнд үнийн хатуу бодлогоор барьж, үлэмж хэмжээний татаасыг шууд болон шууд бусаар олгож зах зээлийн зарчмаар өөрөө өөрийгөө авч явах чадамжгүй болтол нь туйлдуулсан үе үеийн Засгийн газрын тэсэж үлдэх, сонгуульд ялагдахгүй байх гэсэн өнөө маргаашаа бодсон популист харалган бодлогын золиос болоод байна. Хэрэв тухайн үед нь ард түмнийхээ хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, унаа тээвэр, харилцаа холбоо, орон сууцны хангамжийн асуудлыг зах зээлийн үнэ тариф, чөлөөт өрсөлдөөний зарчмаар тодорхой хэмжээнд шийдэж ирсний адилаар эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлсөн бол өнөөдөр энэ салбарт шинэ техник технологи, хөрөнгө оруулалт орж ирэлгүй гадны улсаас хараат байдалтай, онд хэрхэн орох тухай сүр бадруулан ярьцгааж, 5 дугаар станц, таван толгойн станц өдий болтол баригдаж чадаагүйн буруутныг хайн хөлөө жийлцэж байхгүйсэн.
Олон улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэн өрсөлдөх чадвартай болгож хөл дээр нь босгосон гол зарчим нь хүлэмжийн хий ялгаруулдаг үйлдвэрүүдээс нэмэлт татвар авч “ногоон сан“ бүрдүүлэн Засгийн газар, байгууллага, хувь хүмүүсийн дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлын эсрэг үйл ажиллагаанд зориулсан хандивыг уг санд төвлөрүүлэх замаар санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж ирсэн явдал юм.
Дараачийн үе шатанд нь зарим улс орон дэмжих (ногоон) тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг ба уг тариф нь ил тод нээлттэй байж, хэрэглэгчид нь цаг уурын өөрчлөлт (дэлхийн дулаарал)-ийн эсрэг өөрийн хувь нэмрийг оруулж байна гэсэн сэтгэлээр хандан тэдний зүгээс дэмжлэг хүлээж байдаг байна. Манай орны тухайд 2007 онд баталсан сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах тухай 5 дугаар бүлгийг 2015 онд хүчингүй болгоод, уг хуулийн 11 дүгээр зүйл УИХ-ын Байнгын хорооны тогтоолыг үндэслэн эрчим хүчний зохицуулах хорооноос “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж тариф”-ийг айл өрхөд 29.79 төг/кВт.ц-аар тогтоон хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь өрхийн цахилгааны төлбөрийг 20 орчим хувиар нэмэгдүүлэв. 
 
Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг бий болгосон нь зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөний талаасаа зөв зүйтэй боловч ганц энэ алхмыг дангаар нь хэрэгжүүлснээр дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж ирсэн дээрх зарчмыг монголд эсрэгээр нь хэрэгжүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого төдий зүйл болж хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй гэсэн базаахгүй шошгоосоо ч Засгийн газар салж чадсангүй. Нэмэгдэж орсон орлого нь бүхэлдээ алдагдалтай ажилладаг салбарт нөхөөс төдийхөн үүрэг гүйцэтгэжиргэдийн дунд сэргээгдэх эрчим хүчний нэр хүндийг унагахаас хэтэрсэнгүй.  21-р зууны эхний 10 жилд Хойд америкт хөгжиж эхэлсэн нүүрсний давхаргын мятан хийн олборлолтын болон занарыг боловсруулж шатдаг хий, шингэн түлш гаргах, хийг шингэрүүлэн зөөвөрлөх технологийн хөгжил дэвшил нь ОХУ, Арабын орнууд зэрэг нефт, байгалийн хийн нөөцийн гол эзэмшигчдийн зах зээл дээрх тоглогчийн байр суурийг ганхуулснаар дэлхий нийтийг хамарсан зөрчил мөргөлдөөнд одоо хүрээд байна. Цаашид устөрөгчийн технологи хөгжсөнөөр улс орны хөгжил дэвшилд ногоон эрчим хүчний нийлбэр нөөц голлох хүчин зүйл болох ирээдүй харагдаж байна. 
Манай өмнөд хөрш БНХАУ болон Зүүн Азийн орнуудын эрчим хүчний асар их хэрэглээ, цаашид өсөх хандлага мөн манай орны ногоон эрчим хүчний их үүсвэрийн нийлбэр нөөцийн хэмжээг тооцоолж үзвэл ногоон эрчим хүч рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын энэ их урсгалын нэгээхэн хэсгийг монголд татаж эрчим хүчний бүс нутгийн хэмжээний тоглогчийн байр сууринд очих далайцтай, амбицтай зорилтыг тавихад ч боломжгүй гэх явдал үгүй юм. 
Хэрэв манайд эрчим хүчний салбарын лебиралчлалыг зүй зохистой шийдвэрлэж чадвал эрчим хүчний үнэ тариф 25 орчим хувиар нэмэгдэн олон улсын түвшинд очиж тогтворжих бөгөөд салбар маань олон улсын хэмжээнд ч дотоодын зах зээл дээрээ ч өрсөлдөх чадвартай болж техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудал нь зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа шийдвэрлэгдэх боломжтойг харуулсан судалгааг мэргэжлийн байгууллага хийсэн байдаг. Энэхүү өөрчлөлтийг цаг алдалгүй шуурхай эхлүүлэхийн зэрэгцээ хүн амын орлого багатай хэсэгт засгийн газар анхаарлаа хандуулж тэдэнд шууд хандсан халамжийн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрчим хүчний хараат байдлаасаа гарч экспортлогч орон болох бүрэн боломж байна. Ингэсэн цагт ард иргэдээ найдвартай, хямд эрчим хүчээр хангаж, агаар, орчны бохирдлоо ч зүй зохистой шийдвэрлэн хэдэн их наядаар нь утаанд үр дүнгүй зарцуулан хэрэлдэцгээж суухгүй болох юм.
 
 
Р.Бадамдамдин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.