Арилжааны банкуудад ипотекийн зээлийн хүсэлт ихээр ирж, зээл шийдэх хугацаа удааширчээ

289


Монголын нөхцөлд тогтмол орлоготой гэр бүл байртай болох боломж хомс байдаг. Энэ боломжийг ипотекийн зээл олгодог гэхэд хилсдэхгүй.  Жил ирэх тусам зээлээр байртай болох хүсэлтэй иргэдийн тоо өссөөр байгаа. Гэвч цар тахлын хүндхэн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багассан. Мөн зарим банк зээлийн хүсэлт авахгүй байсан. Тэгвэл он гарсаар энэ асуудлууд шийдэгдэж, зээл олголт хэвийн явагдана гэж Монголбанк оны өмнө мэдэгдсэн.

        Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкууд хамтран гаргадаг. 2017 оноос эхлэн өмнө олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлдэг болсон билээ. Засгийн газрын шийдвэрэр ипотекийн зээлийн хүүг  2020 онд зургаан  хувь болгож бууруулсан. Мөн коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан. Уг хууль энэ онд дуусгавар болж, иргэд ипотекийн зээлээ эргэн төлж эхэлсэн.  Ингэснээр ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, хүлээж байсан иргэд зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Хоёр  жилийн хугацаанд бөөгнөрсөн зээлийн хүсэлтүүд арилжааны банканд ачаалал үүсгэж, зээл шийдэх хугацааг удаашруулж байгаа аж.
            Хаан банк болон Төрийн банк ипотекийн зээлийн шаардлага хангасан, материалуудыг хүлээн авч, аль болох түргэн хугацаанд шийдвэрлэж байгаа гэлээ. Гэхдээ хамгийн хурдан хугацаа хоёр сараас дээш гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Харин Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк дотоод зохицуулалтаас шалтгаалж зээлийн хүсэлтийг авч байна гэлээ.
Барилга хот байгуулалтын яамнаас 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан гэх мэдээллийг өглөө.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэр хэмжээнд төлөгдөж байгаа. Дараагийн зээл авахаар хүлээж буй иргэдэд зээл олгох боломж бүрдсэн эсэх талаар тодрууллаа.
          Тэрбээр “УИХ-аас  2020 оны дөрөвдүгээр сард “Цар тахлын тухай” хуулийг баталсан. Уг хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпораци /МИК/ болон арилжааны банкнуудаас хөнгөлттэй хүүтэй ипотекийн зээлийн төлбөрийн таван удаа хойшлуулсан. Хамгийн сүүлийн төлбөр хойшлуулалтад 63 мянган зээлдэгч хамрагдсан. Цар тахлын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болсон. Тиймээс эдгээр зээлдэгчид өөрийн хэрэглэдэг банктай хийсэн, гэрээний дагуу төлөлтүүдээ хийгээд явна.  
          Ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үедээ ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийгддэг. 2023 онд зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж эхэлсэнтэй холбогдуулан  ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой болсон. Өнгөрсөн онд Монголбанк банкны эх үүсвэрээр нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 7850 орчим зээлдэгчид олгосон.  Харин 2021 онд нэг их наяд төгрөгийн зээлийг 13 мянган зээлдэгчид олгож байв. Үүнээс харахад 2022 онд өмнөх оны мөн үеэс буурсан нь ажиглагдана. УИХ-аас 2023 онд Мөнгөний бодлогын баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Мөн энэ оны эхний хагаст багтан ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Монголбанкнаас Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, хэрхэн Засгийн газарт шилжүүлэх талаар хэлэлцэж байгаа” гэв.
    Тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулав. Дээрх зээлдэгчид нийт 978.4 орчим тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна. 
Ипотекийн зээл олголт:
 
Иргэн Н.Гансум: Манай гэр бүл 2015 онд найман хувийн ипотекийн зээлд хамрагдсан. 2020 оноос өмнө зээл авсан иргэд зургаан хувьд хамрагдах боломжгүй учир найман хувиараа зээлийн эргэн төлөлтөө хийж байна. Цар тахлын үед зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, энэ сараас төлж эхэлсэн. Манайх сард 711 мянган төгрөг төлөх хуваарьтай байдаг. Хэрвээ 6% руу шилжвэл эргэн төлөх дүн нь багасаж, зөвхөн хүүгээс 110 мянган төгрөг хэмнэх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөө төлж эхэлснээр өрхийн орлого мэдэгдэхүйц хүчтэй нөлөөлж байна. Инфляц өссөн холбоотой сарын орлого хаанаа ч хүрэхгүй. Би сард нэг сая 200 мянган төгрөгийн орлог олдог. Өмнө жилүүдэд үүнээсээ ипотекийн зээлээ төлөөд, үлдсэн нь сарын хэрэглээнд хүрдэг байсан. Жишээ цахилгаан ашиглалтын төлбөр 35 мянга гардаг байсан бол одоо 50-55  мянга хооронд гардаг болсон. Мөн цалингаас авах татварын хэмжээ нэмэгдсэн.
Иргэн Ж.Зул: 2021 оноос хойш ипотекийн зээлд хамрагдах гээд чадаагүй л явна. Өмнө жилүүдэд банкууд зээлийн эргэн төлөлт сул, санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар зээлийн материалыг минь хүлээж авахгүй байсан. 2023 он гарснаар ипотекийн зээл хэвийн явж эхэлсэнд маш их баяртай байна. Өнгөрсөн долоо хоногт Хаан банкны зээлийн шаардлагын дагуу бүх материалаа бүрдүүлж өгсөн. Зээлийн мэргэжилтэн нягтлаад, 1-2 сарын дотор хариу өгнө гэсэн. Хэдий удаан хугацаа ч шийдэгдээд, өөрийн гэсэн байртай болоод, тохижуулаад орвол сайхан шүү дээ. Зээл минь бүтээсэй гэж залбираад л байж байна.
Зээл авсан иргэдийн тоо:
          Тэгвэл энэ тухай Монголын ипотекийн корпорацийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Батхишигээс тодруулахад, “Цар тахлын нөлөөгөөр ипотекийн зээлийг таван удаа хойшлуулсан. Энэ оны эхнээс хуваарийн дагуу иргэд зээлээ төлж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлтийн дагуу санхүүжих учраас дараагийн сараас ипотекийн зээл олголт хэвийн болно. МИК нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Зээлийн төлөлтийн тайлан, мэдээ нь дараа сарын эхэнд гарч нэгтгэгдэн Монголбанканд хүргэгддэг. Энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Банкуудад өнгөрсөн хугацаанд хүсэлтүүд их ирсэн, дарааллын дагуу шийдэж явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлийн эргэн төлөлтөөр сард дунджаар 40 орчим тэрбум төгрөг төлөгдөх тооцоо гарсан” гэлээ.
           Тэгвэл ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдснээр, орон сууцны борлуулалт сайжирна. Харин үүнийг даган үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсөх магадалтай гэж мэргэжилтнүүд  гэж дүгнэж байгаа аж.

https://ergelt.mn/news/20/single/30381
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.