Ж.Ганбат: Бид “Эрдэнэс Таван толгой” -гоос 4.2 тэрбум ам.доллар илүү олох боломжоо алдсан

272

Засгийн газраас нүүрсний хулгайг таслан зогсоох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-нд  “Эрдэнэс Таван толгой”  ХК-нд “Бүрэн эрхэт төлөөлөгч” /БЭТ/ томилж ажиллуулсан. БЭТ Ж.Ганбат өчигдөр /2022.12.29/ өдөр сэтгүүлчдэд Засгийн  газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тээврийн зардлыг бууруулж экспортыг нэмэгдүүллээ
10 дугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэлх хоёр сарын хугацаанд тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороонд асуудал тавьж нүүрс тээврийн квотыг нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан аж. Мөн онцгой дэглэм тогтоохоос өмнө олборлолт сард дунджаар 0.7 сая тонн байсныг 2.6 дахин нэмэгдүүлж 1.9 сая тоннд хүргэсэн байна. Тодруулбал, БЭТ томилогдон очсон хоёр сарын хугацаанд экспорт  болон тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж дөрвөн  сая тонн нүүрс борлуулжээ. Ингэснээр Төв банкинд 410 сая ам.долларыг төвлөрүүлээд байгаа аж. Ирэх жилээс гол нугалаа үүсээд буй тээвэрлэлтийн зардлыг хоёр дахин бууруулж, нээлттэй тендер зарлан явуулна. Мөн нүүрсээ амны үнээр бус хил үнээр биржээр дамжуулан арилжах юм байна. Ингэснээр  улс 36 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсний 23 сая тонныг нь “ЭТТ” компани экспортлох боломжтой гэж үзжээ. Бүр тодруулбал,  Засгийн газрын 362 дугаар тогтоолоор ашигт малтмал олборлох, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг хилийн үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэхээр тусгасан. Тус тогтоолыг  хэрэгжүүлэх үүднээс  2023 оноос  “Нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах” төсөл арга хэмжээний үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.7, Сангийн сайдын 2017 оны “Ерөнхий гэрээ байгуулах журам”-д тус тус заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зарласан. Үүгээр тээврийн үйл ажиллагааг зохицуулахаар болжээ.   
Нүүрсээ бид хил нөхцөлөөр борлуулсан бол 4.2 тэрбум орчим ам.долларын борлуулалт нэмж олох боломжтой байсан. Тодруулбал, 2011 оноос хойш 2022 оны 11 дүгээр сарын 30 хүртэл 4.9 сая   ам.доллар нүүрс борлуулжээ. Тэгвэл  энэ хугацаанд хил нөхцлөөр борлуулсан бол 9.1 сая ам долларын нүүрс борлуулах боломжтой байжээ. Үүний зөрүү нь 4.2 тэрбум орчим ам.доллар гэсэн үг.
Худалдан авагчдад өгөх өрийг 206 сая ам.доллар бууруулжээ
Түүнчлэн 500.0 сая ам.доллароос багагүй орлогыг төвлөрүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс зөвхөн БЭТ томилогдсоноос хойш 5.5 сая тонн нүүрс ачуулж 495.1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ. Түүнчлэн худалдан авагчдад төлөх өр төлбөрийг бууруулж ажилласан байна. Нийт 603 сая ам.долларын өрийг 206 сая ам.доллараар бууруулж одоогооор 397 сая ам. долларын үлдэгдэлтэй байгаа аж.
Нүүрсийг биржээр арилжиж, хил нөхцөлөөр борлуулна
Цаашид Засгийн газрын 362, 466 дугаар тогтоолоор нүүрсийг хил нөхцөлөөр болон биржээр борлуулна. Ингэснээр үнэ өсч борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ тээврийн зардлыг зохистой түвшинд байлгах аж. Мөн ил тод нээлттэй арилжихын хэрээр зах зээлийн бодит үнэ тогтож бүтээгдэхүүний стандарт болон бодит гэрээний хэрэгжилт хангагдана гэж тооцож байна. Түүнчлэн валютын нөөц өснө, төсөвт төлөх татвар нэмэгдэнэ. Эдгээр нь төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана хэмээн БЭТ Ж.Ганбат ярив.
Эрэлтээс давсан тээвэрлэлт асуудал үүсгэж байна  
Одоогоор эрэлтээс давсан нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо их байгаа нь урт болон богины тээвэрт асуудал үүсгээд байгаа. Хэрэв бид биржээр амнаас шууд нүүрсээ хилийн нөхцөлөөр борлуулж эхэлбэл энэ олон тээврийн автомашин хумигдаж эрэлтээ дагасан оновчтой тээвэрлэлт бий  болно. Одоогоор С зөвшөөрөлтэй 7000, С зөвшөөрөл авахаар хүлээж буй 4000 тээврийн хэрэгсэл байна. Нийт 22 мянган нүүрс тээврийн автомашин байна. Гэтэл одоогийн нөхцөлд  үүний 11 мянган тээврийн хэрэгслийг л  ашиглах боломжтой. Тэгсэн хэрнээ уртын тээвэрт машин дутагдалтай байсан. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл уртын тээврийн ашиг бага богиных нь ашигтай учраас тэр. Тиймээс энэ байдлыг оновчтой зөв зохион байгуулалтын менежмент хийж  засах шаардлага үүсэн гэж БЭТ онцолж байв. Цаашид хилийн гарцуудыг  төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орсноор одоогийн авто машинаар  тээвэрлэх үйл ажиллагаа зогсож “Цагаан хад “-ын Гаалийн хяналтын бүс татан буугдаж амнаас ачсан нүүрсийг дахин буулгаж пүүлэх ажил зогсоно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.