Хуучин хүн, шинэ залгамжлагч Чинь Ган

286

Хуучин хүн, шинэ залгамжлагч Чинь Ган

 

Хаврын баяр цагаан сараа өргөн тэмдэглэж байгаа Өмнөд хөршид шинэ оны өмнөхөн нэгэн анхаарал татсан томилгоо болсон нь БНХАУ-ыг дэлхий дахинаа төлөөлөх Гадаад хэргийн шинэ сайд Чинь Ган байлаа. Танхимын сайд нар дотроосоо хамгийн залууд тооцогдож байгаа түүний хувьд өмнө нь Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан учир Ван даргын залгамжлагч болсон нь тийм ч гайхах асуудал биш юм. 

 

Танхимынхаа хамгийн залуу сайд

 

Хятадын Гадаад хэргийн сайд асан, олон улсад өндрөөр үнэлэгддэг Ван И сайдын залгамжлагч тэрээр энэ яамны угшилтай. Ирэх гуравдугаар сард 57 нас хүрэх энэ эрхэм Хятадын төрийн өндөр албан тушаалтнууд дотроос хамгийн залуу бөгөөд өндөр рейтингтэй улс төрч, дипломат хэмээн олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна. 
БНХАУ-ын хувьд 12 дахь Гадаад харилцааны сайдаар томилогдсон тэрээр 1966 онд Хэбэй мужийн Тяньжин хотноо төржээ. 1988 онд Бээжингийн Үндэсний их сургуулийг хуульч, олон улсын улстөрч мэргэжлээр төгссөн бөгөөд Гадаад хэргийн яамны ажлаа атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаас эхэлж, дэд сайд, Мэдээлэл харилцааны газарт захирал, мөн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. 

 

АНУ, Их Британид БНХАУ-ыг төлөөлж байв

 

Намтраас нь харахад БНХАУ-ын шинэ Гадаад Хэргийн сайд Ази гэхээсээ илүү Европ тийш илүү анхаарал хандуулахаар гэж хэлж болно. 1992 онд Баруун Европыг хариуцсан газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн тэрээр Их Британи, АНУ-д улсаа төлөөлөн ажиллаж байв. 1995-2005 онд Их Британи дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд Нарийн бичиг, консул, 2021 оны зургадугаар сараас АНУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. 
АНУ-д БНХАУ-г төлөөлөн ажиллаж байхдаа Тайванийн маргаантай асуудалд гал намжаах хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.  Гэвч Элчин сайдаар ажилласнаасаа хойш жил хагасын дараа ийнхүү Гадаад хэргийн сайд болон дэвшиж байгаа нь олон улсын анхааралд ороод байгаа юм.
Ямартай ч өмнөд хөршийн хувьд Гадаад харилцааны шинэ сайдтай болсон нь мөнхийн хөрш манай улсын хувьд анхаарал хандуулах онцгой сэдвийн нэг яах аргагүй мөн. Тиймээс ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүнийг сайд болсны дараа утсаар холбогдон баяр хүргэж, хоёр орны харилцааны талаар санал солилцсон байна. 
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг урагшлуулах талаар ярилцаж, стратегийн түншлэлийн хэмжээнд хэрэгжүүлэх гол бодлогуудад анхаарал хандуулахаар болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.