С.Эрдэнэ: Албан ёсны АН-ын даргын сунгааг зарлана, би өрсөлдөхгүй
С.Эрдэнийн талын Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж байна. Тэд Улсны дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын тамга тэмдийг эзэмшиж байгаагаа илэрхийлж, намын даргын сунгааг зарлана гэдгээ мэдэгдэв.
Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ын Үндэсний бодлогоо хороо хуралдаж байна. Бид хуралдаанаар 16-р Их хурлын товыг тогтооно. Мөн АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын даргын сунгааг зарлана. Эцсийн товыг ҮБХ тогтооно. Намын даргын сунгааг зарлах зайлшгүй шаардлага үүсээд байна. Сүүлийн үед АН-ын нэрийг барьж, Үндсэн дүрэм журмыг ноцтой зөрчин, дур мэдэн аашилж байгаа үйл ажиллагаа нэлээд газар авах хандлагатай байна. Хууль ёсоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тамга тэмдэгтэй АН өнөөдөр албан ёсоор Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, эндээс намын даргын сунгааг албан ёсоор зарлах шийдвэрт хүрсэн. Үнэхээр л АН-ын удирдлага, намын үйл ажиллагаанд санаа тавьж байгаа бол энэ боломжийг ашиглаад бүгд сунгаанд оролцох эрхтэй, үүрэгтэй. Тиймээс өнөөдөр АН-ын даргын сунгааг зарлана. Сунгаагаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг намын даргаар сонгогдсон тооцож, бус 16-р Их хурлаар баталж, хуулийн дагуу Улсын дээд шүүхэд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Дараа нь асуултад хариулав.
-УИХ дахь АН-ын бүлгээс АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулж, намын даргаараа Л.Гантөмөр гэдэг хүнийг сонгосон. Одоо Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажил явж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад даргын сунгаа болно гэсэн үг үү?
-УИХ дахь АН-ын бүлэг чинь Ардчилсан намаас байгуулагддаг бүтцийн байгууллага болохоос биш бүлэг нь намын үйл ажиллагааг дур мэдэн удирдах байгууллага биш. УИХ-ын тухай хуулийн 31.1-д тухайн УИХ-ын сонгуульд найм ба түүнээс дээш санал авсан нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулж болно гэж заасан. Бас болохгүй ч байж болно гэсэн үг. АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон хүмүүс. Тэд нараар дамжиж АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих учиртай. Харин нам удирдах эрхгүй, тийм чадамжгүй юм.
Өмнө нь бүлгийн гишүүд АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг зарлаж, дотоод сонгууль явуулсан ч дүрмийн бус гээд хүчингүй болсон. Өнөөдөр хууль ёсны нам шийдвэрээ гаргах гэж байна. Энэ бол хэнтэй ч үл маргах хуулиар олгогдсон эрх юм. Энэ хүрээнд асуудлаа шийднэ. Улсын дээд шүүх бүлгээс зохион байгуулсан намын даргыг бүртгэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Нэгд, хууль ёсны тамга хаана байна. Хоёрт, улсын бүртгэлийн гэрчилгээ хаана байна. Гуравт, эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Дээд шүүхийн тогтоол шийдвэр хаана хэнд байгаагаас бүх зүйл хамаарч, шийдэгдэнэ.
-Л.Гантөмөртэй та уулзсан уу?
-Уулзсан. Наад хууль бус зүйлээ зогсоогоорой л гэж хэлсэн. Л.Гантөмөр өнөөдөр зарлах АН-ын даргын сунгаанд оролцох эрх нь нээлттэй шүү дээ. Ямар ч хаалт, цензур байхгүй, бүгдэд нээлттэй.
-Та өөрөө намын даргын сунгаанд өрсөлдөх үү?
-Би өнөөдөр намын дарга байгаа. Мөн намын даргын сунгааг зарлах тушаалаа гаргаж байна. Тэгэхээр өөрөө тушаал гаргачихаад өөрөө өрсөлдөх нь утгагүй шүү дээ. Тиймээс би намын даргад нэр дэвшихгүй, сунгаанд оролцохгүй
https://itoim.mn/a/2023/01/25/political-parties/cpo